Дөрвөн жилийн дараа нийслэлчүүд цахилгааны шинэ эх үүсвэртэй болно
Жил ирэх тутам хүрээгээ тэлж байгаа орон сууцжуулалт, бүтээн байгуулалттай уялдуулан цахилгааны шинэ эх үүсвэртэй болох ажил нэлээд хэдэн жилийн өмнө эхэлсэн билээ. Салбар яам үүн дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Ирэх хавар гэхэд тавдугаар цахилгаан станци барих бэлтгэл ажил үндсэндээ дуусч барьж эхлэх юм байна. 2017 он гэхэд шинэ станци нийслэл хотыг эрчим хүчээр хангаж эхэлнэ.
Хотын иргэд олшрох тусам өсөн нэмэгдэж буй дулааны хэрэгцээг хангах 450 мгв хүчин чадалтай дулааны тавдугаар цахилгаан станцыг зураг төсөлжүүлэх, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар үйлчилгээг хийх, шилжүүлэх нөхцөлтэй концессын эрх олгох шалгаруулалтыг 2012 онд Төрийн Өмчийн Хорооноос зарласан билээ. Уг шалгаруулалтад 34 дэлхийд нэр хүндтэй компани оролцох хүсэлтээ илэрхийлснээс 11 нь материалаа ирүүлж өрсөлдсөн юм. Улаанбаатарын дулаан, цахилгааны горимыг сайжруулахын тулд шинэ станцийг хотын зүүн захад барихаар төлөвлөлөө. 10 орчим газарт судалгаа хийсний үр дүнд энэ байршлийг тогтоосон байна. Одоогоор төлөвлөсөн ажил шат дараатай хийгдэж байна.
Эрчим Хүчний Сайд М.Сономпил:
Бага хэмжээний хөрөнгө оруулалтыг сум, аймаг, нийслэлээс бүрдүүллээ. Томоохон хөрөнгө оруулалтыг аль хэдийнэ шийдчихсэн юм. Монгол улсын хэмжээнд цахилгаанд холбогдоогүй дөрвөн сум цахилгаанд холбогдоно. Түүнээс гадна зарим сумдын эрчим хүчний шугамыг өргөтгөж, шинэчилнэ. Найман аймагт дулааны станци барихаар төлөвлөж байна. Энэ мэтээр орон нутагт зориулж 10 тэрбум төгрөгийг төсөвлөлөө.
Дөрвөн жилийн дараа нийслэлчүүд цахилгааны шинэ эх үүсвэртэй болж, бусад бүтээн байгуулалтын ажил ч урагшилна гэж тооцоолж байна. Мөн гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдол ч тодорхой хэмжээгээр буурна. Цахилгаан станци барих мөнгийг төсөвт суулгасан учраас ямар нэгэн хүндрэл гарахгүй.