Ерөнхий сайд хууль зөрчиж байна
Орон нутгийн сонгууль өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд болсон ч өнөөдрийг хүртэл зургаан аймгийн Засаг дарга батламжлагдаагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ш.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Хөвсгөл аймгийн ИТХ-аас Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболд, Дорнод аймгийн ИТХ-аас Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Орон нутгийн сонгуулийн дүнгээр МАН есөн аймаг, нийслэлийн дөрвөн дүүрэгт ялалт байгуулсан.
өнөөдрийн байдлаар зургаан аймаг, гурван дүүргийн Засаг дарга батламжлагдаагүй маргаантай байгаа аж. Уг нь ард иргэдийн дийлэнх хувийн санал МАН-аас нэр дэвшигчдэд өгсөн байдаг. Үүнийг нь Ерөнхий сайд баталгаажуулж Засаг даргыг батламжлах ёстой ч янз бүрийн шалтгаан гаргаж ирэн эцэст нь хуульд байхгүй аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нэрийн дор намаасаа хүмүүсийг томилж эхэлсэн талаар тэд мэдэгдлээ.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн ИХТ өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Л.Ганболдыг Засаг даргаар томилуулах хүсэлтийг Ерөнхий сайдад удаа дараа хүргүүлжээ. Гэвч өнөөдрийг хүртэл томилоогүй. Харин ч хууль зөрчин Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Д.Амарбаясгаланг тус аймгийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Тэр байтугай өнөөдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын байр луу цагдаагийнхныг оруулж, аймгийн Засаг даргын тамга тэмдгийг хүчээр авсан үйл явдал болсон байна. Хөвсгөлчүүдийн хувьд энэ үйл явдлыг эсэргүүцэж, МАН-ын удирдлагууд руу утас цохин “Бидний танай намд өгсөн санал хаачив. Яагаад Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Ардчилсан намаас хүн томилчих вэ, ямар гээчийн хэрэг болоод байна вэ. Яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байна вэ” гэж гомдол мэдүүлж эхэлжээ. Гэхдээ энэ асуудлын хүрээнд Хөвсгөл аймгийн МАН-ын хорооныхон Захиргааны хэргийн шүүхэд гомдол мэдүүлсний зэрэгцээ Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.