Ц.Оюундарь: Эдийн засгийн асуудлыг тогтвортой авч явах бодлоготон хэрэгтэй байна
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.
-Эрх баригч хүчин сүүлийн үед хамгийн их асуудалтай байна. Улс орны дутуу, хатуу бүхнийг үүрэхийн зэрэгцээ гишүүнээ хөөх, сайдаа огцруулах, Засгийн газраа хэрхэх вэ гэх мэтээр. Энэ бүхэнд АН ямар байр суурьтай байгаа бол?
-Улс орны эдийн засаг сайнгүй байгаа. Дэлхийн эдийн засгийн хямрал болж, урд хөрш худалдан авалтаа багасгасан байна. Дээрээс нь тавьсан өрийн тухай гээд олон асуудал бий. Эндээс дүгнэхэд эдийн засгийнхаа эрх ашгийг бодвол Засгийн газар тогтвортой байх нь хамгийн чухал.
Сүүлийн 24 жилийг аваад үзэхэд дөрвөн жилийн хугацаанд тогтвортой ажилласан Засгийн газар байдаггүй. МАН-ын үед ч тэр манай үед ч тэр. Засгийн газар тогтворгүй байдалд яагаад ордог вэ гэвэл эдийн засаг тогтворгүй болохоор хүмүүс буруутанг хайж эхэлдэг юм байна. Буруутан нь удирдаж буй хүмүүс болж таарна.
Учир нь хүмүүс бүх зүйлийг хурдан хийхийг шаардаж, хүлээлт үүсгэдэг. Харин эдийн засгийн өөрчлөлт удаан хугацаанд явагдаж мөн хэмжээний стратеги, төлөвлөлт, түүнд хүрэх амаргүй даваагаар хэмжигддэг. Тэгэхээр энэ утгаараа дөрвөн жил байтугай урт хугацааны тогтвортой байдал шаардлагатай.
Дээр нь удирдаж байгаа хүмүүсийнх нь үзэл бодол, ааш авир, харилцаа гээд бүхэн нь тогтвортой байх ёстой. Гэтэл эдийн засгийн үндсэн асуудлыг хариуцаж байгаа хүмүүс нь бодлого нь, ааш авир нь тогтворгүй байгаа хэрнээ гаднаа тогтвортой мэтээр харагдуулж байгаа нь үл итгэлийг төрүүлээд байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн асуудлыг тогтвортой авч явах бодлоготон хэрэгтэй байна. Үүнийг дотроо ч тэр, гаднаас ч ярьж байна. Эдийн засгийн хүндрэлийг эмчлэхгүй, заслаа хийхгүй бол хувь хүнтэй нь ярихаас аргагүй.
-Баасан гаригт АН-ын Хяналтын хороо хуралдаж шийдвэрээ гаргасан байна. хяналтын хорооныхоо саналтай та нэгдэж байгаа юу. Намын удирдлагууд тань асуудалд яаж хандаж байгаа юм бол?
-Эсрэг санал өгсөн гишүүдийн цаад санаа нь миний саяын ярьсантай утга нэг. Эдийн засагт санаа зовсон хүмүүс л байгаа. Ерөнхий сайд ганцаараа зүтгэж бүх зүйлд оролцоод яваад байна. Гэхдээ гол тулгуур болж байгаа хүмүүсээ, баганаа сайжруулахгүйгээр энэ том ачааг дийлэхгүй. Тиймээс хүчээ сэлбэе гэж асуудлыг эрүүл саруулаар харж байгаа хүмүүс яриад байгаа юм. Ерөнхийлөгч ч сая ярилцлагадаа хэллээ.
Хамгийн гол нь хүчээ тэнцүүлж явна гэдэг дээр санал нэгдэх ёстой. Харин баасан гаригт хуралдсан Гүйцэтгэх зөвлөл, хяналтын хорооны хурал ойлгомжтой. Гүйцэтгэх зөвлөл Хууль зүйн сайдын асуудлыг авч хэлэлцээд хамгаалж үлдэх ёстой гэсэн байр суурьт нэгдсэн. Хяналтын хороо Р.Бурмаа гишүүний асуудлыг мөн хэлэлцлээ. Хяналтын хороо нь намын Их хурлаар байгуулагддаг намын дарга хийгээд хэрэг эрхлэх газарт хамааралгүй бие даасан байгууллага. Энэ хороо өргөдлийн дагуу асуудлыг хэлэлцдэг журамтай.
2012 оны сонгуулиар холимог систем үйлчлэх болсон.
Санал хураалт явагдсанаас хойш орон нутгийнхан асар их эмзэгээр хүлээж авсан байна. Ингээд 1996 оны алдаа давтагдах вий гэсэн эмзэглэлээр 13 аймгаас “Р.Бурмаа гишүүнд хариуцлага тооцох ёстой” гэсэн өргөдөл ирсэн.
Хэлэлцээд намаас хасах ёстой гэж үзсэн нь Р.Бурмаа хувиараа бус намд өгсөн саналаар УИХ-д орж ирснийх. Дүрмээр намын шийдвэрийг зөрчин сонгож байгуулсан Засгийн газрыг огцруулахад дэмжлэг болбол намаас хасна гэсэн заалттай. Гэхдээ гишүүнийг хасах асуудлыг тийм хурдан гаргаж болохгүй. Хяналтын хорооны шийдвэрийг ҮЗХ-гоор хэлэлцүүлж дэмжвэл тухайн хүнийг гишүүнчлэлээс хасна гэдэг. Тэгэхээр Р.Бурмаа гишүүнд үнэхээр хариуцлага тооцох ёстой гэж үзэж байвал ҮЗХ хуралдана.
-Асуудал эрчээ авчихлаа. ҮЗХ хэзээ хуралдаж энэ бүхэндээ хэзээ цэг тавих юм бол?
-Саяын хэлдгээр асуудлыг шийдье гэсэн чин хүсэлтэй хүмүүс байвал ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зурж хурлаа хуралдуулъя гэсэн зарыг тавих ёстой. Мөн намын дарга тийм хүсэлтэй байвал хурлыг зарлаж болно. Ингэж ҮЗХ хуралдаад олонхи нь дэмжвэл намаас хасна гэсэн үг-
-Эсрэг санал өгсөн гурван гишүүн ард нь бий. Тэд тойргоос сонгогдсон ч АН- ын нэрээр УИХ-д сууж байгаа шүү дээ?
-Улс төрийн намуудын дотоод асуудлыг зохицуулах хууль нь 2005 онд гарсан. Хуулийг баталж байх үед манай улс мажоритар системээр сонгуулиа явуулдаг байсан. Гэтэл 2012 оны сонгуулиар холимог систем үйлчлэх болсон. Холимог тогтолцоогоор явж байгаа энэ тохиолдолд намын харьяаллыг яах вэ гэдэг зохицуулалт байхгүй. Тойрогт нэр дэвшигчид хэдийгээр намын нэрээр явж байгаа ч тухайн хүнд нь итгэж саналаа өгдөг. Тэгэхээр тухайн тойргийн иргэдийн асуудал болж байгаа юм.
Ерөнхийлөгч сонгож явуулсан иргэд нь гишүүндээ хариуцлага тооцдог болох заалтыг оруулъя гээд байгаа нь ийм утгатай. Энэ бол намаас хамаарах асуудал биш. Гэхдээ намын дүрэмд Засгийн газрыг огцруулахад санал нэмсэн бол гэж заасан байдаг. Харин Р.Бурмаа гишүүнийг намаас хасах асуудал нь намын дүрэмд заасан томъёолол биш байсан. Үүнийг хяналтын хороо шууд утгаар нь авч үзсэн нь эргэлзээтэй байгаа.
-Гэхдээ л утга нэг биз дээ?
-Хуулийн заалтууд нь өөр. Засгийн газрын 50 хувь нь огцорсон тохиолдолд бас Ерөнхий сайд огцорсон тохиолдолд кабинет тэр чигээрээ огцордог. Ийм заалтууд огт байгаагүй. Үүнийг ялгаж салгах ёстой байсан байх.
-Засгийн газрын тулгуур баганаас сольж, хүч сэлбэе гэж та дээр хэлсэн. Тэгэхээр яг хэн хэнийг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм?
-Хөрөнгө оруулагч тэр улсын тогтвортой байдлыг харна. Хэрэгжүүлж байгаа хүн нь хэр итгэл үнэмшилтэй хүн бэ гэдгийг харна. Мөн яриа хөөрөө хийхэд боломжийн, бизнес сэтгэлгээтэй хүн байна уу гэдгийг нь бас харна. Энэ бүгд шалгуурт эдийн засгийн бодлогыг авч яваа яам тэнцэхгүй байна. Бодлого алга, хөгжлийн. стратегиа боловсруулахгүй байна.
Өөрийнх нь өнгөрсөн хугацаанд санаачилж, кноп дарж байсан бүх санал нь дандаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын эсрэг байсан. 68 хувийн татварын асуудлаас эхлээд. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчид бодно биз дээ. Банк зээл өгөхдөө баталгаа шаарддаг шиг. Яг л түүнтэй ижил. Дотоодын хөрөнгө оруулагчид ч гэсэн бүх үйлдлээ зогсоочихоод байгаа юм.
-Хамгийн түрүүнд Д.Ганхуяг, Н.Батбаяр сайд солигдоно гэсэн үг үү?
Энэ шинэчлэл өмч хувьчлалтай тэнцэхүйц өргөн судалгаа, өргөн хүрээг хамарч хийгдэх ёстой.
-Солигдох, солигдохгүй дээ асуудлын гол нь биш. Энэ хүмүүстээ шаардлага тавьж, хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзэж байна. Нам дотроо бүхнийг ярья. Болж байгаа юм уу, үгүй юм уу. Энэ чигээрээ явахад хөрөнгө оруулагчид 2016 он гэхэд ирэх үү. 2016 оноос наана хөрөнгө оруулагчид ирж эдийн засгийг эрүүлжүүлэхэд туслах уу ийм л асуудалд хариулт авах хэрэгтэй байгаа байхгүй юу.
-АН төрийн эрхэнд хоёр жил ажиллахад хамгийн муу нөлөө үзүүлсэн хүмүүсээ ярилгүйгээр явуулах ёстой юм биш үү?
-Үр дүн хурдан харагддаггүй учраас бид хүлээсэн. Өнөөдөр хүлээх цаг зогсч шахаж шаардах, ярих, хариуцлага тооцох цаг хөдөлсөн гэж харж байна. Эхний үр дүн харагдах хугацаа өнгөрлөө гээд эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийг гаргалаа. Энэ хүмүүс хийхгүй байгаа учраас УИХ, бүлэг, нам идэвхийлэн орж байна.
-Засгийн газрын кабинет, төрийн бодлогод ойрын хугацаанд салхи орох юм байна гэж ойлголоо. Хуулийн өөрчлөлтөөр асуудлыг шийдэх нь үү?
-Салхийг оруулах ёстой. Түүний төлөө явах ёстой гэж бодож байгаа. Гэхдээ ямар шалтаг, шалтгаанаар вэ. Хуулийн өөрчлөлтөөр үү. Эсвэл тэр хүмүүсээ авч хэлэлцээд үү гэдэг тусдаа асуудал. Тодруулбал, шууд барьж аваад хагалгаагаа хийлгүйгээр тойруу замаар явж байсан асуудлыг татан оролцуулаад хийх нь зарчмын хувьд алдаатай. Дахин хэлбэл хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулахгүй. Болохгүй байгаа асуудлаа дотроо сайтар ярилцаж байж шийдэх учиртай.
-Бас Х.Тэмүүжин сайдын асуудал байна. Эхний санал хураалтаар бараг 100 хувь огцруулах ёстой гэж үзсэн. Тэр дунд АН-ын олон гишүүн байна билээ?
-Х.Тэмүүжин гишүүний монголчуудын хувьд том хэмжээний суурь шинэчлэлтийг хийсэн. Энэ шинэчлэл өмч хувьчлалтай тэнцэхүйц өргөн судалгаа, өргөн хүрээг хамарч хийгдэх ёстой. Өмч хувьчлал явагдахад тасхийтэл шийдвэр гараад үр дүнд нь 40 гарсан олон хүүхэдтэй ээжүүд ганзага үүрээд үлдсэн ш дээ. Үүнтэй төстэй шинэчлэлийг хийлээ гэж олон хүн шүүмжилж байгаа.
Яагаад гэвэл бид түүхээсээ суралцах ёстой байтал огцом өөрчлөлтийг хийхдээ хүнээ, нийгмээ бодохгүйгээр явуулсан байна. Бүх салбарын хүмүүсийн судалгаа, эрдэмтэн, мэргэд, ТББ-ууд оролцож байж шийдэх ёстой байтал Х.Тэмүүжин ганцаараа дур мэдэн шийдэж болохгүй гэдгийг хэлж байна. Мөн суурь хуулиуд нь өөрчлөгдөөгүй байхад бүтцийг шууд өөрчилж эхэллээ. Тэгэхээр хохирогчид нь тэнд ажиллаж байсан хүчний байгууллагын 40 орчим мянган ажилтан болж байгаа юм.
Тэр хүмүүсийн цаана 4-5 хүн байгаа. Энэ бүхнийг тооцолгүйгээр онолоор явчихаж. Коммунизмийн онолыг уншихад их сайхан санагддаг ч амьдралд хэрэгждэггүй. Хүчээр хэрэгжүүлэхээр нийгэм тэр чигээрээ хохирдог шүү дээ. Энэ бүхнийг хэлснээрээ зарчим нь зөв ч хэт яарч алдаа гаргасан байна гэдэг сануулгыг өгч байгаа юм. Ерөнхийлөгчийн ярианаас хүлээж авахдаа тэр хүн алдаа дутагдлаа ойлгосон юм байна гэж бодсон.
-Нам, Ерөнхийлөгч хамгаална гэж байгаа ч эцсийн дүнд УИХ-ын гишүүд л санал өгнө биз дээ. Сөрөг хүчин хийгээд намынхаа гишүүдийг барьж чадах уу?
-Залуу хүнд сануулга өгөх гэж л кноп дарсан байх. Эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ бол зүгээр л анхааруулга. Манай нам Х.Тэмүүжинг урдаа бариад л сонгуульд оролцож хуулийн шинэчлэл зөв гэж байсан. Зарчим нь зөв хэрэгжүүлэхдээ л анхаараач гэж байгаа хэрэг.