Ж.Эрдэнэбат: Говь-Алтайд ялагдлаа гээд бид гонгинохгүй
ТВ5 телевизийн "Монгол улсаа хөгжүүлье" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат оролцлоо.
- Говь-Алтай аймгийн орон нутгийн нөхөн сонгуулиар МАН ялагдлаа гэсэн мэдээлэл гараад хэд хонолоо. Ийнхүү МАН Говь-Алтай аймагт цөөнх болчихлоо. Улс төрийн байр сууринаас үүнийг юу гэж үзэж байна вэ?
МАН-аас УИХ-ын гишүүд, АН-аас ганцхан нарийн бичгийн дарга нь ажилласан байтал МАН ялагдлаа гэх мэтээр хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Би ч бас уг аймагт очиж ажилласан. Олонхи байснаа нөхөн сонгуулиар яагаад цөөнх болчихвоо гэсэн асуулт гарч ирж байна. Орон нутгийн сонгуулийн тойргийн хороог Сонгуулийн ерөнхий хороо томилдог болсон нь 2012 оны сонгуулийн нэг онцлог. Өмнө нь иргэдийн төлөөлөгчдийн хурлаар энэ асуудлыг шийддэг байсан.
Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэрийг шүүхээс хүчингүй болгоод нөхөн сонгууль зарласан. Магадгүй МАН өөрийн тойргийн хороогоо байгуулсан бол ялах байсан ч юм билүү.
Үнэндээ Говь-Алтай аймагт бүрэн эрх дуусчихсан иргэдийн төлөөлөгчдийн хурал асуудлыг шийдсээр явж ирлээ. 2013 оны төсвийг шинэ иргэдийн хурал нь баталсан. Харин 2014 оны төсвийг хуучин иргэдийн хурал нь баталсан. Ингээд харахаар Үндсэн хууль болоод бусад хуулийн олон заалтыг зөрчсөн явдал боллоо.
МАН-аас Говь-Алтайд олон гишүүн очиж ажилласан нь ард түмэндээ ойрхон байхыг зорьсон хэрэг. Орон нутагт ажиллах хэлбэрээ хүртэл өөрчиллөө. Өмнө нь салбар хариуцсан нарийн бичгийн дарга гэж байсан бол одоо бүс хариуцсан нарийн бичгийн дарга гэдэг болсон. Тухайбал миний бие төвийн бүсийг хариуцсан нарийн бичгийн дарга.
Цаашид манай намын удирдах зөвлөл энэ бүтцээрээ аймгуудад ажиллана. Үүний эхлэл нь Говь-Алтай аймаг болсон.
МАН нам ялагдсан бас нэг шалтгаан бол намын хуучин нэр буюу МАХН-ын нэр дор санал хуваах тоглолтыг сөрөг хүчин нэлээд хийлээ.
- Говь-Алтайд МАН ялагдаж, Миеэгомбын Энхболд бас ялагдлаа гэсэн мэссэж цахим орчинд ихээр түгж байна. Говь-Алтай аймгийнхан АН-ын ажлыг үнэлж байна гэж бас ярьж байна. Харин МАН үүнийг юу гэж үзэж байна вэ?
Ялагдлаа гээд бид гонгинохгүй. Ялагдлын шалтгаан манай намын дотор ч бий. Дотроо хагаралдах, өөр намтай эвсэх гээд таагүй явдлууд гарч байсан. Тиймээс ард түмнийхээ итгэлийг алдсан явдал бий. Орон нутгийн удирдлага болохгүй байна гэдгийг иргэд хүртэл хэлж байсан.
- 2012 оны сонгууль орон нутагт дуусаагүй л байна. Намууд ялж, ялагдаж чадахаа больсон юм шиг.
Тийм байдал ажиглагдаж байна. Жишээ нь Увсын хоёрын асуудал байна. Мөн Өвөрхангайд 10000 саналаар зөрүүтэй явсан нэр дэвшигч хүүхдийн өмссөн футболкны ар дээр намын нэр бичигдсэнээс болоод УИХ-ын гишүүн болж чадсангүй байх жишээтэй. Ийм байдлаар бид сонгогчдын итгэлийг алдаж байна.
Дорноговь аймагт чимээгүй байснаа гэнэт жилийн дараа нэг нөхөр гарч ирээд мөнгөөр хахуульдсан тухай яриад эхэлсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагууд иймэрхүү явдлуудыг сенсаци болгоод байгаа нь нэг талдаа утгагүй.