Ерөнхий сайд МАН-ынханд байцаалт өглөө
Ерөнхий сайд төгсгөж, Төрийн байгуулалтын байнгын хороонд МАН-ынхны хүсээд байсан асуултын хариуг өглөө.
2013.01.17

Ерөнхий сайд МАН-ынханд байцаалт өглөө

Энэ нь зургаан аймгийн Засаг даргыг томилохгүй удсаны шалтгааныг тодруулах асуудал байв. Хэвлэл мэдээллээр өөрийнх нь тухай элдэв мэдээлэл гарч байсан ч Ерөнхий сайд энэ л мөчийг хүлээж, тэвчээр заасан гэнэ. Бас ямар нэг байдлаар улстөржиж, элдэв эрх ашиг хараагүй гэдгээ мэдэгдсэн юм. Хөвсгөл, Дорнодод Үндсэн хууль зөрчин байж үүрэг гүйцэтгэгч томилсон хэмээн тэр буруудаж байгаа. Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “М.Энхсайханы Засгийн газрын үед буюу 1996 онд нийслэлийн Засаг даргын оронд үүрэг гүйцэтгэгч томилсон. Тухайн үед Цэц үүнийг хууль зөрчсөн гэж үзсэн. 2004 онд Хөвсгөл, Сүхбаатар, Баян-Өлгий аймагт өнөөдрийнх шиг нөхцөл үүсэхэд бас л түр үүрэг гүйцэтгэгч томилсон. Өмнө нь ийм туршлага байсан юм, би дураараа ч ингээгүй” гэсэн тайлбар өгсөн. Бас Хөвсгөлийн нэр дэвшигчийг томилохоос татгалзсан энэ сарын 7-ны өдөр МАН-аас түүнийг Цэцэд өгсөн, одоо Засгийн газрын тэргүүн тайлбараа бэлтгэж байгаагаа хэллээ. Хөвсгөлийн ИТХ-аас санал болгосон Л.Ганболд татвар төлөхөөс зайлсхийснийг шүүх тогтоосон, АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж. АТГ энэ тухай албан бичгээ Ерөнхий сайдад энэ сарын 8-нд ирүүлжээ. Ийм шалтгаанаар буцаасан атал Хөвсгөлийн ИТХ дахин өнөөх хүнийхээ нэрийг явуулсан тул үүрэг гүйцэтгэгч томилсон гэнэ.

Тэгээд ч хуучин Засаг дарга нь 10 гаруй сумын Засаг даргыг батламжлахгүй ажил хэцүүдсэн гэлээ.

Дорнодоос санал болгосон Бадамсүрэнгийн тухайд аймагтаа ганц байгаа үйлдвэрийн эзэн, ашиг сонирхлын том зөрчилтэй гэж үзсэн аж. Дундговийн тухайд ИТХ нь гурван удаа хуралдаад хоёр нэр дэвшигч нь санал тэнцчихээд, Ерөнхий сайдад эцсийн шийдвэрээ өгөөгүй байгаа гэв. Эхний удаагийн хуралд нь МАН-ын 18 хүн оролцсон ч дөрвийнх нь бүрэн эрх баталгаажаагүй байсан тул ирц хүрээгүй. Хоёр дахь хуралдаандаа нэр дэвшүүлсэн хоёр хүний нэг дээр л илээр санал хураасан учир хэрэгсээгүй, ингээд гурав дахь удаадаа хуулийн дагуу нууцаар санал хураахад хоёр хүн тэнцсэн юм байна. Говьсүмбэр, Сэлэнгэ аймгийн тухайд шүүхийн маргаантай байгаа. Говь-Алтайд АНаас ИТХ-ын дарга сонгогдсоныг МАН-ынхан ч эсэргүүцэж, хоёр сар хурал хаясны эцэст сая нэг хуралдаад, хүнийхээ нэрийг долоо хоногийн өмнө л ирүүлсэн, судалж байгаа гэсэн тайлбарыг Ерөнхий сайд хийв. Түүнийг “унагах”-ын тулд МАН-ынхан, унахгүйн тулд Ерөнхий сайд ч бэлдсэн биз ээ.

Баянхонгор, Баян-Өлгий, Дорноговь, Төв гэх мэт олон аймагт илээр санал хураасан байхад ялгалаа, зөвхөн МАН ялсан аймгуудад ийм асуудал үүссэн учир хардахаас аргагүй байгаагаа сөрөг хүчний гишүүд давтан хэлсэн юм. Бас Дундговьд хоёр биш, нэг хүн л дэвшсэн учир нэг дээр санал хураасан, та худлаа хэлээд байна уу, танд буруу мэдээлэл өгөөд байна уу хэмээн Н.Энхболд лавлав. Хариуд нь “Би худал яриагүй, тийм байсан бол Дундговийн ИТХ гурав дахиа хуралдахгүй байсан биз дээ” гэлээ. Хөвсгөлийн Засаг даргын асуудлаар Л.ЭнхАмгалан гишүүн яагаад ч юм намынхнаасаа “давуу эрх эдэлж”, Ерөнхий сайдтай хэдэнтээ уулзсан юм байна. Нэр дэвшигчийг буцаахдаа яагаад энэ үндэслэлээ хэлээгүйг тэр лавлахад “Нэр дэвшигчийн ашиг сонирхлын зөрчлийн талаар гомдол мэдүүлсэн хүнийг та нар дуугүй болгосон байна лээ. Ийм асуудалтай хүн байна гэдгийг тантай уулзахдаа хэлсэн шүү дээ. Хөвсгөлийг өнгөрсөн дөрвөн жил хамаг объектийг нь хувьчлаад авчихсан хүн удирдсан гээд л хэл ам гарсан. Одоо дахиад ашиг сонирхлын зөрчилтэй, мөнгөний асуудалтай хүн тавьж болохгүй шүү дээ. Зөвхөн түүнийг Засаг дарга болгох сонголтыг хөвсгөлчүүд хийгээгүй” гэлээ.

Ерөнхий сайдын өрөөний хаалгыг сахисаар Н.Номтойбаяр гишүүний бухимдал “дэлбэрэх” хэмжээнд хүрсэн байсан бололтой. Дорнодын ИТХ хоёр хуралдаад Бадамсүрэнг илт давуугаар санал болгосон байхад татгалзаад, аймгийн АН-ын хорооны даргыг үүрэг гүйцэтгэгчээр томилсны учрыг тэрбээр ууртайхан асуусан. Бас “хувийн компанитай хүнийг дэмжихгүй гэдгийг чинь юу гэж ойлгох юм, тэр чинь нутаг орондоо юм хийж яваа хүн” гэх мэтээр өмгөөлөв. Ерөнхий сайд залуу гишүүний хэгжүүн асуултад “Би заавал шалтгаан хэлэх албагүй. Ерөнхий сайд Засаг дарга томилох эрхтэй, би хуулийн дагуу ажиллаж байна. Та намайг шахах эрхгүй. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг та бид хоёр ярихгүй. Тэгээд ч энэ асуудал өөрт чинь яг ямар хамаатай юм бэ” гэсэн хариу өгсөн юм. Энэ нь түүний угаасаа түнхэлзэж байсан бухимдлыг зад татаж орхив. “Би Дорнодоос сонгогдсон гишүүн учраас хамаатай. Та ер нь яах гээд байгаа юм бэ” хэмээгээд тэр ширээгээ шаав. Ойролцоо байсан хүмүүс нь бараг цочсон биз. Ерөнхий сайд түүнд “Та гишүүнийхээ хувиар асууж, бас намайг зэмлэж болно. Харин шахах эрхгүй, тэгэх хүн нь та биш” гэж эхлээд “Дорнодод ажиллаж, иргэдтэй уулзахад та ирээгүй. Сонгогчид чинь надаас таныг нэхсэн. Ер нь та Дорнодыг мөнгөөр шуугиулж гарч ирсэн” гэх мэтээр “ам хадуурав”. Бас түүний эрх дураарааг нь гайхаад авлаа.

МАН-ын гишүүд Ерөнхий сайдын тайлбараас улс төр “үнэртэж” байгааг хэлж, төрийн ажилд нам, хувийн эрх ашгийн үүднээс хандахгүй байхыг сануулан, дээрх зургаан аймгийн асуудлыг ойрын үед шийдэхийг хүссэн юм. Барьцааны улс төр хийхгүйгээр хамтарч ажиллахыг хүсэж буйгаа ч хэллээ.

Тавтиргүй зан гаргасныхаа төлөө Н.Номтойбаяр түүнээс биш, ахмад гишүүдээс хүлцэл өчсөн. Эцэст нь гишүүн Р.Гончигдорж “Уг нь гишүүд хэн нэг нэр дэвшигчийг онцолж биш, цаана нь байгаа зарчмыг ярих хэрэгтэй. Тухайн хүнд тэр нутгийн төлөө ажиллах сэтгэл байна уу гэдэг томилгоонд чухал шалгуур болно шүү дээ” хэмээн сануулснаар мэдээлэл өндөрлөлөө.