Нам өмчтэй байхыг хориглох ёстой гэв
УИХ-ын гишүүн С.Баярцогт
2014.02.19

Нам өмчтэй байхыг хориглох ёстой гэв

Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт өруулах ажлын хэсгийнхэн ирэх хаврын чуулганаар төслөө танилцуулах сураг байна. Энэ хуулийн талаар намуудын төлөөлөл ямар байр суурьтай байгааг хүргэе.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Баярцогт:

-УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн оны хоёрдугаар сарын 8-нд энэ хуулийн төслийг бэлдэх Ажлын хэсгийг байгуулсан. УИХ-д суудалтай бүх нам, бие даагч гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, судлаачдын төлөөлөл бүхий 19 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг таван удаа хуралдаж, нэг удаа нээлттэй хэлэлцүүлэг зохиолоо. Хууль боловсруулахдаа хэдэн гол зарчим баримталж байна. Нэгдүгээрт, намууд үзэл баримтлалтай байж, мөрийн хөтөлбөртөө тусгасан чиг, зорилтын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Гишүүнчлэлтэй байх эсэх тухайд их судалсан. АНУ-д гишүүнчлэлгүй, бусад оронд хатуу болон сул гишүүнчлэлтэй байдаг юм билээ. Бид сүүлийн хувилбарыг нь сонгож, нам зөвхөн хатуу гишүүнчлэлтэй хүмүүсээс татвар авдаг байх зарчим сонгохоор ярьж байна. Санхүүжилтийн тухайд сонгуулийн, үйл ажиллагааны, бодлогын гэсэн гурван чиглэл баримтална. Тухайн намын санхүүжилтийн 70 хувь нь сонгуульд зориулагддаг. Тиймээс энэ зардлаа багасгах хэрэгтэй.