Д.Оюунхорол Ерөнхийлөгчийн ажлаа өөрийн хүсэлтээр өгнө
МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны ээлжит VI чуулган энэ сарын 17-нд болох гэж байна.
Өнгөрсөн баасан гарагт хуралдсан тус холбооны Удирдах зөвлөлийн хурлаар чуулганы товыг зарлаж, төлөөлөгчдийн тоо, чуулганаар хэлэлцэх асуудлаа хэлэлцэж тогтжээ.
Чуулганд оролцох төлөөлөгчдийн хувьд дүүрэг тус бүрээс 10, аймгуудаас тус бүр 3-5 төлөөлөл оролцох аж. МАН-ын Бага хурлын гишүүн эмэгтэйчүүд чуулганд квотоор оролцох юм байна. Энэ удаагийн чуулганаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, холбооны дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж батлах юм.
НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол холбооны Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэж өгөх шийдвэр гаргаж, намынхаа удирдлагад танилцуулжээ. Тэрбээр холбооны Удирдах зөвлөлийн хурал дээрээ өөрийнхөө оронд Бага хурлын гишүүн Ц.Цогзолмааг санал болгожээ.
Ц.Цогзолмаа нийслэлийн Засаг даргын орлогч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, МАН-ын хорооны даргын албыг хашиж байсан туршлагатай нэгэн. Тиймээс түүнийг холбооны Ерөнхийлөгчийн ажлыг орон тоогоор хаших нь зүйтэй гэсэн санал хэлжээ. Харин Удирдах зөвлөлийн зарим гишүүн “Бишрэлт” ХХК-ийн захирал, БСШУ-ны дэд сайд асан Б.Ундармааг нэр дэвшүүлжээ.