Г.Баярсайхан: Ардчилсан нам өөртөө зохихгүй улс төрийн үйлдэл хийж байна
Засгийн газрын тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг энэ оны долдугаар сараас мөрдөх тухай МАН-ын саналыг чуулган дээр дэмжсэн гишүүн Р.Бурмааг АН-аас хөөх шийдвэрийг Хяналтын ерөнхий хороо нь гаргасан билээ.
АН-ын дөрвөн ч гишүүн эсрэг санал өгсөн байтал зөвхөн Р.Бурмааг онцлон хөөсөн нь “Намын жагсаалтаар сонгогдсон атлаа бодлогоо дагасангүй” гэдгээс үүдэлтэй гэнэ.
М.Зоригт, Ж.Батзандан, Х.Баттулга нар тойргоос сонгогдсон учраас тусгай бүрэн эрх эдэлж буй бололтой. Хэдийгээр тэд “Адилхан л гишүүн” гэдэг боловч иймэрхүү зүйл дээр жагсаалт ба тойргоос сонгогдогчдод ялгаа гаргаж байгаа аж.
Жагсаалтаар сонгогдсон гишүүн намын бодлогын эсрэг санал өгсөн бол хөөх, эргүүлэн татах тухай ямар ч зохицуулалт, аль ч хуульд байхгүй. Гагцхүү АН-ын дүрэмд түүний энэ үйлдэл харшилж буй гэнэ.
Тэднийхээр жагсаалтаар сонгогдсон гишүүн өөрийн үзэл бодолтой байх ёсгүй бололтой. Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Баярсайханы байр суурийг сонирхлоо.
-ЭНЭ ЧИНЬ ЭРҮҮЛ ҮЗЭГДЭЛ.
-Би Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг дэмжихгүй байгаа. Энэ бол ардчилсан орон. Гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүнийхээ дагуу санал өгөх эрхтэй. Тэгээд ч гишүүн хөөх, эсэх асуудлыг Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ярих учиртай.
УИХ-д АН-аас сонгогдсон гишүүд намын удирдлагын шийдвэрээс үл хамаарч байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёстой. АН бол олон ургальч үзэлтэй нам. Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг гишүүд манайд бий. Энэ чинь эрүүл үзэгдэл. Тэр дөрвөн гишүүнийг би байр сууриа ямар нэг нөлөөнд автахгүйгээр илэрхийлсэн гэж ойлгож байгаа.
-Жагсаалтаар орж ирсэн гэж Р.Бурмаа гишүүнийг онцолж байна. Ингэж сонгогдсон гишүүд зөвхөн намын бодлогыг дагах ёстой юу, тэдэнд өөрийн бодлоор шийдвэр гаргах эрх бий биз дээ?
-Тойргоос, эсвэл намын жагсаалтаар сонгогдсоноос үл хамаараад УИХ-ын гишүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүндээ үнэнч байх ёстой. Манай АН өөртөө зохихгүй улс төрийн үйлдэл хийж байна.