С.Бямбацогтыг УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдсан гэж үзжээ
С.Бямбацогтыг УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдсан гэж үзжээ
2014.04.11

С.Бямбацогтыг УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдсан гэж үзжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа, ажлын албаны дарга С.Дэмчиг нар өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Сүүлийн үед МАН-ын бүлгээс явуулж байгаа улс төрийн үйл ажиллагаа эрээ цээрээ алдаж байгааг бүлгийн дарга нь хэллээ. Мөн түүний ярьснаар МАН-ынхан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан үйлдэл гаргаж, Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулиудыг дур зоргоороо тайлбарлаж байгаа гэнэ.

Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд хууль бусаар нөлөөлж, энэ хуулиар далимдуулж, дан давхар дээлийн асуудлыг гаргаж ирээд Засгийн газрыг огцруулахыг санаархаж байна. Эдийн засаг хүндэрсэн үед улс төрийн хямралын ажиллагааг гүнзгийрүүлэхээр Ардын намынхан оролдож байна хэмээн АН-ын бүлгийнхэн үзэж байгаа юм байна.

Тухайлбал, Ардын намын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн нэр бүхий 17 сайдад “санал хураалтад битгий оролц” гэсэн албан тоот шаардлага хүргүүлсэн нь УИХ- ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдах гэсэн оролдлого болсон учраас Халдашгүй эрхийн дэд хороонд өгсөн” хэмээн Д.Эрдэнэбат гишүүн мэдэгдэв. Энэ тухай ярихдаа тэрээр нэгэн жишээ дурдсан юм.

“2006 онд МАН-ынхан олонх байх үедээ УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ УИХ-ын гишүүний таслах эрхийг хязгаарлах тухай заалтыг тусгасан байдаг. Тэр үед энэ заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзээд иргэн Д.Ламжав Цэцэд гомдол гаргасан.

Бидний эцсийн зорилго нэгдмэл байх

Цэц гомдлыг хэлэлцээд УИХ-ын гишүүний таслах эрхийг хязгаарлавал бүрэн эрхэд нь халдсан үйлдэл болж Үндсэн хууль зөрчинө гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Тиймээс тэрхүү заалтыг УИХ-ын тухай хуулиас хассан. Үүнийг МАН-ынхан сайн мэдэж байгаа” гэв. Мөн 17 сайд УИХ-ын тухай, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн санал хураалтад оролцвол ашиг сонирхлын зөрчилтэйд тооцогдохгүй.

Д.Оюунхорол, Б.Бат- Эрдэнэ нарын гишүүдийн хувьд хувийн сургуультай байсан учраас оюутны тэтгэлэгтэй холбоотой хуулийн төслийн санал хураалтад ороогүй хэмээн ярилаа.

Мөн өчигдөр чуулганы хуралдаанаар царцаасан объекттой холбоотой асуудлыг хэлэлцэх үед Ардын нам завсарлага авах ямар ч шаардлага байгаагүйг онцолж, хаврын ид ажил өрнөх үеэр гацаа үүсгэж байгаа Ардын намыг буруутгав.

АН-ын бүлгийн дарга “2009 онд Монгол Улсын хөрөнгө оруулалт 396 тэрбум төгрөг байсан. Энэ нь төсвийн орлогын 20 хувийг эзэлж байв. Харин 2012 онд орлого 1.6 их наяд төгрөг болж огцом нэмэгдэн, төсвийн орлогын 34 хувийг эзэлсэн. Ийм их хэмжээний нийлүүлэлтийг хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төсөвт тусгасан ч өнөөдөр боссон барилга ховор байна.

Төсвийн орлогыг гарын салаагаар урсгасан нь өнөөдөр царцаасан объектуудын талаар ярихад хүргэж байна. Энэ асуудлыг нухацтай хэлэлцэж, шийдлийг нь шуурхай гаргах ёстой. 2014 онд одоо байгаа гүйцэтгэх хөрөнгө оруулалтын нийт тоо хоёр тэрбум руу дөхөж байхад царцаагдсан хөрөнгө оруулалтын 800 тэрбумыг шингээнэ гэх юм болМонголын төсвийн орлогын 50 хувийг эзэлнэ. Ийм хариуцлагагүй үйлдэл рүү бид орж болохгүй” гэлээ.

Ардчилсан намынхан дотроо задраад Засгийн газраа огцруулах гээд байгаа юм уу гэдэг сэтгүүлчийн асуултыг үгүйсгэж, “Бидний эцсийн зорилго нэгдмэл байх” хэмээн хариулж байлаа.