Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
2014.01.29

Хотын захиргааны шинэ барилгын төсөл, төлөвлөгөөг танилцууллаа

Хотын захиргааг Баянхошуунд нүүлгэхээр болсон. Энэ шийдвэрийн дагуу хотын захиргааны шинэ барилгыг барих төсөлд Солонгосын “Халла” групп шалгарсан.

Барилгын төлөвлөгөөг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд танилцуулж санал бодлоо хуваалцлаа.

Өнгөрсөн оны 6-р сард Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нутагт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар шавь тавьсан. Төслийн гүйцэтгэлийг хийхээр Солонгосын “Халла” групп өнгөрсөн найман сард шалгарч хотын захиргааныханд зураг төслөө танилцуулж байсан. Харин одоо ажлын явц төсөл, төлөвлөгөөг танилцуулж барилгын ажлын гүйцэтгэлийн хугацаа болон хөрөнгө мөнгө өртгийн асуудлаар санал бодлоо хуваалцлаа.

Хотын захиргааны шинэ цогцолбор нь нийслэлийн ИТХ, ЗДТГ, харьяа агентлаг иргэдэд үйлчлэх төв зэргээс бүрдэх юм. Мөн гүйцэтгэгч компани нь нийслэлчүүдийн амгалан тайван амьдрах ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийг хичээн маш олон загварын зургийг гаргасан. Барилгын ажлыг 46 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа юм.  Ингээд дөрвөн жилийн дараа Сонгинохайрхан дүүргийн 6-р хороонд хотын захиргааны шинэ цогцолбор ашиглалтад орох юм.