Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, “Оюу Толгой" компанийн төлөөлөгчидтэй уулзлаа.
2013.08.21

Хөдөлмөрийн сайд “Оюу Толгой"-н төлөөллийг хүлээн авч уулзлаа

“Оюу Толгой" компанийн далд уурхайн барилгын ажил түр зогссонтой холбоотойгоор барилгын ажлын гэрээлэгч компаниуд 2000 орчим ажилтнаа халсан гэх мэдээлэлтэй холбогдуулан Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, тус компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга нарын албаны хүмүүс болон “Оюу Толгой” ХХК–ны Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгч Майкл Бек, Гүйцэтгэх захирал Р.Содхүү байлцав.

Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав хэлэхдээ "Олон тооны ажилтан халагдсан талаарх мэдээлэл нийгэмд бухимдал төрүүлж байна. Бидний өнөөдрийн уулзаж байгаагийн гол шалтгаан энэ талаарх үнэн бодитой мэдээлэл авч, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар ярилцахад оршиж байна” гэлээ.

“Оюу Толгой” ХХК-ны Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек, “Манай компанийн далд уурхайн барилгын ажлын II шатны санхүүжилтийн асуудалтай холбоотойгоор бид барилгын ажлын гүйцэтгэгч компаниудтай хийсэн гэрээгээ цуцлахад хүрсэн. Одоогийн байдлаар “Оюу Толгой” компани 22 гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.

Эдгээрээс хэдэн компанитай гэрээгээ цуцалсан, харин хэдэн ажилтан ажилгүй болж байгаа гэх мэдээлэл бидэнд ирээгүй байна. Манай компанийн тухайд 61 ажилтнаа цомхотгох шийдвэрт хүрсэн. Эдгээр ажилчдаа өөр хэлтэс, тасаг руу шилжүүлж ажиллуулах талаар судалж байна.

“Оюу Толгой” ХХК-ны Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек

Монгол Улсын Хөдөлмөрийн хуулинд заасны дагуу эдгээр ажилчдад олгох мөнгөн тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар бид компанийнхаа Үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай хэлэлцээрийн ширээний ард сууна. Тиймээс “Оюу Толгой” компани гүйцэтгэгч компаниудын ажилчдын асуудлаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав мэдээллийг сонссоны дараагаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан гэрээ цуцалсаны дүнд хэдэн компанийн, хэдэн ажилтан халагдаж байгаа мэдээллийг нэн даруй нэгтгэн ирүүлэхийг хүсээд цаашид эдгээр компаниудыг өөр чиглэлийн гүйцэтгэгчээр ажиллах боломжийг судалж, аль болох эрсдэл багатай ажиллахыг хүслээ.

Өнөөгийн байдлаар “Оюутолгой” компанийн ил уурхай, баяжуулах үйлдвэр, бусад хэлтэс тасгуудын үйл ажиллагаа хэвийн явж байгаа бөгөөд 7000 монгол ажилтан ажиллаж байгаа аж.