Сонгуулийн хуулийг намын бүлгүүдээр хэлэлцүүлнэ
Дуусдаггүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар сонгуулийн хуулийн талаар болон түүнийг тойрсон асуудлаар УИХ-ын гишүүн О.Содбилэг, Р.Бурмаа, А.Бакей, Д.Батцогт, Ц.Оюунбаатар нар ярилцлаа. Тус нэвтрүүлгийг УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт хөтөллөө.
-Сонгуулийн хуулийг тухайн үеийн гишүүд, эрх баригч намууд өөрсдийн эрх ашигт нийцүүлж өөрчилдөг хэмээн шүүмжилдэг. Энэ хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа хүний хувьд зарчмын ямар өөрчлөлт орох талаар мэдээлэл өгнө үү. Төлөөлөл бүрийн саналыг авсан уу?
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа:
"Бүтэн жилийн турш өргөн хүрээний хэлэлцүүлгийг хийж, парламентад суудалтай, суудалгүй намууд, олон улсын болон дотоодын экспертүүд, хөндлөнгийн ажиглагч нарын саналыг авсан. Ажлын хэсэг хуралдаад, тодорхой саналууд дээрээ ярилцаж, хуулийн төсөлдөө тусгасан. Энэ долоо хоногт намын бүлгүүдэд танилцуулж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Хугацаа хойшлох тусам дахиж сонгогдох сонирхол их болдог учир хаврын чуулгандаа багтаж, батлуулах зорилготой байгаа".
-Парламентын гадна байгаа хүний хувьд сонгуулийн хуулинд ямар өөрчлөлт ороосой гэж бодож байна вэ?
Эрх зүйч Э.Лхагважав:
"Сонгогчийн хувьд сонирхож байна. Ардчилсан нийгэм байгуулсан 1992 оны Үндсэн хуулиараа хамгийн гол нь ард түмний засгийг, ард түмэнд сонгож байгуулах ёстой гэсэн. 23 жилийн хугацаанд гурван төрлийн сонгуулийг аль альнийг нь хийж үзэхэд алдаа оноо байгаа. Сонгууль гэдэг ерөнхий механизмаа хуульчилж байгаа гэж бодож байна. Эцсийн эцэст сонгогч миний эрхийг хэр хангаж байна гэдгийг хармаар байгаа юм".
-Сөрөг хүчний хувьд Сонгуулийн хуулинд МАН ямар бодлого барьж байна вэ. Мөн хувь гишүүний хувьд ямар бодолтой байна вэ?
УИХ-ын гишүүн О.Содбилэг:
"МАН-ын бүлгийн хувьд 76 мажоратори буюу жижиг тойргийн байдлаар УИХ-ын сонгуулийг хийсэн нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.
Иргэдээс ирж байгаа санал гомдлуудаас үзэхэд намын жагсаалтаар орсон хүмүүс иргэдийн төлөө ажил хийхгүй байна гэж хэлдэг. Тиймээс монголын нөхцөлд 76 мажоратори их тохиромжтой. Маргаан шийдвэрлэх хүрээнд ч гэсэн тэр нь дээр. Түүнээс гадны сонгуулийн хуулинд маргаан шийдвэрлэх асуудлыг зөв тусгаж өгөөсэй гэж хүсч байгаа".