Ц.Баярсайхан: Банк харилцагчийнхаа араас “хөөцөлддөг" шиг барилгын компани руу үйлчилгээ нь уралдах ёстой
Засгийн газрын танхимуудад манай сонин редакцийн айлчлал хийж буй. Шинэ оны эхний айлчлалаараа бид Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы өрөөнд зочиллоо.
Барилгын салбарын эрхзүйн орчин, орон сууцны үнэ, эрэлт нийлүүлэлтийг хөндсөн олон асуултад салбарын сайд ийн хариулж байна.
Найман хувийн хүүтэй зээлээр амины орон сууц барих боломжийг бүрдүүлнэ
-Шинэ он гараад удаагүй байна. Барилгын салбар 2014 онд тодорхой ямар ажлуудыг амжуулах зорилт тавив. Мөн өнгөрсөн оны ажилдаа ямар нэг байдлаар үнэлэлт дүгнэлт өгсөн байх. Тиймээс энэ онд барилгын салбарын өнгө төрх ямар байх талаар ярилцдагаа эхлүүлье?
-Өнгөрсөн онд эдийн засгийн байдал таатай биш байлаа. Гадаад хөрөнгө оруулалтын орчин бүрхэгдүү, түүнээс болж Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан. Ийм орчинд Засгийн газар үйл ажиллагаа явуулсан ч эдийн засгийн өсөлт хоёр оронтой гарч байна.
Үүнд барилгын салбарын үүрэг оролцоо нэлээн өндөр хувийг эзлэнэ. Ялангуяа өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад барилгын салбар 70 гаруй хувийн өсөлттэй гарсан. Манай салбарт хөрөнгө оруулалтын хэмжээ багагүй нэмэгдсэн.
Миний авсан мэдээгээр өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод 23 мянган, хөдөө, орон нутагт долоон мянга гаруй орон сууц ашиглалтад оржээ. Бид Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний ажлыг эрчимтэй хийлээ.
Энэ ажилд 414 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсний 100 гаруй тэрбумыг нь зарцуулсан байна. Үүнд цэвэр усны шинэ үүсвэр бий болгож, Нисэхийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажил багтсан. Мөн Буянт-Ухаад баригдаж байгаа орон сууцны хорооллын дэд бүтцийн ажлыг дуусгалаа.
-Буянт-Ухаа хороолол ашиглалтад орсноор хэчнээн өрх орон сууцтай болох боломжтой вэ?
Энэ онд зөвхөн гэр хороололд 2875 айлын орон сууц ашиглалтад орох бололцоотой болж байна.
-Энэ онд зөвхөн гэр хороололд 2875 айлын орон сууц ашиглалтад орох бололцоотой болж байна. Улаанбаатарын шинэ хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгаа газруудад дэд бүтцийн ажил маш шуурхай хийгдсэн. Зөвхөн Буянт-Ухаа хороололд цаашдаа 60-аад мянган өрх амьдрах, тэдэнд зориулсан нийгэм соёлын обьектууд босох боломж бүрдэнэ байгаа юм.
Олон жил яригдсан 300 ортой эхчүүдийн байр, архивын барилга, соёл спортын том ордон маань дэд бүтцэд холбогдох бололцоотой боллоо. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд гар бие оролцож, зарим сонгож авсан хэсэгт дахин төлөвлөлтийн ажил хийсэн. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн XXX хороонд “Шинэ хотхон” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусч байна. Үндсэндээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнөөс гадна долоон аймгийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсрууллаа.
-Энэ чинь өнөөх аймгийн төвүүдийг хот болгох зорилтын хүрээнд хийгдэж байгаа байх аа?
Тийм. Ингэснээр аймгийн төвийг хот болгон хөгжих бололцоог бүрдүүлж буй хэрэг юм. Мөн өнгөрсөн хугацаанд “Хөтөл”-ийн цемент шохойн үйлдвэр ашиглалтад ороход бэлэн боллоо. Барилгын салбарт үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өнгөрсөн онд цемент арматурын үнэ харьцангуй тогтвортой байлаа.
Барилгын материалын үйлдвэрүүдийг импортын болон гаалийн албан татвараас чөлөөлсний үр дүнд манай аж ахуйн нэгжүүд 30-аад тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлж, тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Барилгын материалын үйлдвэрийн тоо 160-аар нэмэгдсэн. Түүнчлэн 60 гаруй аж ахуйн нэгжид гурван жилийн хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олголоо.
Ингэснээр барилгын материалын дотоодын үйлдвэрүүд хөгжих бололцоо нэмэгдэж байна.
Эрхзүйн хувьд газрын багц хууль, дахин төлөвлөлтийн хуулийг УИХ-д өргөн барьсан. Би саяхан аймгийн удирдлагуудтай уулзаж, 2014 онд ямар чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.
-Салбарын сайдууд аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Харин танай яам ямар чиглэлээр хамтарч ажиллахаар гэрээндээ тусгав?
-Салбарын яамны зүгээс энэ онд аймгуудыг барилгажуулах тал дээр түлхүү ажиллахаар зорьж байна. Үүнд Чингис бондоос 160-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хөдөө, орон нутагт хийхээр тооцоолж байна. Аймаг орон нутагт барих орон сууцуудыг, тэр дундаа амины орон сууцуудыг дэмжих бодлого барьж байна. Мөн 6-7 аймгийн ерөнхий төлөвлөлтийг шинэчлэн боловсруулах ажлыг хийнэ. Дорнод, Хэнтий, Завхан аймагт хэсэгчилсэн төлөвлөлт хийх юм.
-Хэсэгчилсэн төлөвлөлт гэхээр яаж хийгдэх шийдэл билээ?
-Хэсэгчилсэн төлөвлөлт гэдэг нь 1000 айлын орон сууцны төлөвлөлттэй холбоотой. Сэлэнгэ, Хэнтий Орхон, Дархан, Хөвсгөл аймагт инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажил хийгдэнэ.
11 аймагт цэвэрлэх байгууламжийн зураг төслийг хийж байгаа. Хэрэв одоо төсвийн тодотгол хийх юм бол долоон аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ. 2014 онд бид хөрөнгийн эх үүсвэрт төлөвлөснөөр Өмнөговь, Дорноговь, Дарханы цэвэрлэх байгууламжийг шинэчлэх боломжтой болох юм.
Хэсэгчилсэн төлөвлөлт хийгдсэн 1000 айлын орон сууцны хорооллууд дээрээ Төв, Баянхонгор, Өвөрхангай аймгийн инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлыг нэмж хийж байна. Ингэснээр цаашид орон сууцны шинэ хорооллуудыг барих техникийн боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.
Ер нь 16 аймгийн тус бүр нэг сумыг инженерийн шугам сүлжээтэй, төвлөрсөн халаалттай болгох ажлыг хийх гэж байна. Мөн концессийн гэрээний дагуу 50 орчим сумыг инженерийн шугам сүлжээтэй болгох гэж байгаа. Түүнчлэн НҮБ-тай хамтран дөрвөн аймгийн найман сумыг инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөж байна. Мөн орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлэн явуулна. Энд нэг зүйлийг хэлэхэд, зээлийн хөтөлбөрийн хүрээнд иргэд өөрийн өмчийн газар дээрээ найман хувийн хүүтэй зээл авч амины орон сууц барих боломжийг бүрдүүлэх юм. Мөн аймгийн төвд баригдах орон сууцанд тодорхой хөнгөлөлт үзүүлье гэсэн чиглэл барьж байгаа.
Банкууд дарамт үүсгэж байгаа бол тухай бүрт нь ярина
-Өнгөрсөн хугацаанд найман хувийн хүүтэй зээлд хэчнээн хүн хамрагдсан байна вэ?
-Хөтөлбөр эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 30 орчим мянган иргэн хамрагдсан байдаг. Нэг өрх дунджаар дөрвөн гишүүнтэй гэж үзвэл 120 мянга орчим хүний амьдрах орчин дээшилж, асуудал нь шийдэгдлээ гэсэн үг. Тэгэхээр энэхүү зээлийн хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ.
Хоёр дахь зах зээл дээр Монголын ипотекийн корпораци 320 тэрбум төгрөгийн бонд гаргаж байгаа. Цаашдаа нийгмийн даатгалын хөрөнгийн чөлөөт үлдэгдэл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эх үүсвэрийг хоёрдогч зах зээл рүү хандуулах бодлого барьж байна.
-Өмнө нь өндөр хүүтэй зээлээр орон сууц авсан иргэд найман хувийн хүүтэй зээлд шилжих боломж нээгдсэн. Энэ боломжийг хэчнээн иргэн эдэлсэн бол?
-Тийм. Өмнө нь 12-16 хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болсон 16 мянга орчим иргэн зээлийн хүүгээ хөнгөвчлүүлсэн. Ингэснээр эдгээр иргэн cap бүр 150-750 мянган төгрөгийн хэмнэлт хийж байгаа юм. Мөн 80-аас дээш ам метртэй орон сууц авахыг хүс байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байгаа. Тодруулбал, талбай томтой байх тусам зээлийн хүүг бууруулах талаар ярих ёстой.
-Гэхдээ 80-аас дээш ам.метр талбайтай орон сууц авах иргэдийн тоо тийм өндөр байж чадаж байна уу?
-Чадахгүй л дээ. Ашиглалтад орж байгаа орон сууцнуудыг анзаарахад нийт иргэдийн 10 орчим хувь нь л 80 буюу түүнээс дээш талбайтай байр худалдан авахыг хүсдэг юм билээ. Энэ тоог сонсоод одоо хэрэгжиж буй зээлийн хөтөлбөр бага дунд орлоготой иргэд рүүгээ чиглэж чаджээ гэж үзэж байгаа шүү.
Гэхдээ моргейжийн зээл гэдэг халамжийн бодлого биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Зээлд хамрагдсан иргэдэд маш өндөр хариуцлага ногдоно. Зээл авсан иргэд аль болохоор ажилтай, орлоготой, зорилготой байхын төлөө хөдөлмөрлөдөг. Ингэсний хэрээр өөрийн болоод гэр бүлийн гишүүдийн төлөөх хариуцлага дээшилдэг.
-Энэ зээлийг анх гаргаж байхдаа Засгийн газар журам гаргасан. Банкаар дамжуулж олгож байгаа учраас зээлдэгч, зээлдүүлэгч хоёрын аль альд нь зориулсан журам гэж бий. Гэвч зарим банкууд давхар журам гаргаж иргэдэд төвөг учруулаад байх юм. Тухайлбал, урьдчилгаа төлбөрийн 30 хувь аль нэг банкинд зургаан сараас доошгүй хугацаанд байрласан байх гэх мэт. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
Найман хувийн хүүтэй зээлийн ерөнхий журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан.
-Найман хувийн хүүтэй зээлийн ерөнхий журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Арилжааны банкууд дор бүртээ өөр журам гаргахаас сэргийлээд Монголбанк үлгэрчилсэн журам мөрдүүлж байгаа. Янз янзын хандлага гарч байна. Тухайлбал, урьдчилгаа төлбөрийг 40-50 хувь хүргэлээ гэх мэт шүүмжлэл гардаг. Энэ бүхнийг бид монголбанктай яриад аль болох тогтсон ерөнхий журмынхаа дагуу яваач ээ гэдэг шаардлага тавьж байна.
Яагаад бэлэн болсон орон сууцыг ипотекийн зээлд хамруулах болсон бэ гэвэл иргэдээс илүү дутуу, янз бүрийн баталгаа шаардахгүй. Зөвхөн миний авах гэж байгаа орон сууц зээлийн баталгаа болно. 30 хувиа төлөөд орон сууцандаа орчихож байгаа шүү дээ. Тэгээд тэр 70 хувийн зээлийн баталгаа нь өнөөх орон сууц. Тэгэхгүйгээр хашаа байшин барьцаалах, дансны үлдэгдэл, давхар батлан даагч, хамтран эзэмшигч зэрэг байхгүй болсон.
“Зөвхөн миний авсан орон сууц л зээлийн баталгаа” гэж байгаа учраас олон иргэдэд баталгааны дарамтгүй болсон гэж харж байна. Харин ийм дарамт үүсгэж байгаа бол бид тухай бүрт нь ярьж байгаа.
Гэхдээ зээл гэдэг эрсдэл дагуулна. Түүнийг банк үүрч байгаа. Банкны тавьж буй шаардлага нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх зэрэг байдаг. Аль болох нэг иргэн олон зээл авахаас зайлсхийсэн журмууд бий байх. Энэ зээлийн явцын талаар “1111” төвд мэдээлэл их ирж байна. Тэр мэдээлэлд дүгнэлт хийгээд, тодорхой хариу өгч байна. Бүр заримд нь тухайн банкны зүгээс хариулт өгүүлж байгаа. Тиймээс гарч байгаа санал дүгнэлтийг багцалж үзээд, банкууд дээрээ ямар журам мөрдүүлэх вэ гэдгээ эргэн харах ёстой юм байна. Энэ асуудлаар бид Монголбанктай ойрын үед ярина.
-Квадратын зөрүүгээр иргэдийг луйвардаж байгаа компаниудад ямар хариуцлага тооцох вэ. Энд хэн хяналт тавих ёстой юм бэ?
-Орон сууцны талбайг тооцох норм гэж бий л дээ. Энэ дүрмийг бид “яг ингэж л тооцно” гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тавьж байгаа. Тэгэхээр байр авах гэж байгаа иргэн орон сууцны компанитай гэрээ хийхдээ л тэр стандарт хэмжилтээ хийчих хэрэгтэй юм. Зарим компаниуд дээр яг ийм зөрчил гарсан байна билээ.
Гэхдээ энд хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ТББ, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хамтраад хяналт тавьж байгаа нь зөв зүйтэй. Хуучин системийн үед орон сууцны квадратыг тооцдог байсан аргачлал одоо өөрчлөгдсөн шүү дээ. Өмнө нь гурван өрөө байр 40 гаруй метр квадратаар тооцогдож байсан. Гэтэл одоогийн аргачлалаар 60 гаруй метр квадрат болсон.
-Энэ хөтөлбөрийн хажуугаар түрээсийн орон сууц гэсэн ажлыг Засгийн газар бодлого гаргаад хийж байгаа. Энэ ажил эзэддээ хүрч чадаж байна уу?
-Зээлд хамрагдаж орон сууц авч чадахгүй байгаа хүмүүст зориулан түрээсийн орон сууц хөтөлбөрийг боловсруулж байна. Үүнийг ялангуяа дахин төлөвлөлт хийж байгаа газарт хэрэгжүүлэх нь их зөв юм гэж үзсэн. Үүнд залуу гэр бүл, орлого нь хүрэлцэхгүй байгаа хүмүүс хамрагдах бололцоотой.
Гэхдээ ийм орон сууцнуудын хувьд автозогсоолын асуудлыг төдийлөн сайн шийдэж чадахгүй. Гэхдээ автобусны буудалтайгаа ойрхон байх юм. Байртай болтлоо тэнд түр амьдрах бололцоог бүрдүүлэх зорилготой ажил юм даа.
Дулаан цахилгааныг өөртөө авъя гэдэг саналыг нийслэл гаргадаг
-Барилгын компаниуд дэд бүтцээ шийдээгүй байж орон сууцаа барьчихдаг. Мөн барилгаа барихаасаа өмнө иргэдээс захиалга аваад, урьдчилгаа мөнгөө авчихна. Гэтэл байр ашиглалтад орох хугацаа тулаад ирэхээр МХЕГ авдаггүй. Дэд бүтцээ шийдээгүй байж орон сууцны зориулалттай газар олголтыг нийслэл яагаад өгөөд байдаг юм бэ?
-Ер нь техникийн нөхцлийг олгох бололцоогүй гэсэн мэдэгдлийг жил бүр л холбогдох байгууллагууд хийдэг. Гэхдээ Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу хаана орон сууцны хороолол барих уу, альд нь өөрчлөлт шинэчлэлт хийх вэ гэдгээ нийслэл зохицуулж байгаа. Мөн дулаан, цахилгаанаас бусад техникийн нөхцөл өгөх эрх нийслэлд өөрт нь бий. Дулаан цахилгааныг өөртөө авъя гэдэг саналыг нийслэл гаргадаг юм.
Ер нь техникийн нөхцөл дээр хоёр маргаан байдаг. Нэгдүгээрт, заавал техникийн нөхцлөө авч байж орон сууцаа барих ёстой гэж зарим хүн үздэг. Харин нөгөө хэсэг нь барилга баригдаж байвал техникийн нөхцлийг, цахилгаан дулааныг борлуулж байгаа газрууд уралдаж очиж тэнд саналаа өгөх ёстой гэнэ. Өмнө нь банк иргэдээс зугатдаг байсан. Иргэн зээл авъя гэхээр банк өгдөггүй.
Одоо бол банк нь иргэдийнхээ араас гүйдэг систем рүү явж байгаа. Уг нь барилга ч гэсэн ийм байх ёстой л доо. Үнэхээр тэр газрыг олгоод орон сууц, оффисын барилгын алийг ч барьсан “Би дулаанаар нь хангана, цахилгааныг нь манайх өгье” гээд бараг уралдаж очих ёстой юм. Гэтэл манайд эсрэгээрээ байгаа учраас хүндрэл гараад байна л даа.
-Яамд хоорондын уялдаа хэр байдаг вэ. Манайхан чинь заримдаа тэр барилгыг эрчим хүчээр хангахгүй шүү гээд л мэдэгдэл хийж байх юм?
-Ер нь техникийн нөхцөл гэж бий шүү дээ. Холбоо, цахилгаан, дохиолол, дулаан, цэвэр бохир ус гэх мэт. Манай улсын хувьд буруу хандлагаар явчихсан. Гадаргуугийн усыг ерөөсөө ашигладаггүй. Туул урсаж л байдаг. Тэр усыг ашиглахгүй л байна. Хэрлэн, Сэлэнгэ, Ховд, Завхан зэрэг хотуудын дундуур урсаж байгаа голууд бий. Гэтэл бид дандаа гүний худгаас усаа төвлөрүүлээд, усан сан байгуулаад явж байгаа.
Тиймээс цаашдаа төвлөрсөн усан хангамжаас зарим тохиолдолд татгалзах хэрэгтэй. Хоёр, гурван зуун км-т хос шугам татаад дулаанаа авдаг. Түүний оронд цахилгаан, цэвэр ус нь нэгдсэн хангалтад байя. Ялангуяа газар хөдлөлийн өндөр идэвхижилтэй манай орны хувьд ийм төвлөрсөн том байгууламж их төвөгтэй. Бид цаашдаа цэвэрлэх байгууламжийг хэсэгчилсэн байдлаар тавих бололцоотой.
Үнэр танар гардаггүй шинэ технологи хэрэглэдэг. Бараг хэрэглэсэн усаа эргээд ашиглах бололцоотой технологи жаахан үнэтэй ч гэсэн гарчихсан байна. Тиймээс цаашдаа гэр хорооллыг төлөвлөхдөө цэвэр усаар төвлөрсөн маягаар хангаад, бохирыг нь хэсэгчилсэн байдлаар шийдээд явъя. Харин дулааныг тухай бүрд нь тохируулж шийдье гэж байгаа юм. Өнөөдөр утааны асуудал үнэхээр хүнд байна.
Үүнийг шийдэх гэж олон төрлийн арга хэмжээ аваад, зарим нь үр дүнд хүрэхгүй байна шүү дээ. Тиймээс газын хэрэглээ шаардлагатай байна. Монголдоо газ гаргах ямар бололцоо байна, чадахгүй бол импортоор авъя. Заавал хоолой татахгүйгээр тээвэрлэх асуудлыг ч гэсэн шийдэх хэрэгтэй. Өнөөдөр говийн бүсэд байгаа иргэд, хилийн бүсийн ойролцоох айлууд, сумдууд ихэнхдээ газ хэрэглэж байна.
Хөдөөний малчин айлд зун очиход гал түлж цай чанахгүй байна шүү дээ. Ерөөсөө л газ хэрэглэдэг. Тиймээс зөөврийн газыг оруулаад, хангадаг колонкууд сумдуудад бий болчихлоо. Газ аюултай л гэдэг. Гэхдээ зөв хэрэглэх юм бол болдог юм аа гэдгийг дэлхийн олон орон харуулж буй.
Дээр нь дулаалгын асуудал байна. Манай зарим гишүүн гэр хорооллыг цахилгаанаар халааж, шөнийн цахилгааныг тэглэе гэдэг санал гаргаж байна. Энэ бас л нэгэн хувилбар. Тиймээс гэр хорооллын дулааны асуудлыг өөр аргаар шийдчих юм бол утааг бууруулахад бас их нэмэр болно.
Хотыг үнэлэхдээ даргаас илүү архитектур хэн байв гэдгийг л хардаг
-Барилга баригдах процесст архитектурын оролцоо хэр байдаг вэ. Тухайн архитектурын зургийн дагуу уг барилга баригдаж байна гэдэгт хэн хяналт тавих юм бэ?
Барилгын салбарын эрх зүйн тогтолцооны хувьд бид барилгын хуулийг өөрчилж байгаа юм.
-Барилгын салбарын эрх зүйн тогтолцооны хувьд бид барилгын хуулийг өөрчилж байгаа юм. Гэхдээ өөрчлөхийн тулд өөрчилж байгаа юм биш. Ер нь цаашдаа барилгын салбар иргэдийнхээ аюулгүй, эрүүл амьдрах тэр нөхцөл бололцоог яаж бүрдүүлэх вэ. Хот байгуулалт талаасаа ямар байх юм, барилгын компаниуд яаж ажиллах ёстой билээ гэх мэт. Бид барилгын магадлал хийлгэнэ, зураг төслийн байгууламжийг шаардана гэж ярьдаг.
Үүнийгээ бид нэлээн өөрчлөөд, барилгын салбарт ажиллаж буй компаниудын зарим нь бүртгэлийн систем, нөгөө хэсэг нь тусгай зөвшөөрлөөр явна. Тэгээд магадлалыг зураг төслийн байгууллагууд өөрсдөө хийдэг болно. Харин тус байгууллага дээр газар хөдлөлийн, аюулгүй байдлын стандартууд нэлээн өндөр тавигдах ёстой. Бид ойрын үед олон нийтээс санал аваад, барилга, хот байгуулалт, авто зогсоол, ногоон байгууламжийн хуулиудыг өргөн барина. Энд нэлээн чадварлаг хуульчдыг авч ажиллуулж байгаа. Салбарын, төрийн бус байгууллагуудын оролцоо нэлээн өндөр.
Ингээд хуулийнхаа эрх зүйн орчныг хаврын чуулганаар өргөн бариад баталчих болов уу гэж бодож байна. Яг үүнтэй холбогдуулан барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, аюулгүй ажиллагааны сургалтууд, хөдөлмөр хамгааллын тогтолцооны асуудлын холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж байгаа. Ер нь барилгад хамгийн чухал зүйл бол зураг. Зураг сайн бол барилга сайн.
Гэхдээ архитектурч хүний үүрэг маш өндөр байх ёстой. Манайд 20-ид жил архитектур бэлдээгүй явчихсан. Сүүлийн үед бэлдэж эхэлсэн байна. Одоо бид зураг төслийн байгууллагууддаа нэлээн өндөр шаардлага тавьж буй.
Ер нь хотыг үнэлэхдээ даргаас илүү архитектурч нь хэн байв гэдгийг л хардаг. Зураг төслийн байгууллагуудын хийж буй зургийн автор хяналтаа тавих ёстой юм. Барилгын улаан шугам тавигдахаас эхлээд ашиглалтад ортол архитектурч хүн “Миний зургийн дагуу хийж байна уу” гэдгээ хянах ёстой. Барилгын хувьд хамгийн бэрхшээлтэй нь нийслэл газраа олгож буй.
Олгосон газар дээрх 16 давхар хүртэлх барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг бас нийслэл өгч байна. Харин барилгын улаан шугам гэдгийн хяналт муухан байх шиг. Тиймээс зарим барилга зам руу хэт ойр, авто зогсоолгүй, ногоон байгууламж орхигдсон байна.
Ер нь олгосон газар буюу тэр газрынхаа 70 хувьд нь барилгажих талбай байх ёстой. Тиймээс бид хотын А бүс буюу хотын нэгдсэн томоохон хэсэг дээр гол замаас хэр зайтай байх, энэ нь инженерийн шугам, орчин тойрон, байгалийн гэрлийн нөхцөл зэргийг хот байгуулалтын хууль дээр нэлээн тодорхой болгоё гэж байгаа.
-Хэрэв энэ хууль гарчихвал барилга дээр гардаг харамсалтай хэргүүдийг хариуцдаг субьект нь тодорхой болох нь ээ?
-Барилга дээр харамсалтай тохиолдлууд нэлээн гарч байна. Энэ нь нэгдүгээрт хувь хүний хариуцлагагүй байдлаас шалтгаалж байна. Мөн газрыг маш замбараагүй олгосон. Олгосон газар дээр байшин барих байрлалыг зөв тогтоогоогүй гэх мэт шалтгаанаас болж байна.
Мэдээж хэрэг хөрөнгө оруулагч тэр байшинг замаас зайдуу барих байтал олгосон газар дээр 100 хувь тулган барьж байгаа нь осол гарах нөхцлийг бий болгоод байна. Тиймээс замаар явж байгаа иргэн, жолооч нарт аюул занал учруулах нөхцөл бүрдэж байгаа нь газар олголт, барилгыг барилгажих хэсгийг ямар хэсэгт төлөвлөв гэдгээс болоод байгаа нь харагдаж байна. Тиймээс үүнийг хуулиар л өөрчлөх ёстой.
Ашиглах боломжгүй барилгуудыг төсөл болгох хэрэгтэй
-Баахан зөвшөөрөлгүй барилгуудын асуудал нэг хэсэг боссон. Эдгээр барилгуудын “хувь заяа" хаашаа эргэсэн бэ?
-2012 онд Засгийн газар дөнгөж ажлаа авч байхад ийм асуудал нэлээн боссон. Тухайн үед УИХ-ын сонгууль болоод, аравдугаар сард орон нутгийнх болсон. Харин нийслэлийн сонгууль нь их хуралтайгаа хамт явчихсан.
Тухайн үед техникийн зөвшөөрлийг нь өгөх хүмүүс заримдаа хуралдана, эсвэл хуралдахгүй. . Зарим нь сонгуульд нэр дэвшсэн гэх мэт байдлаар олон барилга хоцорсон юм билээ. Гэхдээ мэдээж зарим барилгууд техникийн нөхцлөө аваагүй гэх мэт зөрчил байсан. Энэ бүхэн цаашдаа алга болох ёстой.
-Ашиглалтын шаардлага хангаагүй барилгуудын талаар саяхан нэгдсэн чуулган дээр мэдээлэл хийж байсан. Улаанбаатар хотод гэхэд 600 орчим ийм барилга байна гэсэн. Энэ чухам ямар барилгууд юм бэ?
-УИХ-д хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл өргөн барьсан. Гишүүд бас тодорхой санал тавьж байна. Гэхдээ үүний гол зорилго нь нийтийн эзэмшлийн , талбай дээр орон сууц барихын тулд тухайн газрыг өөрчлөн зохион байгуулах.
Хоёрдугаарт, ашиглалтын шаардлага хангаагүй актлагдсан барилгуудыг - буулгаж, өөрчилж барих, гэр хорооллын газрыг дахин төлөвлөх гэсэн гурван асуудлыг шийдэж болох юм гэж үзэж байна. Ашиглалтын шаардлага хангахгүй гэдэг 1950, 60 онд баригдсан чулуун . болон модон барилгууд. Тэнд одоо ч гэсэн хүмүүс амьдарч ажиллаж байна.
Гэхдээ газар хөдлөлийн өндөр баллд тэсэхгүй барилгууд л даа. Тиймээс заримыг нь үзээд хүчитгэж, бэхлэх юм бол ашиглаж болох юм байна, нөгөө хэсгийг зайлшгүй буулгахгүй бол болохгүй гэсэн дүгнэлт гарсан юм билээ. Дүгнэлт гарсан энэ бүх барилгуудыг орон нутгийн төсвөөс шинэчилж барина гэдэг их төвөгтэй. Тиймээс тэнд төсөл хэрэгжүүлж, сонирхож байгаа хүмүүсийг оруулах боломжтой.
Харин тэнд амьдарч байгаа иргэдийн оролцоо дэмжлэгтэйгээр, нийслэлээс оролцох байдлаар өөрчлөн байгуулъя гэж байгаа юм. Ингэж хууль гаргаж, орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэдийн дэмжлэгийг оруулж өгөхгүй бол, тодорхой хэмжээний компаниуд дангаараа бол хоёр давхар барилга дээр хорин давхрыг барьчихдаг.
Энэ нь хавь ойрынхоо үзэгдэх орчин, нар салхийг хаадаг. Энэ байдлыг зохицуулах шаардлагатай гэж үзсэн учраас л хууль өргөн барьж байна. Цаашдаа мэдээж хотыг төлөвлөх шаардлага гарч ирнэ. Аймгийн төвүүдэд хотын статус өгөхөөр шинэ шинэ газруудад бие даасан хот болно. Тэр хотуудыг барихад ямар зарчим баримтлах вэ гэдгээ хот байгуулалтын тухай хуульд оруулъя гэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, хот маань нийгэм эдийн засгийн нөхцөлд өөрөө өөрийгөө аваад явчих бололцоо юу байна, тэнд амьдарч байгаа хүмүүс хаанаас орлоготой, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах вэ, цахилгаан хангамж, техникийн нөхцөл, бусад хотуудтайгаа холбогдох шийдэл зэрэг олон талаас нь үзэх юм. Бид нэг хэсэг Хархорин сумыг нийслэл болгоно гэж ярьсан шүү дээ. Тиймээс бүх тооцоог, дээрээс нь улстөрийн тооцоог хүртэл хийх ёстой.
-Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх компаниудыг тодруулж байна л даа. Гэхдээ иргэд, компани хооронд газрын үнэ дээрээ тохирдоггүй, үүнээсээ болоод ажил удааширдаг, өөр компанид шилжүүлдэг байдал гараад байх юм. Газар чөлөөлөх ажил цаг хугацааны хувьд төлөвлөснийхөө дагуу явж чадаж байна уу?
-Нийслэлээс зохион байгуулаад, иргэдээс санал авч 12 байршил дээр дахин төлөвлөлт хийгдэж байна. Дахин төлөвлөлтийг хийх явцад их олон зүйлийг анхаарах ёстой юм байна гэж харж байгаа. Ялангуяа бусад орнуудын туршлагыг харахад гэр хороолол бол бас нэгэн нийгмийн томоохон сүлжээ бүхий тогтолцоо бий болчихсон байдаг. Жишээлбэл тэнд амьдарч байгаа хүмүүс нэг нь мужаан, гуталчин, оёдолчин хийдэг сүлжээ үүсчихсэн.
Мөн түүгээрээ тодорхой хэмжээний орлого олдог. Гэтэл энэ тогтолцоог шууд л гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр нүүлгэнэ, тийшээ оч гэвэл дээрх сүлжээ эвдэгдээд их олон хүн орлогогүй болно.
Нийгмийн талын асуудлыг бид жаахан дутуу харжээ гэдгийг би одоо ойлгож байгаа. Тиймээс дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцанд оруулахдаа тэдгээр хүмүүсийн эрхэлдэг бизнесийн байршлыг тогтоож өгөх ёстой юм. Жишээлбэл арваад айлын газрыг аваад тэнд орон сууцны хороолол барилаа гэж бодъё. Мэдээж тэдгээр хүмүүс орж таарна. Ингэхдээ машин засдагт нь нэг давхарт байр, оёдол хийдэгт нь оёдлын машинаа тавиад суучихдаг байр хийж өгөх хэрэгтэй.
Тэгэхгүйгээр зүгээр л орон сууцанд оруулаад хаячихвал “хотынхон хажуу айлынхаа хүнийг танидаггүй” гэдэг байдал үргэлжлээд, өнөөх хүмүүсийн бизнес алга болчихно. Гэтэл тухайн иргэн юугаараа орон сууцныхаа мөнгийг төлж, юугаараа ахуй амьдралаа авч явах вэ гэдэг талаас нь бодолцох хэрэгтэй.
Хөтөл, Мак-ийн цементийн үйлдвэрээс хэрэгцээгээ бүрэн хангах бололцоотой
-Барилгын салбар уул уурхайн дараа орох эдийн засгийн тулгуур байсан. Харин өнөөдөр уул уурхай зогсонги байдалд орсон. Энэ орон зайг үндэсний гэгдэх барилгын салбар нөхөж болохоор юм шиг?
Засгийн газар тодорхой эх үүсвэр буюу 50 орчим тэрбум төгрөгөөр зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
-Засгийн газар тодорхой эх үүсвэр буюу 50 орчим тэрбум төгрөгөөр зургаан хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүнийг дагаад орон сууцтай болохыг хүссэн иргэд олширсон, банкны дараалал нэмэгдсэн. Дээр нь хүнд суртлын асуудал ч сөхөгдсөн шүү дээ. Энэ мэт асуудлыг нааштай шийдвэрлэх зорилгоор хөрөнгийн эх үүсвэрийг 30 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, найман хувийн хүүтэй зээл гаргасан.
Гэхдээ зээл зөвхөн арилжааны банкаар дамжиж буй. Зах зээлийн чөлөөт үнэ эрэлт, нийлүүлэлт хоёроор зохицуулагдах ёстой. Үнийн асуудалд төрийн байгууллага шууд оролцох учиргүй. Тиймээс бид орон сууцны үнэд алсуур нөлөөлөх арга хэмжээ авч байгаа.
Мэдээж эрэлт маш их байсан нь харагдаж байгаа. Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг бид авч байгаа. Өнгөрсөн онд Монголбанктай ярьж байгаад 300 гаруй тэрбум төгрөгөөр эхэлсэн, дуусаагүй барилгуудыг санхүүжүүлсэн. Үүний үр дүнд орон сууцны нийлүүлэлтэд тодорхой хэмжээний өсөлт гарлаа.
Одоо Барилгын үндэсний ассоциаци, Төрийн орон сууцны корпорацитай хамтран орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгааг Улаанбаатар хотод хийж байна. Өөрөөр хэлбэл, ямар насны, хэр орлоготой иргэд орон сууцанд орохыг хүсч байна вэ гэдгийг судалж байна. Тэд ямар орон сууц хүсч байгааг бид гаргаж ирэх учиртай. Нөгөө талаар нийлүүлэлтийг хангаж байгаа барилгын компаниудын хүчин чадал ямар байгааг анхаарна.
-Барилгын технологийн хувьд ямар барилгыг илүү дэмжиж байгаа вэ?
-Угсармал барилгыг илүү дэмжиж байгаа. Тиймээс Чингис бондоос БҮК-1 буюу Байшин үйлдвэрлэх комбинат I-ийг сэргээх нь зөв гэж үзээд үүнд зээл олгосон. Өөрөөр хэлбэл тэр төслийн 30 хувьд нь зээл олгосон. Энэ оны наймдугаар сараас уг үйлдвэр ашиглалтад орно гэсэн мэдээг бидэнд өгөөд байна. Ингээд угсармал барилга баривал өвөл ч барилгачид ажлаа хийх бололцоотой болно.
-Барилгын материалын импортыг багасгах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих тал дээр салбарын яамнаас ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Хөтөлийн цемент шохойн үйлдвэр үндсэндээ ашиглалтад орох гэж байна. Ирэх гуравдугаар сарын 1-нээс үйл ажиллагаа нь жигдэрнэ. Энэ жилдээ 500 гаруй мянган тонн цемент үйлдвэрлэнэ. Өнгөрсөн онд бид гаднаас 1.5 сая тонн цемент авсан гэсэн тоо байна. Дээр нь Дорноговийн Даланжаргалантад МАК-ийн барьж байгаа үйлдвэр байна. Тэр үйлдвэр нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай.
Тоног төхөөрөмжөө 100 хувь хангасан, барилга угсралтын ажил 80 хувьтай явж байгаа юм билээ. Энэ хоёр үйлдвэрээс дотоодын цементийн хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангах боломж байгаа юм. Мөн Дарханы цементийн үйлдвэр 280 орчим тооныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Налайхад “Налайх түшиг” гэж 100 орчим тоо цемент үйлдвэрлэдэг хувийн үйлдвэр байна. Энэ мэтээр жижиг үйлдвэрүүд байгаа. Ингээд цементийнхээ хэрэгцээг бүрэн хангачихвал цаашдаа барилгын салбарын үйлдвэрлэл дотооддоо эрчимтэй хөгжих бололцоо бий гэж харж байна. Арматурын хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэр техникийн шинэчлэл хийж байгаа.
Орхон аймагт баригдаж байгаа Хөх ган гэж арматурын үйлдвэрт мөн Чингис бондоос зээл олгосон. Энэ үйлдвэр наадмаас өмнө 100 мянган тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай гэж байгаа. Энэ мэтээр цемент, арматурынхаа хэрэгцээг хангах боломж байгаа гэж харж байгаа. 2015 он гэхэд дотоодоосоо 100 хэрэгцээгээ хангах боломжтой гэж үзэж байгаа. Барилгын үнэд нөлөөлдөг гол хүчин зүйл бол барилгын голлох материал байдаг. Тиймээс цемент, арматураа өөрсдөө дотооддоо үйлдвэрлээд эхэлбэл үнэ тогтворжино гэж үзэж байгаа.
-Барилыгн салбарын үйлдвэрлэл улирлын чанартай байдаг учраас боловсон хүчний асуудал ч хүнд байдаг гэсэн. Энэ тал дээр яамны зүгээс ямар арга хэмжээ авч байна?
-Өнгөрсөн онд манай яам, Хөдөөлмөрийн яам, хөдөлмөрийн биржтэй хамтран сургалтууд зохион байгуулсан. Манай салбарт ажиллах 3100 орчим иргэн түргэвчилсэн сургалтад хамрагдсан. Үүний 2500 орчим нь ажлын байраар хангагдсан юм билээ. Мөн энэ салбарт ажиллагсдын тоо өнгөрсөн онд 10 гаруй мянгаар өслөө. Харин гадаадаас авдаг ажиллах хүчний тоо эрс цөөрсөн байгаа. Энэ нь бүтээн байгуулалтын салбарт өөрсдөө ажилладаг болсны илрэл.
Үндэсний томоохон компаниуд нэгдэн консерциум байгуулж, бүтээн байгуулалтад оролцох болж. Тухайлбал “Буянт-Ухаа” хороололд үндэсний таван компани ажиллаж байна. Тэд “Ажлын фронт л байвал бид хүнээ аваад, мэргэшүүлээд ажиллаж болно. Гэхдээ тийм боломж нь алга.
Нэг жил ажилтай байлаа ч, дараа онд нь ажилгүй суучихдаг болохоор тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчин авч чадахгүй байна” гэдэг. Ингээд бодохоор томоохон төсөл хөтөлбөрүүддээ монголчуудаа ажиллуулах ёстой юм байна. Тэр хөтөлбөрүүдээ заавал гадаадын хөрөнгө оруулалтаар бус дотоодын чадавхиараа дэмжих нь зөв гэж үзэж байгаа. Ингэхийн тулд төрийн нийтийн эзэмшлийн газар дээр орон сууц барих ажлыг зохион байгуулахаар ТОСК-ийн байгуулсан.
Энэ корпораци санхүүгийн эх үүсвэрийг нь олоод үндэсний компаниудаараа нийтийн зориулалттай орон сууцнуудаа бариулах ажлыг зохион байгуулах юм.
ТОСК өмнөх ОССК-оос шал өөр чиг баримжаатай ажилладаг байгууллага байх юм.
Бүк ашиглалтад ороод, өвөл зунгүй ажиллаж, эрэлт багасаад ирэх юм бол үнэ аяндаа тогтворжино
-Та сая бүх аймаг, орон нутаг, улсын хэмжээнд судалгааны ажил явагдаж байна гэсэн. Энэ ажлын тодорхой хувийг орон сууцны барилгууд эзэлж буй. Харин миний хамгийн их сонирхож байгаа зүйл бол аж үйлдвэрийн барилгууд хэр баригдаж байна вэ?
-Мэдээж хэрэг найман хувийн хүүтэй зээл явж байна. Мөн орон сууцны барилгууд баригдаад ирэхээр тэнд орох хүн ажилтай, орлоготой л байх ёстой. Тиймээс ажлын байрны асуудал маш чухлаар тавигдаж байгаа. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрийн сан, аймаг сумдуудад байгаа орон нутгийг хөгжүүл эх сангуудад тодорхой хэмжээний хөрөнгө очиж буй.
Энэ мөнгийг аймаг, нийслэлийн удирдлагууд аль болох хүмүүсээ ажлын байртай болгоход л зарцуулах ёстой юм. өмнө нь үйлдвэр технологийн парк байгуулах чиглэлээр Орхин, Говьсүмбэр, Дархан зэрэг аймгуудад гарсан. Бид одоо нийслэлтэй ярьж байгаад Налайхд аж үйлдвэрийн парк байгуулах газраа сонгож авсан. Ер нь үйлдвэрийн барилга барьж байгуулахад манайх бэлэн биш. Зураг төслийг нь хийх чадвартай байгууллагууд манайд цөөн байгаа.
Тиймээс үүнийг цаашдаа илүү анхаарах хэрэгтэй. Бид аймгуудын нэгдсэн болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд бид гадны зураг төслийн байгууллагуудыг түлхүү оролцуулж байна. Ингэснээр тэр хүмүүстэй хамтарч ажиллан туршлага судалж авах хэрэгтэй болж байгаа юм. үйлдвэрлэлийн бүсийг их томоор харах хэрэгтэй. Бид Дархан хотын цэвэрлэх байгууламжийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр шинэчлэх ажлын ТЭЗҮ-гээ хийж байна. Яагаад гэвэл Дархан бол авто болон төмөр зам, усан хангамж, хүн амын хувьд нэлээн бололцоотой аймаг.
Ер нь хуучин Дархан барилга материалын үйлдвэрийн томоохон төв байсан. Үүн рүү бид нефть боловсруулах, арьс шир, барилгын материалын үйлдвэрүүдийг барьж байгуулах, ЖДҮ-ийн зээлийг илүү ахицтай өгөх процесст анхаарах ёстой гэж бодож байна. Дээр нь уул уурхай, үйлдвэрлэл хөгжих бололцоотой суурин газруудын ерөнхий төлөвлөгөөг бид анхаарч байна. Жишээ нь Дорноговийн Сайншандын цогцолбор байна.
Мөн Өмнөговийн Ханбогд Оюутолгойтой ойр, Цогтцэций Тавантолгойтой ойролцоо гэх мэт сумдуудын ерөнхий төлөвлөгөөний ажил дуусч байна. Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг барьж байгуулах ажил 2014 онд хийхээр төлөвлөж буй. Ер нь цаашдаа Багануур, Говьсүмбэрт үйлдвэржилтийг нэлээн дэмжих хэрэгтэй гэсэн чиглэл харагдаж буй.
-Одоо боловсруулж буй хуулийн төсөлд энэ мэт томоохон байгууламжуудыг барих зөвшөөрлийг ямар компанид, хэн өгөхөөр тусгаж байгаа вэ?
-Бид барих барилга байгууламжийг тав ангилж байна. Хоёр давхар орон сууцыг манай иргэд өөрсдөө барьж чадна. Гэхдээ инженерийн тооцоотой, тодорхой зургаар, ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр барьж болно. Энэ эхний ангилал. Харин хоёр, гурав дахь ангиллын барилгыг бүртгэлтэй компаниуд барина.
Тэр нь улсын төсвөөр баригдсан бол үнэлгээний карт аваад явна. Тэр картынхаа дагуу тендерт оролцох бололцоотой. Ингээд дөрөв, тав дахь ангиллын барилгад үйлдвэрийн томоохон барилгууд. Жишээлбэл Оюутолгой шиг том бүтээн байгуулалт, эсвэл нисэх онгоцны буудал, олон мянган хүн ордог цэнгэлдэх хүрээлэн зэргийг тусгай зөвшөөрөлтэй компаниуд барих хэрэгтэй гэсэн чиглэлийг бариад, хуулийн төслөө боловсруулж байна.
-Та ярианыхаа эхэнд үнэ тоггворжуулах хөтөлбөр хэрэгжсэнээр цемент, арматурын үнийг тогтвортой барьж чадлаа гэлээ. Гэвч эсрэгээрээ бэлэн болсон орон сууцны үнэ тэнгэрт хадчихлаа. Энэ хөтөлбөр барилгын салбарт үр дүнгээ өгөхгүй байгаа юм биш үү?
-Барилгын үнэ метр квадрат нь хоёр сая гарчихлаа, үнэ тогтворжуулах хөтөлбөр үр дүнгээ өгсөнгүй, энэ та нарын алдаатай боддогоос боллоо гэж ярьдаг л даа. Гэхдээ урьд өмнө ямар үнэтэй байсан бэ гээд харьцуулахаар ерөнхийдөө 2012 онд орон сууцны үнэ 30 гаруй хувиар өсч байсан юм билээ.
2013 онд 26 орчим хувиар өссөн гэсэн дүн гарч байгаа. Цемент, арматурын үнийг тогтворжуулах гол зорилт нь зохиомол хомсдлыг арилгах. Өмнө нь энэ байдал их байлаа. Замын-Үүд дээр бөглөрөөд, энд цемент, арматур олддоггүй. Тиймээс нэгдүгээрт ЗамынҮүдийн нэвтрүүлэх чадварыг сайжруулсан.
Гол импортолдог буюу гурвалжингийн гүүр дээр байгаа 40 гаруй компанийн холбоо байгуулаад, тэдэнд эрх өгсөн. Уламжлалт импорт авдаг компаниудад зээл өгч байгаа. Ерөнхийдөө цементийн үнэ өнгөрсөн жилийн хугацаанд аравдугаар сарын эх хүртэл 135-145 мянга байсан.
Бид бас материалын үйлдвэрүүдэд, жишээлбэл Хөтөлд дэмжлэг өгсөн. Гэтэл Хөтөл 170 мянгаас буулгаагүй. Манайхан явж явж байгаад аравдугаар сард барилгын үйлдвэрлэл дуусах үед хэд хэдэн том обьектод цутгалт хийдэг. Жишээлбэл Энхтайвны гүүрний доорх обьектод 300 метр куб бетон зуурмагийг гурав хоног оройн цагаар авсан. Улаанбаатарт ажиллаж байгаа бетон зуурмагийн үйлдвэрүүд бүгд цементгүй болсон. Тухайн үед Хятадын тусгаар тогтнолын өдөр гээд хүмүүс амарчихсан.
Энэ шалтгаанаар үүсээд нэг долоо хоногийн дотор цементийн үнэ 200 мянга орчим болсон. Бид судалж энэ шалтгааныг тогтоосон л доо. Манайхан бэлтгэл ажлаа хийж явж явж байгаад гэнэт сэрсэн юм шиг ажилдаа ордог байдал мэдээж нөлөөлсөн. Харин арматурын хувьд 1сая 150 мянгаас 1 сая 170 мянгад тогтвортой байж чадсан.
Мэдээж энэ бол үнийг барина гэсэн ойлголт биш. Харин үнэд аль болох эерэгээр нөлөөлөх, өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа л хэлбэр. Одоо бид гаднаас ажиллах хүч авч байгаа. Энэ чинь cap бүр нэг хүн дээр 280 мянган төгрөг төлж байгаа шүү дээ. Энэ чинь бас барилгын үнэд нөлөөлдөг.
Тиймээс бид улирлын хамаарлыг энэ салбарт багасгах гэж оролдож байна. Дээр нь газрыг нь аль болох үнэгүй болгох чиглэлийг барьсан бодлого, шийдвэр баримталж байна.
Мөн төрийн зүгээс өгдөг зөвшөөрлийн шат дамжлага, хүнд суртлыг алга болгох гэж их анхаарч байна. Ер нь үнэ тогтворжуулна гэдэг үнийг тогтооно гэсэн үг биш. Аль болох үнийг өсгөхгүй байхад нөлөөлж байгаа хүчин зүйлс шүү дээ. Гэхдээ энэ салбарын үнэ өсөхгүй байна гэхээр хөрөнгө оруулалт буурах тэр эрсдэл рүүгээ л явна. Ер нь Барилга үйлдвэрийн комбинат ашиглалтад ороод, өвөл зунгүй ажиллаж, эрэлт багасаад ирэх юм бол үнэ аяндаа тогтворжино.