Сонгуулийн хуулийг өөрчлөх намуудын санал ийм байна
Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар УИХ-аас ажлын хэсэг гарчихсан, улс төрийн намуудаас саналыг нь авч, олон нийтээр хэлэлцүүлж байгаа билээ. Тиймээс энэ сэдвээр манай “Өдрийн сонин’’-оос “Асуух эрхийн танхим”-даа өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг “Өдрийн сонин"-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа, Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Э.Энэрэл нар хөтлөн явуулсан юм.
Хэлэлцүүлэгт Сонгуулийн тухай хуулийг боловсруулах УИХ-ын ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, МАН-ын бүлгийн Дэд дарга, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Ганхүү, Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав нар ирж оролцсон билээ. Тэд Сонгуулийн тухай хуулийн эргэн тойронд хэрхэн хэлэлцэж, ярилцсаныг дэлгэрэнгүй хүргэе.
Парламент болгон бүрэн эрхийнхээ хугацаанд Сонгуулийн тухай хуульд заавал гар хүрдэг уламжлал тогтох гээд байна. Дөрвөн жил тутамд энэ хуулийг өөрчилж, шинэчлэх үнэхээр хэрэгтэй юу, үгүй юу гэдэг эхний асуулт хэлэлцүүлэгт оролцогчдын дунд яриа өдөөсөн билээ.
Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр: Өмнөх парламентын үед Сонгуулийн хуулийг өөрчлөн батлахын тулд баахан хэлэлцүүлэг явуулж, хүмүүсийн саналыг сонсоод байсан. Гэвч тэр бүхэн худлаа жүжиг байсан нь Сонгуулийн тухай хууль батлагдах эцсийн өдөр харагдсан шүү дээ. АН, МАН хоёр хэдийнэ урьдчилаад тохирчихсон байсан. Нотолгоо нь аль хэзээнээс хоёр, гурван контейнер “алтан" бурхан хийлгэчихсэн, түүнийгээ тараасан явдал. Тойрог болгонд урлагийн бригад аваачиж, эмнэлгийн үзлэг хийсэн. Үүнийгээ хууль батлахаас өмнө амжуулсан байдаг.
Ингэснийхээ дараа хуулиа баталчихаад бусад намуудад бүх зүйлийг хориглосон. Сурталчилгааны ганц хуудас материал илүү тараавал хариуцлага тооцно гэж тулгасан. Эрх баригч намууд эрх барьж чадаагүй намуудыг яаж ялгаварлан гадуурхаж болдгийг үүгээрээ харуулсан. Өнгөрсөн сонгуулийн үеэр маш олон зөрчил гарсан. Сонгуульд хэн хэн ялах нь урьдаас тодорхой болчихсон байсан. Энэ дагуу программаа зохиосон. Манай нам гэхэд бүх тойргийн хороон дээр ижилхэн 70 санал авсан. Ингэж луйвар хийдгийг зогсоохгүй байна. Сонгуулийн дүн зарласны дараа дүнг засдаг. Ингэх юм бол хууль гаргах хэрэг байна уу.
Европын холбооны улсууд сонгуулийн саналыг гараар тоолж байгаа.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Дөрвөн жилд нэг удаа хуулиудаа засварладаг тогтолцоо бүрдчихээд байна. Ганц Сонгуулийн хуулийг ингээд байгаа юм биш, бүх хуулийг өөрчилж байна. Өнгөрсөн сонгуулиар 20 гаруй сая ам.доллараар хэдэн компьютер, скайнер авлаа. Гэтэл энэ ертөнц дээр хамгийн хямд зүйл бол компьютер байна шүү дээ. Тэгээд ч Европын холбооны улсууд сонгуулийн саналыг гараар тоолж байгаа. Компьютероор тоолж байхыг та нар хаана харчихсан юм. Өнөөдөр хүн удирддаг компьютер байгаа болохоос хүнийг удирдаж, үзэл бодлыг нь ялгадаг компьютер энэ ертөнцөд байхгүй. АНУ хүртэл компьютероос татгалзаад сонгуулийн штабууд нь гараар тоолж байна. Заавал компьютероор тоолно гээд байгаа бол болно. Гэхдээ давхар гар тооллого хийх ёстой. Тэгж гэмээнэ сонгуулийн үр дүнг баталгаажуулна. Мөн манай хэсэг дүүргийн сонгуулийн хороодууд, Сонгуулийн ерөнхий хороо дүнг нэгтгэн худлаа зарладаг. Үнэн, мөнийг нь шалгах боломж байдаггүй.
Өнгөрсөн сонгуулиар Канадаас хэдэн шар толгойтой нөхдүүд ирээд манай сонгуулийн ажлыг зохион байгуулсан. Уг нь энэ чинь улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал гээд олон зүйлтэй холбоотой биз дээ. Гадныхан зөвхөн хөндлөнгийн ажиглагч байх ёстой. 2008 оны сонгуулиар яалаа даа. МАН-ынхан ОХУ-аас зөвлөх нэртэй хүмүүс оруулж ирсэн. Тэр сонгуулийн дараа долдугаар сарын нэгэн болсон шүү дээ. Энэ бүгдийг засахын тулд сонгуулийг ард түмний өмнө ил тод болгох хэрэгтэй. Сонгуулийн үйл ажиллагааг төрийн албан хаагчид, СЕХ зохион байгуулдаг юм байгаа биз. Хяналтыг нь ТББ, иргэд, сонгуульд оролцогчид өөрсдөө тавиг л дээ.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Сонгууль болгоны өмнө өөрчлөгдөөд байхааргүй Сонгуулийн нэгдсэн хууль гаргахын төлөө ажлын хэсэг ажиллаж байна. Одоогийн байдлаар сонгуультай холбоотой дөрвөн хууль байна. Эдгээрийг нэг чиг шугамтай болгож гаргахыг хичээж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хэн гаргаж, иргэдээ бүртгэх вэ, иргэд гомдлоо яаж гаргах вэ, улс төрийн намууд хяналтаа хэрхэн тавих вэ гэдгийг ойлгомжтой байлгахаар санал авч байна.
Санал тооллогын асуудал үнэхээр анхаарал татсан зүйл мөн. Гэхдээ мэдээж машинаар болдог журмаараа явна. Харин санал хураасны дараа аль аль хэсэг дээр хяналтын тооллого явуулахаа шодох маягаар явах санал явж байгаа. Үүнийг Орон сонгуулийн хуульд тусгасан байгаа. Одоо УИХ-ьн Сонгуулийн тухай хуульд оруулж өгөхөөр ярьж байна. Саналын хуудсууд лацтай саванд байдаг учраас машинаар тоолсон хувилбар, гараар тоолсон хувилбар хоёрыг тэнцүүлж хянана. Тойргийн болон хэсгийн хороон дээр сонгуулийн дүнг худлаа гаргах тохиолдол байдаг. Үүнтэй санал нэг байна. Тиймээс ажиглах эрхийг аль нэгэн нэр дэвшигч, нам бус иргэдийн төлөөлөлд өгч байгаа.
Улс төрийн намуудын ажиглагч саналын хуудсыг хэвлэхээс эхлээд бүх түвшинд хяналт тавих эрхтэй. Тойрог, хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүсийн үзэмжээр асуудал шийдэгдэхгүй. Сонгуулийн хороод эцсийн шийдвэрийг гаргахгүй. Шийдвэр гаргадаг байгууллага нь тусдаа байх юм. Маргаан гарсан тохиолдолд 60 хоногийн дотор шийдвэрлэдэг болгож хугацааг нь богиносгож байгаа.
МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл: Орон даяар улс төрийн намаар хуваагдсан энэ байдлыг саармагжуулах чиглэлээр Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой. Иймийн тулд том, жижиг гэлтгүй намуудын оролцоог ижил байлгах хэрэгтэй. Үгүй бол том гэгдэх намууд тохиролцчихдог гаж тогтолцоог онцгой анхаарах ёстой. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан төр маань ард түмний итгэлийг даахуйц байх ёстой юм. Тиймээс авсан саналууд заавал дахин тоологддог механизмыг оруулахгүй бол болохгүй. Монгол төрийн бодлого ямар ч залгамжгүй байнга өөрчлөгдөж байх юм. Ядаж хууль нь гурван сонгууль дамжаад өөрчлөгддөг зарчмыг оруулбал зүгээр байна.
Бид 2012 онд цэвэр мажоритораас ухрахдаа улс төрийн намуудыг төлөвшүүлье, ард түмнээс таван хувийн санал авсан намууд нь орж ирээд парламент дотроо улс төрөө хийдэг байя, Монголын улс төрийг соёлтой болгоё л гэсэн юм.
Өнөөдөр ямар хандлагаар уг хуулийг өөрчилж байгаа талаар ажлын хэсгийнхэн санал хэлэх нь зүйтэй. Сонгуулийн хууль энэ хаврын чуулганаар батлагдахгүй бол өөрсдөдөө тааруулж батлахын тулд хугацаа хожиж байгаа нэг арга болчихно.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Монголын нийгмийг шударга, эрүүл байлгах гол үйл ажиллагаа нь сонгууль байдаг. Сонгуулийн үйл ажиллагаа сүүлийн 20 жил нэг л болж өгсөнгүй. Авлигажсан, улстөржсөн, хүнд сурталтай болчихлоо. Үүнийг өөрчлөх шаардлага байгаа. Монголын насанд хүрсэн иргэдийн 50 гаруй хувь нь сонгуульд оролцохгүй байна. Айл өрх, сум багаараа сонгуулийн үеэр дайсагналцдаг боллоо. Хөрөнгө чинээ, үзэл бодлын ялгаа байхгүй хэрнээ АН, МАН гэж уралцдаг боллоо. Энэ байдал даамжирвал ямар үр дүнд хүрдгийг Украин харуулж байна. Сонгуулийн хуулийг үнэхээр өөрчилье гэж байгаа бол шударга. эрүүл, мөнгөнөөс ангид болгох ёстой. Нэг талаар би улс төрд суудалгүй намуудыг дэмжиж байгаа юм. Тэд сонгуулийн хууль батлахад ажил хэрэгчээр оролцох ёстой.
Иргэний нийгмийн дуу хоолойг бүгдийг нь тооцох шаардлагатай. Тэгж гэмээнэ Монгол Улс эрүүл, аль нэг эрх барьж буй улс төрийн хүчнээс хараат бус болно. Үүн дээр хамтраад үзье. Ингэхийн тулд улс төрийн нам дагадаггүй сонгуульд оролцдоггүй хүмүүсийг сонгуульд оролцуулдаг болгоё. Манай орон яагаад нам бус Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй байж болохгүй гэж. Тэр нөхцөлийг нь бүрдүүлж өгье” гэхэд хажуугаас нь БНН-ын дарга “Та МАХН-ын нэрээр л УИХ-д ороо биз дээ” хэмээн хатгаж, бусад нь шаагилдав. Эндээс хэлэлцүүлэг ширүүхэн өрнөх шинжтэй болоод эхэллээ. Үүний дараа Д.Оюунхорол гишүүн ингэж ярив.
-Сонгуулийн хуулийг УИХ-д албан ёсоор өргөн бариагүй. Ажлын хэсгийн хүрээнд яригдаж байгаа учраас бид хэвлэл мэдээллээс авсан мэдээлэлтэй байна. Би хувь гишүүнийхээ хувьд саналаа хэлэхэд 2012 оны сонгуулийн. хуулийг өөрчилж, Монголын улс төрд бий болсон, засах ёстой олон зүйлийг залруулсан. Дэвшилттэй олон зүйлийг бий болгосон. 2011 онд баталсан Сонгуулийн тухай хуулийн олон зүйл заалт өнөөдөр амьдрал дээр хэрэгжиж чадахгүй маргаан тарьж байх шиг байна.
Өнөөдөр Монголд ардчилсан нийгмийг байгуулсан гэж ярих дуртай хүн олон байдаг. Гэхдээ тэд ардчиллын үнэт зүйлсээсээ, сонгуулийн ардчиллаасаа ухарсан алдаагаа засмаар байна. Санал тооллогод хүний гар оролцуулахгүй гэдэг үүднээс бүх нам ярилцаж байгаад машинаар тоолъё гэсэн. Гарах үр дагаврыг нь тооцоогүй шүү дээ. Харамсалтай нь бидний бодсоноос өөр зүйлүүд явсан. Тиймээс хүмүүс сонгуулийнхаа үр дүнд итгэж чадахаа больсон.
Тэгэхээр одоо автомат машинаараа тоолсны дараа хяналтын тооллогыг давхар явуулах хэрэгтэй. Үүнийг хуульдаа тусгаад өгөхөд болно шүү дээ. Сонгууль нь нийгмийг олон хувааж, бутаргаж байна гэж ярих дуртай. Гэхдээ үүнийгээ Сонгуулийн хуулиараа засаж чадахгүй байна шүү дээ. Энэ алдааг засахын тулд нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх биш, мажоритар системийн нэг тойрог дээр нэг намаас нэг гишүүн нэр дэвшдэг хэлбэрээр явах хэрэгтэй. Өөр улс төрийн намын нэр дэвшигчтэй өрсөлддөг болбол зөвшилцөл, улс төрийн соёл бий болно.
Улс төрийн намууд хяналтаа хэрхэн тавих вэ гэдгийг ойлгомжтой байлгахаар санал авч байна.
Өнөөдөр мажоритарын харьцааг цөөрүүлж, пропорционалийг нь нэмэгдүүлэх тухай асуудал яваад байгааг хэвлэлээс олж харлаа. Үүнд ард иргэд ч таатай хандахгүй байна. Бид 2012 онд цэвэр мажоритораас ухрахдаа улс төрийн намуудыг төлөвшүүлье, ард түмнээс таван хувийн санал авсан намууд нь орж ирээд парламент дотроо улс төрөө хийдэг байя, Монголын улс төрийг соёлтой болгоё л гэсэн юм. Энэ хэлбэрээ хадгалж үлдэх нь зөв гэж бодож байна. Пропорционалийг 28-аар нь үлдээгээд үлдсэн 48-ыг нь жижиг тойрог болгоод нэг намаас нэг нэр дэвшигч өрсөлддөг боломжийг өгчихвөл шударга сонгууль болно гэж хувьдаа бодож байна.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Яг наадахаар чинь явбал та Өмнөговь юм уу, Дорнод аймгаас нэр дэвших үү. Дэвшихгүй шүү дээ. Та тойргоо бэлдчихсэн учраас ингэж яриад байна. Та нар ингэж олон суудал авна гэж боддогоо боль. Та өөрийнхөө бодлыг ард түмэн гэсэн нэрийн дор ярих хэрэггүй. Ц.Оюунбаатар та хоёр өмнө нь нэг нам л байсан. Одоо өөр, өөр намд орчихоод сууж байна шүү дээ.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Энэ бол хувь хүний сонголт. Чи ч гэсэн хэдэн намд байлаа. СЕХ аймгийн сонгуулийн хэсгийн хороог байгуулж байгаа нь буруу. Аймаг, дүүргийн сумын ИТХ нь өөрсдөө улс төрийн намуудын төлөөллийг оролцуулж, хэсгийн хороогоо байгуулах нь зөв. Өнөөгийн Сонгуулийн хуульд дэвшилттэй зүйл ч бий. Засч залруулах асуудал ч байна. Жишээ нь, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч тахимаа өгч чадахгүй болохоороо шүүхэд ханддаг. Ингэж ард түмний өгсөн саналыг шүүхээр шийдүүлдэг нь буруу шүү дээ. Тухайлбал, Өвөрхангайн асуудлыг дурдаж болно".
Нөгөө талаар Сонгуульд саналаа нууц байдлаар өгдөг асуудал алдагдсан байна лээ. Жижиг суманд хэн хэний төлөө санал өгснийг нь зохион байгуулагчид нь мэдчихдэг. Автомат машинд бүх мэдээлэл нь хадгалагдаад үлдчихдэг. Тэгээд дараа нь дарамталдаг үзэгдэл байгаа шүү дээ. Үүнийг өөрчлөх ёстой.
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат: Монголд сонгуулиар тоглодог тогтолцоо бий болчихсон байна. Энэ нь төрийн эсрэг гэмт хэрэг. Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлага бий. Ухаалаг төртэй болъё гээд моод болчихсон үг бий. Ухаалаг төрийн ухаалаг алхам нь ухаалаг сонгуультай болох асуудал юм.
Ухаалаг сонгуультай болохын тулд 2000 оноос хойш үргэлжилсэн монгол төрийн самуурлыг таслан зогсоох ёстой. Парламентад суудалтай намууд сонгуулийн өмнө өөртөө тохируулсан хууль хийгээд түүнийгээ сайжруулж байна гэж хэлдэг. Хуулийн төсөл дээр ажиллах ажлын хэсэг байгуулагдаад жил гаруй болчихоод байхад ард иргэд, улс төрийн намууд яагаад концепцыг нь өдий хүртэл мэдэхгүй байгаа юм бэ. Юу хийх гээд байна.
Сонгуулийн хуульд хяналт тавих СЕХ, төрийн албан хаагчид нь нэг л намаас бүрдэж байна. Тэгэхээр бид хууль зөв гарна, сонгууль шударга явна гэдэгт яаж итгэх юм. Тиймээс ард түмэн нь хүлээн зөвшөөрөх шударга, негатив засаг байгуулах сонгуулийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Сонгуулийн саналын хар машиныг хянадаг иргэний нийгмийн оролцоог бий болгох ёстой. Энэ асуудлыг төрийн хэмжээнд авч үзэж төрийн сонгуулийг будлиантуулсан бол тэр намыг татан буулгадаг, сонгууль будлиантуулсан иргэнийг эрүүгийн хариуцлагад татдаг тогтолцоо руу шилжих ёстой.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав: Сонгуулийн өөрчлөлтөд ач холбогдол өгөх шаардлагагүй юм шиг санагддаг. Олонх өөрсдөдөө тааруулах гэж хууль хийхийг оролддог. Эцсийн эцэст ард түмэн итгэл үнэмшлээрээ сонголт хийдэг шүү дээ. Та нар логик талаас нь хөөх хэрэгтэй.
Эвтэйхэн процесс хийгээд өгчих л дөө, Бурмаа гишүүн ээ. Иргэдийн санал хаягддаггүй. Хулгайлагддаггүй, машинаа сайн ашиглачихдаг, гар тооллогоо хийчихдэг байхад л болно. Мажоритор, пропорциональ системийн тэр нь сайн, муу гэсэн юм байхгүй. Харин найм уначихаад улсын наадамд түрүүлдэг бөх гэж байдаггүйтэй адил тойрогт очиж ялагдчихаад жагсаалт руу гулсдаг асуудал л байж болохгүй.
ИЗНН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Ганхүү: Сая бид дандаа хар талаас нь ярилаа. Бид ардчилал чөлөөт зах зээлд шилжсэний дараа зургаан сонгууль өнгөрөөжээ. Олон улсын сонгуулийн мониторинг хийдэг байгууллагуудын судалгаагаар манай орныг сонгуулиа хийж чаддаг, гарсан үр дүнг нь зөвшөөрдөг улс гэж дүгнэсэн байна дээ. Аливаа зүйлийг бүгдээрээ гэгээлгээр харъя л даа. Амьдрал баян шүү дээ. Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлага бий гэвэл бий. Тэр тусмаа техник технологийн эрин үед бүр шинэчлэх шаардлагатай. Хар хайрцаг гэж хараагаад байх хэрэггүй.
Техникийн дэвшлийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөх ёстой. Харин хяналтын тооллогоо сайн хийх хэрэгтэй. Гэхдээ гараар тоолно гэж байхгүй ээ. Манай намын зүгээс тодорхой гурван санал хэлье. Ер нь пропорциональ, мажоритарын харьцааг 38:38 байлгах нь зүйтэй. Монголын эдийн засгийг алж байгаа зүйл нь сонгууль өөрөө. Дөрвөн жилийн циклийн дотор гурван сонгууль явуулдаг улс цаана чинь манайхаас өөр алга. Орон нутаг, УИХ-ын сонгуулиа нэг дор явуулдаг байх хэрэгтэй. Ийм маягаар эдийн засгаа хэмнэе. Сонгуулиас сонгуулийн хоорондох улстөржилт ч багасна шүү дээ. Нөгөө талаар намууд нэг гараанаас гардаг баймаар байна. Зар сурталчилгаа, санхүүжилтийн асуудал дээр шүү'. МҮОНРТ намуудад тэнцүү цаг гаргаж өгье. Тэгвэл сонгуулиа хийж чадна.
МНН-ын дарга О.Бум-Ялагч: Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх нь ойлгомжтой. Аливаа хуулийг өөрчилж, сайжруулж байж улс орон урагшаа явна. Энд өнгөрсөн сонгуулиар хэлмэгдсэн хоёр хүн сууж байна. Р.Бурмаа, Б.Жаргалсайхан нар луйвардуулсан хүмүүс. УИХ-д гараад ирчихсэн хүмүүс хуулиа магтаад байна. Гэхдээ ард иргэдээр хяналт тавиулах ёстой шүү дээ. Энэ тал дээр Герман гэдэг улсын жишээг яагаад авч болдоггүй юм бэ.
Хуулийг нь орчуулаад л хуулчих. Ийм амархан байхад яагаад авахгүй гээд байгаа юм. Цаанаа ийм л учиртай. Төрийн эрх мэдлийг луйвардаж аваад, Үндсэн хуулиар зөвхөн ард түмний өмч байна гээд заачихсан баялгийг залилах л зорилготой байна. Үгүй юм бол Германы туршлагыг авч, машинаар санал хураасны дараа иргэдээс сонгож тоолуулж баталгаажуул л даа. Канад, Индонезийн туршлагыг манай Бурмаа гишүүн судалсан байна. Тэр улсуудад төр нь сонгуулийнхаа сурталчилгааг хариуцдаг. Намууд жишээ нь Жагаагийн зургийг хэвлээд дор нь “манай Жагаа ийм ийм сайн талтай" гээд бичээд өгчихдөг. Үүнийг төр нь зохион байгуулаад гудамжаар жигд наагаад өгчихдөг.
Бүгдийнх нь сурталчилгаа тэгш шударга болж байна. Үүнийг л аваад хэрэгжүүл. Ийм сайн туршлагыг авч хэрэгжүүлэхгүй байна аа гэдэг чинь та нар байгалийн баялгийг хувааж идэхийн тулд шударга сонгууль явуулахгүй гэдэг санаатай байгаа юм байна. Тэгэхээр Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэгт парламентад суудалгүй намуудаас оруулмаар байна.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Би Ардын намыг эсэргүүцэгч. МАН бол завхрал, хоцрогдол. Харин АН Монголын ирээдүй юм уу гэтэл биш юм байна. Ардын намтай ойрхон явж, олон жил далчиганасан учраас ялзарсан байна. Одоо нэг л зүйлд найдаж байна. Ард түмэн ялзраагүй. Тиймээс тэдэнд боломж өг. Төрөө сонгох эрхийг нь өг л дөө. Дандаа тоглоом хийж доромжлоод байдгаа болих хэрэгтэй.
Үндсэн хуулийн бус аргаар төрийг эзэмшдэг заль мэхтэй муухай тогтолцоо Монголд тогтсон байна. Энэ бол хамгийн ноцтой улс төрийн гэмт хэрэг мөн үү, мөн. Үндсэн хуулийн бус аргаар төрийг гартаа аваад байгаа хүмүүстэй ямар хариуцлага тооцох юм. Үүнийгээ шийд. Санал тооллогын хяналтыг олон нийтэд ил болго. Компьютероор санал тоолж болно. Гэхдээ зүгээр нэг сахилгагүй хүүхэд.очоод өнгөт принтерээр мөнгө хэвлэж чадахаар болчихсон цаг шүү дээ. Тиймээс саналын хуудсыг хэвлэх, худлаа үнэн тоолох асуудал хамгийн энгийн зүйл болчихоод байна. Яаж ч засаж, найруулж болно. СЕХ-ны хэдэн нөхөр суучихсан тэндээс тэрийг гаргах уу, яах уу гээд машин удирдаад сууж байна.
Энэ бүдүүлэг байдлаасаа салъя. АН ирээдүйд нам болж төлөвшье гээд байгаа юм бол миний хэлэх зүйлийг сонс. Энэ нийгмийг ил тод авч явсан цагт өөрөө оршин тогтноно шүү. Манай Ганхүү сая ярьж байна. АН-ынхны ярьдгийг сайн давтаж байна. Яагаад гэвэл АН Оюунд хоёр суудал өгчихсөн байхгүй юу. Оюун хэзээ ч сонгуулиар гардаггүй юм. Эрх барьж байгаа намуудтай тохирчихдог. “Намайг гаргаарай, тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулиар дэмжинэ шүү” гээд ахыгаа яриад уйлчихдаг юм.
ИЗНН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Ганхүү: Та нар гараад ирж чадахгүй юм байж болиорой. Намын нэр гутаахгүй шүү.
МНН-ын дарга О.Бум-Ялагч: Иргэний зориг нам яагаад Ногоон гэдэг нэр авсан юм. Чадаж байгаа чинь тэр үү. Иргэний зоригоороо явах хэрэгтэй байхгүй юу.
ИЗНН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Ганхүү: Д.Энхбаттайгаа очиж ярь. Энэ маргааныг тасдаж Д.Оюунхорол гишүүн микрофон авч, үндсэн сэдэв рүү нь заллаа. Гэхдээ энэ хооронд БНН-ын дарга Б.Жаргалсайхан ам хуурайгүй ярьсаар байлаа.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Тойрогт ялагдчихаад пропорциональ руу гулсах тухай сая яриад байна. Тийм юм байж болохгүй шүү. Жаргалсайхан өнөөдөр Ардын намыг муу муухай юм шиг яриад байна. Цаг хугацаа баян учраас харуулах байх аа. Монголын эдийн засаг, баялаг бүтээгчдийг дэмжиж байсан, зөв, ардчилалтай явсан нам нь МАН гэж ойлгодог. Хүлээцтэй тэвчээртэй байж, улс төрийн намуудыг сонсож асуудлыг шийддэг байсан шүү. Монголын улс төрд соёл бий болгосон нам нь МАН.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан: МАН, МАХН хоёр Үндсэн хуулиараа хаагдах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хөөе найз. Чи өнөөдөр эрх баригчдад жаахан зусардаж байгаа юм байна.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Юуг нь зусарддаг юм. Би 24 жилийн турш ийм л байна.
Бүх шатны сонгуульд аль нэг нам хүчнээс сонгогдон гарч ирээд нам сольж сонгогчдын саналыг уландаа гишгэдэг хүмүүст эргүүлэн татах хариуцлагын тогтолцоо бий болгоё.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Үндсэн яриа руугаа оръё. Тойрогт ялагдаж ирээд листэд бичигдэхийг энд байгаа хүмүүс бүгд эсэргүүцэж, санал нэгдэж байна. Үүнээс гадна ярих зүйл бий. БНН-аас нэг хүн сонгуульд нэр дэвшлээ. Та нар дэмжсээр байгаад гаргаад ирлээ. Гэтэл нөгөө нөхөр нь гишүүн болж ширээний ард суунгуутаа “Би өөр намд элслээ. БНН намайг дэмжээгүй байхгүй юу” гэж хэлдгийг хүлээн зөвшөөрөх үү. Монголын ард түмний сонголтыг ингэж доромжилж, басамжилж байгаа бохир улстөрчдөө цэвэрлэх юм уу, үгүй юу. Үүнийгээ ярья. Улс төрийн янхнуудыг бид бэлтгэмээргүй байна. Бүх шатны сонгуульд аль нэг нам хүчнээс сонгогдон гарч ирээд нам сольж сонгогчдын саналыг уландаа гишгэдэг хүмүүст эргүүлэн татах хариуцлагын тогтолцоо бий болгоё.
МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл: Нэг зүйлийг анхаармаар байна. Монголын төрд ажил хийх хугацаа нь ердөө хоёр жил байна. Бусад нь дандаа сонгууль. Сонгууль бол баас, цаас хоёр үйлдвэрлээд үр дүнд нь бүгд талцаад дуусаж байна. Тиймээс сонгуулийг тав, зургаан жилд нэг хийх хэрэгтэй. Тэгэхээр Үндсэн хууль руугаа орох болчих гээд байгаа юм. Гэхдээ Үндсэн хуульд гар хүрэхээс айгаад гээд засаж янзлах зүйлсээ орхиод байж боломжгүй байна. Ямар ч байсан үүнийг цэгцлэхгүй бол улс орны хөгжил урагшаа явахгүй нь.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан: Ажил хэрэгч хүнд дөрвөн жил гэдэг хангалттай хугацаа.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Сонгуулийн хуульд асуудал их бий. Үүнийг жил орчим ярьж байна. Судлаач, шинжээчдийн дунд тодорхой хэлэлцүүлэг хийсэн. Өнөө өглөө л гэхэд олон улсын байгууллагуудтай хамтран видео хурал зохион байгуулаад ирлээ. Сонгуулийн хуулийн .төслийг хийчихээд олонд үзүүлэхгүй нуугаад байгаа юм алга. Энэ хуулийн төсөлд сониноор дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийхгүй заалт ч ороогүй. “Өдрийн сонин" . баахан гомдол гаргасан байна лээ. Үнэндээ ажлын хэсгийг нь ахалж байгаа би ч тийм заалт байгааг олж хараагүй. Техникийн ажлын хэсэг одоо байгаа хууль дээр байгаа ямар заалтуудыг нэгтгэж болох вэ, ямар асуудлууд дээр нь шийдэх ёстой зүйлүүд байна вэ гэдгийг л эмхэлж цэгцэлж байна. Хуулийн төслөө бэлэн болгохын тулд аль болох өргөн хүрээнд санал авч байгаа. Үүний дагуу хуулиа хийнэ. Ил тод, хяналттай, нэгч сонгогчийн санал гээгддэггүй болгохын тулд хуулиа сайн гаргахын төлөө хичээж байна. Сонгуулийн системийн асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Холимог хувилбараар хийе гэдэг дээр парламентад суудалтай намууд санал нийлсэн. Парламентад суудалгүй намууд ч үүнийг дэмжиж байна гэж ойлгосон. Судлаачид ч гэсэн холимог хувилбар байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Оюунхорол гишүүн сая хэллээ. Нам дотроо биш намууд хоорондоо өрсөлдье. Тийм учраас нэг тойрог нэг мандаттай байя гээд байгаа. 38:38 байх уу, 48:28 байх уу гэдэг эцсийн тоог бид гаргаагүй.
Сонгуулийн хяналтын тооллогын талаар нарийвчилсан заалтууд оруулахаар ярьж байгаа. Тооллогыг будилуулсан нөхөр ажлаасаа халагдахаас гадна эрүүгийн хариуцлага хүлээдэг байх зэргийн саналууд бий. Мэдээж - луйварддаг нь хожоод, луйвардуулсан нь хохирдог жишгийг халахаар ажиллаж байна.Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг гардаж хийсэн хүн нь би. Хяналтын тооллого хийх асуудлыг энэ хуулиудад тусгасан. Одоо УИХ-ын Сонгуулийн тухай хуульд тусгахаар ярьж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Бурмаа нэг юм хэлье. Сонгуулийн хуулийг батлах үед АН гар тооллогоос татгалзсан шүү. Одоо улс төрийн намуудын зөвшилцлөөр Сонгуулийн хуулийг өөрчлөх гээд байгаа бол саналуудыг нь аваач ээ.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Үгүй ээ авч байна гэдгээ хэлээд байхад чинь та нар эсэргүүцээд байгаа юм шиг яриад байх юм.” Гэхэд бүгд ам амандаа шаагилдлаа. Аргаа барсан Р.Бурмаа гишүүн “Би нарт хэлээд байна шүү дээ, бүх ажиглагчид санал тоолох процессыг интернэтээр хянаж болно. Тэр эрх нь нээлттэй. Та нар сонсохыг хүсээд байгаа юм уу, ярихыг хүсээд байгаа юм уу" гэлээ.
ЭОНН-ын дарга Г.Ганбат: Бид өөрсдөө нийгмээ баллаад хаячихлаа. Эрх баригчид, төрдбайгаа намуудаас бүх зүйл шалтгаалаад байна. Хууль гаргасан ч хоёр нүүр гаргаад байна. Өөрсдөдөө тохирсон хууль гаргачихаад, түүндээ бидний хуурсан ганц хоёр заалт хийчихэж байна. Сонгуулийн зардлыг багасгана гэж ярьсан мөртөө Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг өндрөөр батлаа биз дээ. Ингэж л хоёр нүүр гаргаад байвал яаж урагшаа явах юм.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Г.Дугаржав: Ганцхан юм гуйн Давхар тооллогыг наад хуульдаа тусгаж өгнө үү.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан: 1990 онд МАН, АН-д Үндсэн хуулиар хаалт хийж хөрөнгийг нь хураах гэж байсан. Тэр үед нэг хэсэг нь хуйвалдаад хийлгээгүй шүү дээ. Тийм учраас намуудад хөрөнгөтэй болж эхэлсэн. Ялангуяа намын удирдах нөхдүүд хөрөнгөжсөн. Үүнээс болоод Сонгуулийн хуулийг өөрсдөдөө зориулж хийдэг болсон. Дүүрэг, орон нутгийн засаг захиргаагаар дамжуулж сонгуулийг хяналтдаа авдаг тогтолцоог хийчихсэн байсан. Үүнийг таслан зогсоох ажлыг АН хийж, саналыг компьютероор тоолсон шүү.
Өөр хоорондоо.баахан мэтгэлцэж, нэгнээ сонсохгүй баахан ярив. Энэ үед “Сонгуулийн ирц жилээс жилд багасаад байна. Үүнийг яаж зохицуулах вэ” гэсэн асуултаар үргэлжилсэн хэрүүлийг нь МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл тасдав. Гэсэн ч Б.Жаргалсайхан дарга дуугүй болсонгүй. Ганцхан ажил хэрэгч санал байна гэсээр яриагаа үргэлжлүүллээ.
-Сонгуулиар ард түмний амыг 14 хоног ангалзуулж сурталчилгаа хийдгээ больё. Ийм богино хугацаанд нэр дэвшигч яагаад ч өөрсдийгөө сурталчилж амжихгүй байна. Төр барьж байгаа намууд тэртэй тэргүй жилийн өмнө сурталчилгаагаа эхэлчихдэг. Нэг хөшөө байсан ч очоод зургаа авахуулаад тараадаг. Нэг хуушуур ч байсан хийчихээд “би өгч байгаа юм” гээд хүмүүст өгдөг. Тийм учраас сурталчилгааг гурван сар болго. Энэ хугацаанд дуу хөгжим, найр наадам байхгүйгээр зүгээр л иргэдтэй уулзаж байя.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Улс төрийн нам дөрвөн жил үзэл бодлоо танилцуулах боломжтой шүү дээ. Сонгуулийн тэр хэдхэн өдрийн хугацаанд баригдах шаардлагагүй. Бид Германы сангийн туршлагыг судалж байгаа. Тэнд жишээлбэл, Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлдэг. Олон нийтэд зориулсан хэлэлцүүлэг хийж шинэ улс төрчдөө бэлтгэж, залуу үеэ сургасан байвал төрөөс санхүүжүүлдэг. Мөн торгууль ч тавьдаг. Болохгүй бол улс төрийн сонгуульд орох эрхийг нь хасдаг. Ингэж улс төрийн намуудаа төлөвшүүлдэг юм билээ. Үүнийг нэвтрүүлэхээр судалжбайна гэснээр хэлэлцүүлэг дуусав. Сонгуулийн тухай хууль өргөн цар хүрээтэй сэдэв учраас тойрсон асуудлуудыг нь ярихад хоёр цаг ч багадахаар байлаа. Гэсэн хэдий ч хэлэлцүүлгийн явцад улс төрийн намуудын төлөөлөл Сонгуулийн тухай хуулийг хэрхэн өөрчлөх тухай саналаа хэллээ. Ямар ч байсан сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй, санал тооллогыг автомат машинаар явуулах нь зөв. Гэхдээ түүнийгээ заавал давхар хяналтын тооллогоор баталгаажуулах нь зүйтэй гэдэг дээр хэлэлцүүлэгт орсон намуудын төлөөлөл санал нэгдэх шиг боллоо.