МАН-ын бүлэг
2014.01.13

МАН-ын бүлэг: Малчид тэтгэвэрт гардаг болно

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийг боловсронгуй болгох хуулийн төсөл  өргөн мэдүүлэх,  Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого бодлогын баримт бичиг боловсруулах асуудлыг хэлэлцсэн байна.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан  МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт,  УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ.

Тус намын бүлгээс энэ долоо хоногт Малчдын  тэтгэврийн даатгалын шимтгэлийг боловсронгуй болгох тухай хуулийн төслийг  өргөн барихаар болжээ. Дөрвөн улирлын турш цаг наргүй ажилладаг малчид эрүүл мэндийн, нийгмийн даатгал төлөх боломж хомс, амьдралын ахуй нөхцөл хүнд   учраас  тэдний тэтгэвэрт гарах насыг наашлуулах үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна. Олон жилийн турш ярьж, хүлээлт үүсгээд байсан энэ хуулийн төсөлд  эрэгтэй хүн 60,  эмэгтэй хүн 50 настайдаа тэтгэвэрт гарах талаар заалт оруулсан байна.

Ингэснээр малчдын тэтгэвэрт гарах насыг тус бүр таван жилээр наашлуулж  байгаа юм. Хуулийн төслийг боловсруулахаар судалгаа хийхэд малчдын дөнгөж зургаан хувь нь  нийгмийн даатгалын шимтгэл төлдөг, хөдөөгийн ядуурал 34 хувийг эзэлж байжээ. Тиймээс хууль батлах зайлшгүй  шаардлага байгааг дурдлаа.

 МАН-ын бүлэг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг боловсруулах асуудлаар завсарлага аваад байгаа. Өнөөдөр хуралдсан бүлгийн хуралдаанаар  ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон ордыг хойч үедээ өвлүүлэн үлдээх заалтыг хасахгүй  байх,  ашигт малтмал хайх, олборолох явцад төрийн оролцоог хязгаарлах заалт оруулахгүй байх зарчмын байр суурьтай  байгаагаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, төрийн оролцоо зохистой   хэмжээгээр байх ёстой гэж МАН бүлэг үзсэн байна.