Сайд Ц.Баярсайхан “Шинэ хороолол” төслийн явцтай танилцлаа
“Шинэ хороолол” төсөл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд хэрэгжиж байна
2013.12.11

Сайд Ц.Баярсайхан “Шинэ хороолол” төслийн явцтай танилцлаа

Иргэд өмчилж авсан газраа тав тухтай, эрүүл аюулгүй орчинд амьдрах “Шинэ хороолол” төсөл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд хэрэгжиж байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас санаачилсан уг төслийн зорилго нь  иргэд өөрсдийн санал санаачлага оролцоотойгоор газраа шинэчлэн зохион байгуулж, дэд бүтэцтэй  болоход чиглэж байгаа. Төвийн инженерийн шугам сүлжээний эх үүсвэрээс  алслагдсан гэр хороололд шугам сүлжээг хэрхэн бие даасан шийдлээр орчин үеийн дэвшилтэт технологиор холбож болохыг харуулахаар “Атмор” компанийхан ажиллаж байна.

Төсөлд 100-200 айл өрх нэг бүлэг үүсгэн оролцож байгаа юм. Өөрөөр хэлбэл,  Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны 168 айл  хувийн өмчилсөн газраа нийлүүлж газар ашиглалтаа сайжруулах замаар нийтийн эзэмшлийн зам талбайтай болж байна.

1-р хорооллын арын дэнж дээр байрлах  “Хилчин” хотхон дотроо нэгдсэн цахилгаан, халаалт, бохир цэвэр усны хангамжийн систем, гэрэлтүүлэг, ногоон байгууламжтай болох юм. Хотыг хөгжүүлэх түүн дотор гэр хорооллыг амины орон сууцны жишиг хороолол болгох энэхүү ажлынхаа явцтай салбарын сайд танилцлаа. 

Энэ төсөл хэрэгжсэнээр гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах, дахин төлөвлөх төсөлд шаардлагатай санхүүжилт тодорхой болохын зэрэгцээ нийслэлийн гэр хороололд амьдарч буй иргэд заавал орон сууц руу хошуурахгүйгээр хувьчилж авсан газраа тохь тухтай амьдарч болохыг  харуулах юм.