УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.08.19

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэл хүргүүллээ

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгой төсөлд үүсээд байгаа нөхцөл байдлыг үндэслэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэл хүргүүлжээ.

Тэрхүү мэдэгдэлд, “Оюу толгойн ордоос баяжмал ачигдаад сар гаруй болсон ч Монгол Улсад орлого орохгүй, орох ч нөхцөлгүйгээр хөрөнгө оруулагч тал эртнээс зохицуулсан болох нь улам тодорхой болж байна.

Хэрэв энэ хэвээр үргэлжилвэл тэдний “хөрөнгө оруулалт” гэж нэрлэж буй олон тэрбум долларын өрийг дарсны дараа манай улсад орлого орж эхлэх нөхцөл байдал бий болоод байна. Энэ өрийн хэмжээ одоогийн байдлаар 6.2 гаруй тэрбум болоод байгаа билээ.

Өвөг дээдсээс үлдээсэн асар их баялагаа бид зүй бусаар зарцуулснаас улбаатай эх орноо дааж давшгүй их өрөнд оруулж, улмаар үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх асуудал болгохыг та бид хүсэхгүй биз ээ хэмээн дурьджээ.

Энэхүү захидлаар хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто компани Оюу толгой төслийн бүх санхүүжилтийг Interim funding facility буюу Түр хугацааны санхүүжилтийн аргаар гүйцэтгэж байгаа болон далд уурхайн ажлыг үргэлжлүүлэх, мөн өмнөх зээлээ төлөхөд шаардлагатай дөрвөн тэрбум долларын зээлд Монгол Улсын Засгийн газраас баталгаа шаардаж байгааг дурдаж байна.

Оюу толгой төслийн өнөөгийн нөхцөл байдлыг ийнхүү судалсны үндсэн дээр Та бүхнийг дараах асуудлуудад анхаарлаа хандуулан, зохих талуудад албан шаардлага, даалгавар өгөх саналыг хүргүүлж байна. Үүнд:

Оюу толгойн үйлдвэр

Нэг. Одоог хүртэл албан ёсоор нийтэд ил болгоогүй “Хувь нийлүүлэгчдийн гэрээ”-г ил болгож, төслийн санхүүжилт, Оюу толгой компаний дүрмийн сан бүрдүүлэлт зэргийг бизнесийн сонгодог зарчмын дагуу болгож, зээлийн хэмжээ, хүү, төлөлт зэргийг Монгол Улсын талд ашигтайгаар тусгаж, гэрээний бусад заалтуудыг харилцан ашигтай, эрх тэгш нөхцөлөөр өөрчлөлт оруулахыг Засгийн газарт үүрэг болгох. Жич: Энэхүү гэрээнд талууд  2011 онд өөрчлөлт оруулсан.

Хоёр. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 13 дугаар зүйлийн 13.1.д- д Улирал тутмын төгсгөлд хүүг Хувь нийлүүлэгчийн урьдчилан өгсөн үндсэн дүн дээр нэмэх нь тухайн үе хүртэл хуримтлагдсан хүүг нэмсэн дүнгээс тухайн Хувь нийлүүлэгчид компанийн эргүүлэн төлсөн бүх төлбөрийг хассан дүн дээр хүү тооцно.

Хувь нийлүүлэгчдийн зээлийн нөхцөл, болзлыг тодорхойлсон  зээлийн гэрээг Компани болон Хувь нийлүүлэгчдийн хооронд шуурхай байгуулна гэсэн заалтын хэрэгжилтийг хангаж байгаа эсэхийг тодорхойлох

Гурав. Далд уурхайн ажлыг үргэлжлүүлэх, чөлөөлсөн монгол ажилчдыг эргүүлэн ажилд нь оруулах, Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу төслийн санхүүжилтийн асуудлыг Монгол Улсаас элдэв баталгаа шаардахгүйгээр үргэлжлүүлэн шийдвэрлэхийг хөрөнгө оруулагч тал болох Рио Тинто компаниас шаардах, гэрээний хяналтыг сайжруулж, мэдээллийг ил тод байлгах үүднээс Засгийн Газар, Үйлдвэрчний Эвлэл, Ажил олгогч эздийн төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх.

Дөрөв. Нэгдүгээр шаардлагын хүрээнд тодруулахад Оюу толгой компанийн санхүү, бүртгэлд түр хугацааны зээлээр бүртгэсэн 6 гаруй тэрбум доллар (цаашдын санхүүжилтийг бас) хөрөнгө оруулалтад бүртгэж, өнгөрсөн хугацааны зээлийн хүү, төлбөрийг дахин тооцоолохыг хөрөнгө оруулагч талуудад үүрэг болгох.

Тав. Эдгээр шаардлагын хүрээнд гэрээний зарим тодорхой заалтуудын шаардлагыг хангаж чадаж байгаа эсэх талаар цаашид Засгийн газрын байр суурийг тодорхойлох тухай УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан зохион байгуулах саналыг тавьж байна” гэжээ.