'Ц.Баярсайхан: Улаанбаатарт амины орон сууцны жишиг хороолол байж болохыг "Шинэ хороолол" төслөөр батална
Нийслэлийн удирдлагууд, НҮБ-ын ХАБИТАТ, Барилга хот байгуулалтын яам, “Атмор” компани хамтран нэгдүгээр хорооллын арын дэнжийн 160 гаруй айлуудыг жишиг хороолол болгохоор ажиллаж байгаа.
Тэдний хувьд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх “Шинэ хороолол” төслөө иргэдтэй хамтран хэрэгжүүлж байна. Шинэ технологиор барьсан авто замтай болоод амжсан энэ хэсгийн оршин суугчид орон сууцны иргэдээс дутуугүй тохитой орчинд амьдрах юм. Энэ жил эдгээр өрхөөс гучаад нь халуун хүйтэн устай болж, байрны айлаас дутахгүй тохитой, дулаахан орчинд өвөлжинө. Үлдсэн айлууд нь ирэх жилдээ багтаад халуун хүйтэн устай болж, цэвэр бохирын сүлжээнд холбогдоно.
Одоо “Атмор” компанийнхан энэ хэсгийн айлуудын халуун хүйтэн ус, цэвэр бохирын сүлжээг тавих ажлыг хийж байна. Энэ хэсгийн айлууд хашаагаараа жигдэрч, мод тарих, тоглоомын талбай байгуулах зэргээр орчноо тохижуулах юм билээ. Нийслэл, салбарын яамны хувьд гэр хорооллыг цаашдаа энэ маягаар шинэ хороолол болгох чиг рүү хөгжүүлэх бодлого барьж байгаа аж. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантай энэ сэдвээр ярилцлаа.
-Утаа, хөрсний бохирдол гээд гэр хороолол тойрсон асуудал хотжилтын том бэрхшээл болоод байгаа. Дан ганц орон сууцжуулах замаар гэр хорооллын асуудлыг шийдэж чадахгүй. Нэг гарц нь хотынхоны яриад байгаа гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажил. Эхний бодитой төсөл нэгдүгээр хороололд хэрэгжээд эхэлчихлээ. Яам энэ тал дээр ямар бодлого барьж байна?
Найман хувийн хүүтэй зээл өгч иргэдээ орон сууцжуулах бодлого барьж байгаа ч тохилог орон сууцанд хамрагдаж чадахгүй иргэд олон бий.
-Найман хувийн хүүтэй зээл өгч иргэдээ орон сууцжуулах бодлого барьж байгаа ч тохилог орон сууцанд хамрагдаж чадахгүй иргэд олон бий. Миний хувьд гэр хороололд эхний ээлжийн инженерийн шугам сүлжээг байгуулах бололцоотой гэж харж байгаа. Эхний ээлжийн асуудал бол зам. Замын сүлжээг тор маягаар татаж үзээд татсан хэсэг дээрээ давхцаж буй газрыг чөлөөлүүлж төлөвлөлтийг нь сайжруулах боломж бий. Тодруулж хэлбэл хашаа байшингийнх нь төлөвлөлтийг өөрчлөх замаар иргэдтэйгээ тохирох юм.
Ингээд хийчихэд болохгүй юмгүй. 2013 оны буюу энэ оны төсөвт тав орчим тэрбум төгрөгийг яг ийм зорилгоор төсөвлөсөн. Гэр хороололд хийх дараагийн ажил нь инженерийн шугам сүлжээ барих. Үүнд гурван тэрбум төгрөг төлөвлөсөн. Ингээд НҮБ-ын ХАБИТАТ зэрэг байгууллагатай хамтраад ажиллаж байна. Улаанбаатарт энэ маягаар асуудлыг шийдчих бололцоотой хэд хэдэн газар байна. Өөрсдөө орон сууцаа барьсан, газраа өмчлөөд авчихсан, төвлөр- сөн шугам сүлжээнд холбогдох бололцоотой газрууд гэсэн үг л дээ. Энэ үүднээс нь харж байгаад эхний ээлжинд нэгдүгээр хорооллын арын дэнжийн айлуудыг сонгосон юм.
Төслийнхөн өрх бүртэй нэг бүрчлэн уулзаж, иргэдийн оролцоо дэмжлэгээр төслөө хэрэгжүүлж байгаа. Дээрээс нь Улаанбаатар хотын удирдлагууд дэмжсэн. Ялангуяа техникийн нөхцөл талаас нь их анхаарч ажиллаж байна. Тэргүүний технологи туршиж үзэж байна. Ер нь гэр хороололд баригдсан тохилог орон сууцнуудыг цаашид яах вэ гэдэг асуудал бий. Орон сууцжуулах замаар шийдэх нэг гарц байгаа ч заавал тэгэхгүйгээр тэнд нь орчныг сайжруулах боломж бас байгаа.
Ингэх боломж байна гэдгийг харуулах гэж, жишгийг нь тогтоож өгөх гэж “Шинэ хороолол” төслийг хэрэгжүүлж байна. “Шинэ хороолол” төсөл бол Улаанбаатарт, Монгол Улсад амины орон сууцны жишиг хороолол байж болно гэдгийг батлахаар хэрэгжиж буй жишиг бүтээн байгуулалт.
-Энэ төсөл хэр амжилттай хэрэгжих бол?
-Амины орон сууцны жишиг хороолол барих, байгуулах ажил цоо шинэ асуудал биш л дээ. Өмнө нь хэрэгжиж байсан туршлага бий. Тэгэхээр өмнө нь хэрэгжиж байсан туршлагаас авахыг нь авч, гээхийг нь гээгээд алдахгүйгээр амжилттай хэрэгжүүлэх боломж байгаа гэж ойлгож болно. 1985, 1986 оны үед амины орон сууцны зээл гэж хөтөлбөр хэрэгжиж байсан юм.
Барилгын хувьд дотоодынхоо арматур, тос гээд материалуудаар хангаж, барих газрыг нь нэг маягийн зурагтайгаар зааж байсан. Яг ийм хороолол бас миний ажиллаж амьдарч байсан Өмнөговийн Даланзадгадад бий. Сүүлд нь би аймгийн орлогчоор ажиллаж байхдаа цэвэр усны шугам татаж өгч байсан юм. Энэ хороололд буюу гэр хорооллын дунд сургууль, эмнэлгийн асуудлыг шийдэж өгсөн.
Халуун усны газрыг нь барьж өгч байсан туршлага бий. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкынхан төсөл хэрэгжүүлэх явцдаа Дамбадаржаа орчимд иймэрхүү төлөвлөлт хийж байсан. Дахин хэлэхэд өмнө нь хийж байсан энэ мэт ажлуудыг алдааг давтахгүйгээр цогц байдлаар шийдээд явах боломж байгаа.
-Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг хийхэд нэг асуудал гарч ирнэ. Ганц цэвэрлэх байгууламжид бүх шугам сүлжээг холбоход хэцүү гэдэг нь тодорхой. Энэ тал дээр тодорхой санаа оноо юу байна?
Цаашдаа хоёр, гурван зуун км дулааны хос шугам татаж, ганцхан цэвэрлэх байгууламж руу бүх шугам сүлжээг холбохын оронд хэсэгчилсэн байдлаар зохион байгуулбал илүү үр дүнтэй гэж харж байгаа. Хэсэгчилж хийхэд технологийн хувьд анхаарах юм бий. Өмнөх үйл явдлуудаас үүдсэн сургамжууд ч байгаа.
-Цаашдаа нэгдүгээр хорооллоос өөр гэр хорооллын ямар хэсэгт “Шинэ хороолол” шиг төслийг хэрэгжүүлэх боломжтой вэ?
-Иргэдийн санаачилга, идэвхтэй оролцоотойгоор хийвэл энэ ажил үр дүнд хүрэх юм байна гэж бодож байгаа. Цаашдаа Улаанбаатар хотод гэхэд л Баянзүрх дүүрэгт төлөвлөсөн газар байна. Мөн Чингэлтэй дүүрэгт байна. Ийм газруудын хувьд хоттойгоо ярьж байгаад хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж иргэдийн оролцоотойгоор дэд бүтцийг нь шийдээд явчих бололцоотой. Тэнд амьдарч байгаа хүмүүс өмчилсөн газар дээр орон сууцныхаа барилгыг сайжруулж, шугам сүлжээндээ холбогдоод явах боломжтой.
-Төр ийм чигийн төслүүдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-Нэгдүгээрт цэвэр усны хангалтыг нь хийж өгөх ёстой. Бохирын системийг нь тавьж өгөх учиртай. Дулааныг нь төвлөрсөн шугамаар чадахгүй бол тус бүрд нь шийдээд явах боломжтой. Тухайлбал цахилгаанаар ч юм уу. Зам харгуйн хувьд хэд хэдэн хувилбар бий. Нэгдүгээр хорооллын арын дэнжийн “Шинэ хороолол"-ын зам бол шинэ технологийнх. Үр дүн нь ямар байх нь тун удахгүй тодорхой болно. Бас чулуугаар зам хийж болно.
Ийм замыг бол иргэд өөрсдөө хийчих бололцоотой. “Эрэл” компанийн өвлийн битум буюу хуурай аргын битумаар зам тавих арга бий. Энэ мэт маш олон аргаар хорооллын дундах замыг барьж болно. Зам гэдэгт авто замаас гадна явган хүний, дугуйгаар явдаг зам ч орж байгаа. Инженерийн шугам сүлжээ, гэрэлтүүлгийн асуудал бас бий. Дэд бүтцийг нь ингэж цогц маягаар шийдээд өгсөн тохиолдолд иргэдийн хүлээх үүрэг гэж бий. Хашаа байшингаа янзлах, тавиад өгсөн шугамнаас гэр рүүгээ шугам холбох үүрэг иргэдэд ирж байгаа. Ингээд ирвэл иргэд өөрсдөө санаачилгатай болно. Хот маань ч энэ чиглэл рүү илүү анхаарах байх.
-Гэр рүүгээ шугам сүлжээ татах, барьсан байшингаа сайжруулах мөнгөний эх үүсвэргүй гэр хорооллын иргэд олон бий. Тэр хэсэгт орон сууцны найман хувийн зээл олдох боломж бий болов уу, энэ талаар судалж үзсэн үү?
-Орон сууцны найман хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш зөвхөн шинээр орон сууцны зээлд хамрагдсан хүмүүс гэхэд 10 мянга даваад байна. Өмнө нь өндөр хувьтай зээл авч байсан 17 мянга орчим иргэн зээлээ хөнгөлүүлсэн. Үүний цаана газраа өмчлөөд авсан, өмчилсөн газар дээрээ амины орон сууц барья гэж байгаа иргэдээ найман хувийн зээлд хамруулах бодлого бий.
Энэ бодлогыг Засгийн газар удахгүй шийдэх байх. Ингэвэл гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтаж, инженерийн шугам сүлжээ барих бололцоотой хэсэгт амьдарч байгаа иргэдэд зээл олгоё гэж байгаа. Ийм дэмжэлгэд хамрагдсан иргэд эрчим хүчний хэмнэлттэй, экологидоо ээлтэй барилгаа сонгож барих бололцоотой болно. Энэ чиглэлийн нэг маягийн барилгуудын зураг төслийг бид гаргасан. Каталогоор бол зуу гаруй барилга байна. Мөн ханын материалын чиглэлээр үйлдвэрлэж явуулж байгаа компаниуд материалуудаа санал болгож байгаа.
-Амины орон сууцны хороолол байгуулах ажлыг нийслэлээс гадна хөдөө хэрэгжүүлэх үү?
-Аймгуудад амины орон сууцны хороолол байгуулж, инженерийн шугам сүлжээ барьж байгуулахад нь дэмжлэг үзүүлэх бодлого барьж байна.
-Гэр хорооллыг хөгжүүлэхэд яамнаас яаж анхаарч байна. Хууль эрх зүйн орчныг нь хөгжүүлэх тодорхой ажлууд хийх үү?
-Улаанбаатарт хотын 2020 оны ерөнхий төлөвлөгөөг шинэчилж баталсан. Үүний дагуу ерөнхий төлөвлөгөөг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батална. Мөн Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх талаар хуулийн төсөл өргөн барьж батлуулна. Улаанбаатар хотын аль хэсэгт амины орон сууцны хороолол байж болох дүр зураг гараад ирнэ гэсэн үг. Улаанбаатарыг ингэж хөгжүүлэхээс гадна аймгуудын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд анхаарч байгаа.
Зуунмод Даланзадгад, Ховд, Өлгий, Дархан, Улаанбаатар хотын алслагдсан Багануур, Багахангай, Налайх гээд үлдэж байгаа бусад газруудад ч төлөвлөлт хийнэ. Мөн л Улаанбаатарын энэ төлөвлөлттэй адилхан төлөвлөлтүүд болно. Аймгуудад мянган айлын орон сууц барих хөтөлбөр хэрэгжүүлэхээр ярьж байна.
Мянган айл барих хэсэгтээ хэсэгчилсэн төлөвлөлт хийж өгч байгаа. Хэсэгчилсэн төлөвлөлт хийснээр тэнд хэдэн айлын ямар орон сууцны хороолол барих юм, худалдаа үйлчилгээний ямар талбай байх вэ, сургууль эмнэлэг нь ямар байх уу гэдгийг хот төлөвлөлтийн хууль, норм дүрмээр тооцно.
-”Шинэ хороолол” бүтээн байгуулалтын төсөл төр, орон нутаг, компани, иргэд гэсэн дөрвөн талын оролцоотойгоор хэрэгжинэ. Энэ төслийг хэрэгжүүлэхэд иргэдийн хувьд юун дээр анхаараасай гэж бодож байна?
-Иргэд маань амьдрах орчин, орон гэр, ая тухтай байдалд их анхаардаг болсон. Орлогоо тодорхойлуулаад моргэйжийн зээл авах, түрээсийн орон сууцанд амьдрах, өмчилж авсан газар дээрээ хувийнхаа байшингаа барих гээд сонголтууд байгаа. Иргэд юуны түрүүнд тэр хавийнхаа газар төлөвлөлтийн асуудалд анхаарах хэрэгтэй. Энэ чиглэлээр иргэдэд тусалдаг төрийн бус байгууллагууд байна. Мөн олон улсын төслүүд хэрэгжиж байгаа.
Хороо хорин, дүүрэг, нийслэлийн удирдлагууд санаачилгатай ажиллаж байна. Ийм үед яам энэ хүмүүстэй хамтраад энэ газрууд дээр төлөвлөлт хийгээд явах бололцоотой. Ирэх жил улсын төсөвт мөнгө тусгаагүй ч бид тодорхой хэмжээний эх үүсвэр олно. Тэгээд ийм чигийн хотхонууд барьж байгуулах ажлын санал гаргасан иргэд, нийслэлийн удирдлагууд, байгууллагуудтай хамтран ажиллах бодолтой байгаа.