Ц.Эрдэнэчулуун: Их барилга, үүний дотор орон сууцны асуудал бол улс төр биш
Монголын барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч Ц.Эрдэнэчулуунтай ярилцлаа.
-Орон сууцны ам метрийн үнэ өсч байна гэж байнга ярьдаг. Үнэд барилгын материалын үнэ ханш болон татварын орчин ч нөлөөлдөг гэж салбарынхан ярилаа. Зарим хүн одоогийн байгаа орон сууцны үнийг хямдхан байна ч гэж үзэж байна. Таны хувьд үнийн асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Орон сууцны үнийг бууруулна гэж байнга ярьдаг. Гэхдээ энэ нь тийм оновчтой томьёлол биш. Хамгийн гол асуудал нь баригдаж буй орон сууцыг ард иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэх л чухал. Харин энэ асуудлыг шийдэхийн тулд заавал үнэ бууруулах нь гарц биш.
Одоо байгаа орон сууцны үнийг бууруулвап барилгын компаниуд хэнд ч хэрэггүй л барилга барина. Ер нь чанарын шаардлага хангахгүй орон сууц барьж байна. Энэ нь нөгөө үнэ бага, хөрөнгө мөнгө байхгүй байгаагаас л хурдан зарахын тулд үнээ бууруулж байгаа. Үнэ буурахад автоматаар чанар ч дагаж муудахын шинж. Тиймээс үнийг бууруулна гэж ярих нь буруу гэж үзэж байгаа юм.
-Тэгвэл бодлого үнэ биш бол юунд чиглэх ёстой вэ?
-Орон сууцны чанарт гол анхаарал чиглүүлэх хэрэгтэй. Нэгд, чанар, үнэ хоёр хоорондоо нийцэж байгааг ярих. Хоёрт, монголчуудын орон сууц худалдан авах чадвар ямар байгаа, худалдан авах чадварыг хэрхэн дээшлүүлэх талаар ярих ёстой. Ер нь орон сууцны үнэ өсч байгааг буруутгах зүйлгүй.
Өсөх ч ёстой. Улс орны эдийн засаг өсч байна, ард иргэдийн амьдрал сайжирч гоё, ганган зүйл хэрэглэх сонирхол, шаардлага гарч байна шүү дээ. Орон сууцны үүнийг нь өсгөж болохгүй, машин, ээмэг бөгж, мах гурилын үнэ нь өсч болоод байгаа юм бэ. Автомашин дээр жишээ авъя л даа. Энгийн дундаж амьдралтай хүн 10 сая төгрөгийн машин унаж байхад чинээлэг иргэдийн унаж байгаа машин 200 сая төгрөгөөс хол давсан байна. Энэ хоёрын хооронд 20 дахин өндөр үнийн ялгаа гарч байна. Гэтэл орон сууцны ам метрийн дундаж нь 1000- 3000 ам.доллар байна. Энэ нь нэг талаараа чанарын ялгаа байхгүй байгаагийн илрэл. Үнэ чанар хоёр хоорондоо нийцэж байх ёстой. Гол нь энэ.
-Тэгэхээр манайд баригдаж буй орон сууцны үнэ чанартайгаа нийцэхгүй байна гэсэн үг үү?
Манайд үнэ чанарын талаар ямар ч хяналт алга.
-Тийм. Гэхдээ бүгд чанаргүй байна гэсэн юм биш. Чанартай барилга бий. Манайд үнэ чанарын талаар ямар ч хяналт алга. Ямар ч чанаргүй барилга барьчихаад санаандаа орсон үнээр борлуулна гэж байхгүй. Чанаргүй байгаа нь үнэтэй л холбоотой. Захын нэг төсөвчин, улстөрч орон сууцны үнийг бууруулна, ам метрийг нь 950 мянган төгрөгөөр барих боломжтой юм байна гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийг төөрөгдүүлж, ардын баатар болдог.
Барилгын салбар гэж юу байдгийг ч мэдэхгүй хүн үнэ зохиож нийтэд зарладаг. Гэтэл жилийн дараа амьдрал дээр нийтэд зарласан төсвөөр нь барих барилгын ажлыг эхэлж, 1-2 жилийн дараа барилгын ажил дуусдаг. Гэтэл Энэ хооронд улс орны эдийн засагт олон зүйл өөрчлөгддөг. Зөвхөн валютын ханш гэхэд гурван дотор 20-30 хувиар нэмэгдсэн.
Энэ хэрээр орон сууцны үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Барилгын материалын үнэ 20- 30 нэмэгдсэн байх жишээтэй. Тэгэхээр энэ үед үнэ бууруулна гэвэл барилга, үнэ өсч байгаа барилга биш болно. Газар хөдлөлтийн бага зэргийн чичиргээнд барилга нь тэр чигээрээ нурах эсвэл өнөөдрийн барьсан энэ хямдхан хогнуудаа хэдэн жилийн дараа эргүүлж буулгахаас өөр аргагүй болно
-Тэгвэл цаашид ч барилгын компаниуд чанараа сайжруулахын тулд хэрхэн ажиллах хэрэгтэй юм бэ? Төр засгийн зүгээс ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
Чанараа сайжруулах тулд олон зүйл хийнэ. Чанартай материал хэрэглэх, чадвартай ажилчин, инженер ажиллах хэрэгтэй. Олонх ажилчид нь барилга барьж мэдэхгүй, чадахгүй байна. Барилгын компаниуд хөрөнгө мөнгөнийхөө гачигдлаас болж санхүүжилтийн эх үүсвэр байхгүй байна. Уг нь ямар ч барилгын компани чанартай барилга барья гэж бодно. Харин явц дунд нь материалын үнэ өсч, санхүүжилт, борлуулалт нь зогсч чанарын асуудлыг хаядаг.
Тиймээс байгаа мөнгөөрөө барилгаа хурдан дуусгаж, борлуулъя гэж боддог. Ийм маягаар л ихэнх барилга баригдаж байна. Энэ нь барилгын салбарт урт хугацааны битгий хэл дунд хугацааны бодлого төлөвлөлт алга байна гэсэн үг. Бүх зүйлийг төлөвлөлөө гэж бодоход, нэг л өдөр валютын ханш нь өсч байна шүү дээ. Дээр нь, хүн амынхаа тооноос илүү барилга барих гэж боддог. Гэтэл ийм том бүтээн байгуулалтыг хийх туршлага бидэнд байхгүй. Бидэнд гэр л барьж байсан болохоос байшин барих туршлага цусанд байхгүй. Тиймээс чадваргүй хүмүүс нь нийлж өртгөө өсгөж байна.
Манай систем ийм л байна. Тэгэхээр барилгын салбарынхан, яам Засгийн газар нийлж энэ тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Ойлголтынхоо зөрүүг нэг болгох нь чухал. Хамгийн гол нь их барилга, орон сууц бол улс төр биш шүү. Санаан зоргоороо үнийг нь бууруулна гэж байхгүй. Үүнийг бодож зөв өнцгөөс зөв ярих нь чухал байна. Орон сууцны үнэ бол талхны үнэ өсч байгаатай адил зүйл биш.
- Валютын ханшийн өсөлтөөс болж барилгын материалын үнэ 20- 30 хувиар нэмэгдсэн гэж байна. Гэхдээ Монголбанк Засгийн газартай хамтран барилгын материал үйлдвэрлэгч, импортлогч нарт хөнгөлөлттэй зээл өгснөөр үнэ тогтвортой байгаа гэж ярьж байгаа шүү дээ?
-Хөнгөлөлттэй зээл өгсөн нь валютын ханш өсөхөд нэлээд жинтэй хувь нэмэр оруулсан гэж бодохгүй байна. Засгийн газраас орон сууцны үнийг бууруулах талаар арга хэмжээ авсан. Энэ нь орон сууцны үнэд нөлөөлж чадсан уу гэдэг нь өөрөө хоёр талтай. Багагүй хэмжээний мөнгийг барилгын компаниудад өгсөн юм чинь үнэ буурсан л байх ёстой.
Гэхдээ байж болох нөлөөг үзүүлсэн гэдэгт эргэлзэж байна. Учир нь, манай хэрэгжүүлж буй хөтөлбөр, шийдвэр болгон цаана нэг эзэнтэй, хуйвалдаан, будилаантай байна. Ил тод биш байгаа. Олон сая, тэрбумаар хөнгөлөлттэй зээл гэж ярьдаг. Гэтэл амьдрал дээр яг хэн дээр очсон мэдэгдэхгүй байна. Тиймээс нөлөөлөл сайн байх үндэсгүй.
-Иргэдийн орлогоос шалтгаалан худалдан авалт харьцангуй байна шүү дээ. Тэгэхээр худалдан авах чадварыг чанартай хэрхэн уялдуулах вэ?
-Үнэтэй байгаа бол чанаргүй хийнэ гэж байхгүй. Чанар үнэ хосолдог зүйл. Тиймээс үүнд санаа зовох шаардлагагүй. Тэгэхээр хямд орон сууц гэж ярьж байгаа нь автоматаар чанаргүй орон сууц гэсэн ойлголттой адилхан. Тэгэхээр хямд орон сууц бариулах гэж байгаа бол чанарыг нь сайн бариулаарай. Чанартай орон сууц авах гэж байгаа бол чанартай зүйл хямдхан байдаггүй гэдгийг хэлмээр байна.