Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2015.02.04/ хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг хийсний дараа хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгийн саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.
Санал хураалтын явцад гишүүд, хуулийн төсөлд “Чөлөөт бүсэд худалдаалж байгаа стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн үндэсний эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тохиолдолд тухайн бүтээгдэхүүнд Засгийн газраас хязгаарлалт тогтоож болно” гэсэн заалт нэмэх нь тийм ч оновчтой биш санаа гэж үзсэн тул ажлын хэсэг уг саналаа татан авсан.
Чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг 60 хүртэл жилийн хугацаатай олгох бөгөөд түүнийг нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болохоор тусгасан заалт олонхын дэмжлэг авсан юм. Харин чөлөөт бүсэд үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйлдвэрлэл эхэлсэн өдрөөс эхлэн чөлөөт бүсэд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс 100 хувиар чөлөөлнө гэсэн заалт дэмжлэг авсангүй.
Түүнчлэн “Энэ хуулийн 19.1-д заасан орлогын тодорхой хувийг чөлөөт бүсийг хөгжүүлэх, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор ашиглана”, “Чөлөөт бүс дэх төрийн үйлчилгээ нь худалдаа, татварын харилцаа, бизнес, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх цахим нэг цонхны үйлчилгээнд суурилна” зэрэг саналууд гишүүдийн дэмжлэгийг авсан.
Гишүүд чөлөөт бүсэд визгүй зорчих асуудал, мөн бүсэд төлбөрт таавар, бооцоот тоглоомын төрлийн үйл ажиллагаа явуулах асуудал, чөлөөт бүсийн харуул хамгаалалтын үүргийг ямар байгууллага гүйцэтгэх талаар нэлээд нухацтай ярилцсан. Ийнхүү хэлэлцэн санал хураалт явуулж дуусан байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Энэ асуудлын дараа “Түлш, эрчим хүчний салбарын талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг шалгасан дүнг хэлэлцлээ.
Тогтоолын хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч А.Тлейхан шалгалтын дүн болоод УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулав. Ажлын хэсэгт Ц.Баярсайхан, Ц.Даваасүрэн, Д.Сумьяабазар, Д.Зоригт нарын гишүүд орж ажилласан бөгөөд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж, Дархан-уул аймагт ажиллан, өжлын хэсэг нийт зургаан удаа хуралдсан байна.
Ажлын хэсэг УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоол хэрэгжсэнээр түлш, эрчим хүчний салбарт үр өгөөжөө өгч, салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж иржээ хэмээн дүгнэсэн байна.
Уг дүгнэлтэд, тогтоол батлагдахаас өмнө компаниуд гадаад улс орон, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд авсан зээл, зээлийн хүүгээ валютаар төлдөг байсан бол тогтоол хэрэгжиж эхэлснээр дамжуулан зээлдүүлэх гэрээгээ анх зээл авсан тухайн үеийн ханшаар төгрөгт шилжүүлэн ханшны өсөлтөөс хамааралгүй болгож, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлснийг дурджээ.
Түүнчлэн төвийн эрчим хүчний компаниудад улсын төсвөөс татаас олгосноор өмнө хуримтлагдсан нүүрсний өр төлбөрөө төлж барагдуулсан бөгөөд улмаар нүүрсний уурхайнуудын санхүүгийн чадамж дээшилж, техник, технологийн шинэчлэлт хийх таатаай боломж бүрдсэн хэмээн дүгнэжээ.
Эрчим хүчний салбарт 2011-2014 онд нийт 532.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд жилд ойролцоогоор 133.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ. Үүнээс эрчим хүчний салбарын компаниудад насжилт өндөртэй тоноглолуудыг шинэчлэхэд 2011-2014 онд нийт 223.4 тэрбум төгрөгийг зарцуулсан талаар дүгнэлтэд тусгажээ.
Харин эрчим хүчний тарифыг бодит өртөгт хүргэх, компанийн санхүүгийн хувьд бие даасан байдлаар ажиллах, хэрэглэгчдэд чадлын тарифыг мөрдүүлж ажиллах хүрээнд тодорхой ажлууд хийгдсэн боловч эрчим хүчний компаниудыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх үйл явцыг эрчимжүүлж, менежментийг сайжруулах зарим заалтын хэрэгжилт удаашралтай байна гэж ажлын хэсэг үзсэн байна. Тиймээс УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан ажээ.
Уг тогтоолын төсөлд Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хангамжийг сайжруулах зорилгоор хотын 5 дугаар цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг шуурхайлах, бага өртөг зардлаар цахилгаан үйлдвэрлэхийн тулд Багануур болон бусад уурхайн дэргэд эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж бий болгох, цаашид эрчим хүч экспортлох, түүнд шаардлагатай шугам сүлжээг бий болгох, эрчим хүчний салбарын менежментийг сайжруулах, зах зээлийн загварыг боловсронгуй болгох талаар тусгажээ.
Түүнчлэн Дулааны гуравдугаар цахилгаан станцын болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөл, эрчим хүчний шинээр эхлэх буюу шинэтгэлийн төсөл арга хэмжээнд Хөгжлийн банкны гүүрэн санхүүжилтийн механизмыг хэрэгжүүлэх талаар тусгасан байна.
Гишүүд дээр саналуудыг дэмжсэн бөгөөд Хөгжлийн банкны гүүрэн санхүүжилтийн механизмыг зөвхөн Дулааны гуравдугаар цахилгаан станцын болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөлд бус Багануур, Шивээ-Овоогийн уурхайн шинэчлэхэд ч мөн ашиглах нь зүйтэй гэсэн байр суурьтай байсан.
Гишүүд мөн эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, үнэ тарифыг бодит өртөг зардалд хүрэхүйц хэмжээнд тогтоож, гадаад, дотоод хөрөнгө оруулагчдыг татах таатай орчныг бий болгохоор тусгасан арга хэмжээнүүдийг дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолыг баталсан юм. Хуралдааны төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооноос санаачилсан Цахилгаан эрчим хүч, ган экспортлох, нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэж, экспортлох талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.