Намын бүлгүүдийн төлөөлөл сэтгүүлчдэд Өрийн удирдлагын хуулийн төслөөр мэдээлэл хийв
2014.05.28

Намын бүлгүүд Өрийн удирдлагын хуулиар байр суурийн зөрүүтэй байна

УИХ Өрийн удирдлагын тухай хуулийг батлан гаргах асуудлыг хэлэлцэж байна. Гэхдээ УИХ дахь нам, эвслийн бүлгүүд дээрх хуулийн талаар байр суурийн зөрүүтэй байна.

Өрийн удирдлагын тухай нэгдсэн бодлоготой болох нь зөв гэсэн байр суурийг УИХ дахь АН-ын бүлэг илэрхийлж байна. Цаашид Өрийн удирдлагын тухай хуультай болсноор эрх зүйн зөв орчин бүрдэнэ гэдгийг АН-ын бүлгийн дэд ахлагч, гишүүн С.Одонтуяа хэллээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд ахлагч Д.Одонтуяа:

Өрийн удирдлагын хуультай болсноор өр, зээлийг авахаас нь эхлээд төлж дуусах хүртэлх бүх үе шатыг хуулийн хүрээнд шийдэх болно. Өмнө нь Гадаадын зээл тусламжийн тухай хуулиар зөвхөн гадаадын зээл тусламж, хөнгөлөлттэй зээлийн асуудлыг зохицуулж ирсэн. Харин арилжааны зээл, бондын үйл ажиллагааг зохицуулах хууль байхгүй байна.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд УИХ Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зөв боловч зарим заалтыг нь хасах, тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал өрийн бүрэлдэхүүн хэсгийг зөв тодорхойлох ёстой гэдгийг МАН-ын бүлгийн төлөөлөл хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

Орон нутгийн удирдлага болон төрийн өмчит компаниудын авсан өр, зээлийг Засгийн газар хариуцахгүй гэсэн заалт байна. Гэтэл төрийн өмчит компаниуд Засгийн Газрын баталгаагаар зээл авч буй учраас хариуцлага Засгийн газар дээр ирэх ёстой. Тиймээс өрийн бүрэлдэхүүн хэсгийг дахин харах шаардлагатай.

УИХ Өрийн удирдлагын тухай хуулийг гаргахдаа цаашид өрийн дээд хязгаарыг өсгөхгүй байх зохицуулалтыг хийх шаардлагатай гэсэн байр суурианаас УИХ дахь МАН-ын бүлэг хандаж байна. Засгийн Газрын хувьд улсын өрийн дээд хэмжээг ДНБ-ийн 70 хувьд хүргэе гэсэн саналыг УИХ-д гаргаад байна.