Таван хуулийн төсөлд санал авахаар болжээ
МАН-ын бүлэг
2014.01.09

Таван хуулийн төсөлд санал авахаар болжээ

УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг өчигдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн билээ.

Уг шаардлагатай холбогдуулан боловсруулсан таван хуулийн төсөлдөө санал авахаар өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгт хандлаа. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг тусгасан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд нэмэлт оруулах тухай таван хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нар санаачлан боловсруулсан юм.

2014 онд  цалин, хөлсийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас авах арга хэмжээний үр дүнд төрийн албан хаагчдын цалин хөлс дунджаар 6-8 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа. Энэ нь зөвхөн сүүлийн хоёр жилд цалин хөлсний нэмэгдэл үнийн өсөлтөөс 70-80 хувиар хоцорно гэсэн үг юм.

Оны эхээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчидтэй уулзахдаа энэ сард багтаан төсөвт тодотгол хийнэ гэж мэдэгдсэн. Тиймээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэх МАН-ын бүлгийн саналыг төсвийн энэхүү тодотголтой уялдуулан шийдэх боломжтой гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.