МАН Үндсэн хуулийн цэцэд ханджээ
Орон нутгийн сонгууль өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд болсон ч өнөөдрийг хүртэл зургаан аймгийн Засаг дарга батламжлагдаагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ш.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Хөвсгөл аймгийн ИТХ-аас Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболд, Дорнод аймгийн ИТХ-аас Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Орон нутгийн сонгууль-Архангай аймаг
Орон нутгийн сонгуулийн дүнгээр МАН есөн аймаг, нийслэлийн дөрвөн дүүрэгт ялалт байгуулсан. Үүнээс өнөөдрийн байдлаар зургаан аймаг, гурван дүүргийн Засаг дарга батламжлагдаагүй маргаантай байгаа аж. Уг нь ард иргэдийн дийлэнх хувийн санал МАН-аас нэр дэвшигчдэд өгсөн байдаг. Үүнийг нь Ерөнхий сайд баталгаажуулж Засаг даргыг батламжлах ёстой ч янз бүрийн шалтгаан гаргаж ирэн эцэст нь хуульд байхгүй аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч нэрийн дор намаасаа хүмүүсийг томилж эхэлсэн талаар тэд мэдэгдлээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн ИХТ өнгөрсөн хугацаанд гурван удаа хуралдаж, Л.Ганболдыг Засаг даргаар томилуулах хүсэлтийг Ерөнхий сайдад удаа дараа хүргүүлжээ.
Гэвч өнөөдрийг хүртэл томилоогүй. Харин ч хууль зөрчин Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Д.Амарбаясгаланг тус аймгийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Тэр байтугай өнөөдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын байр руу цагдаагийнхныг оруулж, аймгийн Засаг даргын тамга тэмдгийг хүчээр авсан үйл явдал болсон байна. Хөвсгөлчүүдийн хувьд энэ үйл явдлыг эсэргүүцэж, МАН-ын удирдлагууд руу утас цохин “Бидний танай намд өгсөн санал хаачив. Яагаад Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Ардчилсан намаас хүн томилчих вэ, ямар гээчийн хэрэг болоод байна вэ. Яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байна вэ” гэж гомдол мэдүүлж эхэлжээ. Гэхдээ энэ асуудлын хүрээнд Хөвсгөл аймгийн МАН-ын хорооныхон Захиргааны хэргийн шүүхэд гомдол мэдүүлсний зэрэгцээ Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.
Хөвсгөл аймгийн Засаг даргад нэр дэвшигч Л.Ганболдыг батламжлахгүй байгаа шалтгаан нь төрийн алба хашаагүй гэдэг үндэслэл гаргаж иржээ. Гэтэл Баянхонгор аймгийн Засаг даргаар томилогдсон Б.Жаргалсайхан нь төрийн алба хашаагүй, Мөн Төв аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Баярбат нь төрийн албанд ажилласан жилээ завсарлаж гурван жилд хүргэсэн гээд яривал их юм бий гэнэ. Хөвсгөл аймгийн Засаг даргаар нэр дэвшигч Л.Ганболдын хувьд өмнө нь Засаг даргын зөвлөхөөр гурван жил ажилласны зэрэгцээ 2008 оноос хойш Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны дэд даргаар ажилласан юм байна. Тиймээс төрийн алба хашаагүй гэж үзэх нь үндэслэлгүй гэлээ.
Тэгвэл Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэнг мөн л дээрх шалтгаанаар батламжлалгүй өнөөдрийг хүргэсэн гэнэ. Дорнод аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Номтобаяр өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар Ерөнхий сайдтай уулзах гэсэн боловч цаг гаргаагүй байна. Энэ тухай Н.Номтойбаяр гишүүн “Ерөнхий сайдтай биечлэн уулзах гээд өрөөнийх нь өмнө сахиж суусан. Компанийн эзэд хувийн ажлаа ярих гээд дайрч ороод Дорнод аймгийн 70 мянган иргэний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Дорнод аймгийн Засаг даргыг томилохгүй байгаа нь нэр дэвшигч нь МАН-ынх болохоор л гацааж байна. Тэгтэл өнөөдөр туслахаар дамжиж Ерөнхий сайдын нэг бичиг ирсэн. Дорнод аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, УИХ-ын гишүүн асан П.Алтангэрэлийг томилох шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан байна. Ингэж хууль зөрчиж, нутгийн удирдлагын томилгоог Ерөнхий сайд хийж байна. Тиймээс бид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц, шүүхэд бусад бүхий л холбогдох шатанд гомдол гаргана гэлээ.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон нарийн бичгийн дарга нар “Энэ асуудлыг МАН өөгшүүлэхгүй. Хуульд Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаал байхгүй. Үндсэн хуулийн цэцээс 16 жилийн өмнө Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэдэг эцсийн шийдвэр гаргасан. Мөн Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайханы хувьд аймгийн Засаг дарга нараар түр орлон гүйцэтгэгч нарыг томилж байсан нь хууль зөрчсөн үйлдэл болж байсан. Энэ бүх хууль зөрчсөн үйл явдлыг Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг буцаан сэргээж, хууль зөрчиж байгаа нь Үндсэн хуульд заасан заалт хийгээд нутгийн өөрөө удирдах ёсыг уландаа гишгэсэн бусармаг ажиллагаа болж хувирч байна. Тиймээс МАН шат шатанд хандана. Энэ төр засаг Монголын төр юм уу, эсвэл АН-ын төр засаг болсон уу гэдэг ойлгомжгүй боллоо. Ард түмний сонголтыг ийн өөрчлөх байсан юм бол орон нутгийн сонгууль зохион байгуулах хэрэггүй байсан” гэсэн мэдэгдэл хийлээ.