“Буянт-Ухаа-1” хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууцыг ашиглалтанд хүлээн авлаа
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Буянт-Ухаа-1” 1764 айлын орон сууцны хорооллын эхний ээлжийн 567 айлын орон сууцны барилгын нээлт боллоо.
Одоогоос яг нэг жилийн өмнөх энэ өдөр үндэсний барилгын компаниудын төлөөлөл нэгдэж, хямд үнээр, чанарын өндөр түвшинд орон сууцны хороолол барих төслөө танилцуулсанаар “Буянт-Ухаа-1” хорооллыг барьж байгуулахаар болсон юм.
“Буянт-Ухаа-1” хороолол нь 1764 айлын 28 орон сууцны барилга, 4 блокийн дунд газар доорхи автомашины дулаан зогсоол бүхий байгууламж бөгөөд барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр үндэсний барилгын ерөнхий гүйцэтгэгч компаниудын нэгдэл болох Үндэсний бүтээн байгуулалтын Корпораци ажиллав.
120 хүүхдийн цэцэрлэг, 380 мкв талбай бүхий үйлчилгээний төв, 1764 айлын есөн давхар 28 барилга, автомашины дулаан граж, гадна зогсоол, хүүхдийн тоглоомын талбай бүхий энэ хорооллын санхүүжилт 50 сая ам долларыг Чингис бондын эх үүсвэрээс Хөгжлийн банкаар дамжуулан гаргажээ.
“Буянт-Ухаа-1” хорооллын барилгын ажил эхэлснээс хойш 100 хоног дотор 3,5 га талбайд 45000 м3 газар шорооны ажил хийж, авто зогсоолын давхартайгаа нийлээд 10 давхар 28 барилгын үндсэн бүтээцийн угсралтыг 100% гүйцэтгэсэн нь барилгын салбарт амжилт болоод зогсохгүй энэ хороолол нь бүхэлдээ Монголын барилгын салбарт сүүлийн 20 жилд хийгдээгүй томоохон бүтээн байгуулалт боллоо гэж ҮББК-ын ерөнхийлөгч Ц.Эрдэнэбат хэлэв.
Иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн энэ байрны захиалгыг ирэх сарын дундаас авч эхлэх юм байна.
Өнөөдрийн байдлаар нийт 28 барилгын угсралтын ажил дуусаж, 23 барилгад дотоод заслын ажил явж байна. Үлдсэн 1197 айлын орон сууцыг ирэх 5 дугаар сард багтаан ашиглалтанд бүрэн хүлээлгэж өгнө гэж тэрээр хэллээ.
Хорооллын хэмжээнд 33.47м2, 39.47 м2, 42.32 м2 нэг өрөө байр 756 ширхэг, 33 м2, 49.72 м2, 51.78 м2 бүхий хоёр өрөө байр 756 ширхэг, 66.88 м2 бүхий гурван өрөө байр 256 ширхэг нийт 1764 айлын орон сууц ашиглалтанд орохоос өнөөдөр 567 айлын 9 ширхэг орон сууцны барилгыг ашиглалтанд хүлээн авахад бэлэн болгож, нээлтийн туузыг хайчиллаа.
“Буянт-Ухаа-1” хорооллыг барьсан ҮББК ХХК нь барилга угсралтын ажлын шилдэг ерөнхий гүйцэтгэгчид болох Дельта Констракшн ХХК, БҮТИ ХХК, И Си Си ХХК, Улаанбаатар Барилга ХХК, Эрэлт импекс компаниудын нэгдэл бөгөөд барилгын талбайд цутгалтын үед 700 гаруй мэргэжлийн ажиллагсад, дотор гадна заслын үед 1000 гаруй мэргэжлийн ажилчид нэгдсэн зохион байгуулалтаар ажиллажээ.
“Буянт-Ухаа-1” хороололд хийгдэж байгаа нэг онцлог ажил нь 1764 айлын орон сууцны хорооллын дотуур явж байгаа 1,2 дугаар хэлхээний дулаан цэвэр усны шугам сүлжээг нэвтрэх суваг буюу хонгилын системд төлөвлөж хийжээ. Ингэснээр шугам хоолойны ашиглалтын явцад засвар үйлчилгээ хийхдээ дахин дахин зам эвдэж, газар шорооны ажил хийхгүй, бүх ажлыг хонгилд хийж гүйцэтгэнэ.
Мөн энэ хорооллын бохирыг цэвэрлэх зорилгоор Нисэхийн 1000м3 багтаамжтай хуучин цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр 2000м3 багтаамж бүхий цэвэрлэх байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн ажиллаж байна.
Уг цэвэрлэх байгууламж нь хамгийн орчин үеийн, дэлхийн дэвшилтэт технологи болох лагийг пресслэж гаргадгаараа байгаль орчинд ээлтэй технологи юм. Бохир усыг 95 хувь цэвэршүүлдгээрээ одоо манай улсад ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжуудаас давуу талтай.
“Буянт-Ухаа-1” хорооллыг барихдаа энэ орчмын 200 га газрын инженерийн дэд бүтцийн асуудлыг хамтад нь шийдэж өгснөөр нэгж метр кв талбайн өртгийг бууруулж, боломжийн үнэтэй өндөр чанар бүхий орон сууцыг хүлээлгэн өгөх боломж бүрдлээ гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэллээ.
Иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн энэ байрны захиалгыг ирэх сарын дундаас авч эхлэх юм байна.