Г.Баярсайхан: Монгол Улсын Засгийн газар сайн, муугаа дуудуулан эрх ашгийн төлөө ажиллаг
УИХ-ын гишүүн, БОХХАА-ын Байнгын Хорооны Дарга Г.Баярсайхан
2013.08.19

Г.Баярсайхан: Монгол Улсын Засгийн газар сайн, муугаа дуудуулан эрх ашгийн төлөө ажиллаг

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган завсарласан өдрүүдэд та ямар ажил амжуулав?

-Би ээлжийн амралтаа авсан. Ирэх сарын 1-нд ажил­даа орно. Хэдийгээр амарч байгаа ч байнгын хорооны шугамаар холбогдох албаны хүмүүстэй уулзах шаардлага гарч байна. АНУ-ын Байгаль орчны судалгааны төвийн судлаач, эрдэмтэн Пол Ро­бин­сонтой байгаль орчны асуудлаар санал солилцлоо.

Тэрээр Оюу толгой төслийн байгаль орчны үнэлгээ зэрэгт шүүмж бичсэн юм билээ. Оюу толгойгоос хараат бус хүн. Манайхан олон улсын бие даасан байгууллагын хараат бус судлаачдаар томоохон уул уурхайн төслүүддээ мони­торинг хийлгэвэл зүгээр. Энэ ч үүднээс би түүнтэй Мон­го­лын байгаль орчны талаар ярилцаж, нэлээд мэ­дээлэл авлаа. Манай байнгын хороо цаашид хамтарч ажиллах бодолтой байна.

-АНУ-ын судлаач Оюу толгойн ямар зүйлд нь шүүмж­лэлтэй хандаж байна вэ. Одоогийн үүсээд байгаа нөх­цөл байдалд ямар хариу хэлэв?

-Оюу толгойн гүний ус, усаа эргүүлж ашиглах техно­логи, гүний уурхай дээр бай­гаа газрын гадаргууд суулт үүсэх зэрэгт шүүмжлэлтэй ханд­сан байна лээ. Суулт үүсэ­хэд ямар арга хэмжээ авах талаар тусгаагүй байна гэсэн.

Хэрэв суулт үүсвэл малчдын бэлчээр сүйтгэгдэнэ. Уурхайн хаалтын болон менежментийн төлөвлөгөө орхигдсон, бай­галь орчны үнэлгээнд зарим заалтыг тусгасан ч тэр нь бодит байдалд хэрэгжээгүй байгааг дурдаж байсан. Хөрсний ус нь гүний ус руугаа шүүрч байгаа талаар ч ярьсан. Энэ талаар намраас нэлээд дэлгэрэнгүй ярих байх.

-Н.Алтанхуягийн Засгийн газар намар огцрох нь гэсэн яриа хэдийнэ гарчээ. Энэ талаар Ардчилсан хүчний холбооныхон Хөвсгөлд ху­ралдах үеэрээ ярилцаж то­хиролцсон гэх?

-Манай Ардчилсан хүчний холбооныхон Хөвсгөл аймагт чуулсан. Баруун бүсийн чуулга уулзалтаа хийсэн юм. Манай холбоо “Монголоо хөгжүүлье-Монголоо шинэчилье” уриа­тай. Чуулганаараа засаг төр огцруулах талаар яриагүй. Ярих ч шаардлага байхгүй, тэгэх ч ёсгүй. Манайхан Зас­­­гийн газрыг өмнө нь огцруулах хоббитой байсан.

Оюу толгойн

1996 онд АН олонхи болж засгийн эрхийг барьж байхдаа дөрвөн Засгийн газрыг огц­руулсан байдаг юм. Эцэс сүүлд нь Монголын ард түмэн хохирсон. Дөрвөн жилийн хугацаанд тодорхой бодлого ч хэрэгжүүлээгүй, АН дотроо тал­цаж, хоёр тал болсоор байгаад 2000 оны сонгуульд бид элгээрээ хэвтсэн.

Үүнийг дахин давтахыг хүсэхгүй байна. Одоогийн Засгийн газар сайн, муу нэрээ зүүгээд ажиллаад яваг. УИХ хяналтын ажлаа л сайн хийх хэрэгтэй. Сөрөг хүчин ч сайн ажиллах ёстой. Тэд саяхан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдуулах шаард­лага тавьсан байна лээ. Бид эсэргүүцээд байх зүйл алга. Ээлжит бус чуулганаа хурал­дуулж, идээ бээрээ ярилцъя л даа.

-Шинэчлэлийн гэх то­дотголтой гарч ирсэн Зас­гийн газрын нэг жилийн ой өнгөрсөн долоо хоногт болсон. Одоогийн Засгийн газрын нэг жилийн ажилд үнэлгээ өгвөл?

-Би хангалтгүй гэж хэлнэ. Гадаадын хөрөнгө оруулалт эмзэг асуудал боллоо. Улс болгонд хөрөнгө оруулъя гээд яваад байдаггүй. Бид асуудалд бодитой хандах хэрэгтэй. Га­даадынхан зориглоод хөрөн­гөө оруулж байгаа уч­раас Хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчноо таатай бол­гож өгөх ёстой. Стратегийн салбар гээд манайхан сүржиг­нээд байдаг.

Үнэндээ ийм сал­бар байхгүй шүү дээ. Харин би Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхийн төлөө байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд мөнгө хэрэгтэй. Мөнгөтэй хол­боотой асуудлыг энэ намар манай байнгын хороогоор хэлэл­цэхээр төлөвлөж байна.

Өөрөөр хэлбэл, лицензээ цуц­­луул­сан уул уурхайн ком­паниудтай уулзана. Орон нут­гийн засаг захиргааны удирд­лагуудтай нь ч уулзахаар тов­­­­­лосон. Эхийг нь эцээж, туга­­лыг нь тураалгүйгээр явуулах нь зүйтэй.   

-Эдийн засгийн нөхцөл бай­дал амаргүй байгаа. Хө­­­рөнгө оруулалтын тухай хуу­лиа боловсронгуй бол­гос­­ноор хямралаас гарч чад­­­на гэж амтай болгон ярьж байна. Энэ асуудалд та байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Бүгдээрээ бодит байдлыг ярьцгаая. Бүтээн байгуулалтын ажил хийгдэх ёстой. “Чингис” бондын мөнгөөр хийж байгаа энэ ажлуудаа түргэн хийх хэрэгтэй. Тэр бүрт очоод тууз хайчилж болохгүй. Теле­визүүдээр дарга нар байс­хийгээд тууз хайчилж байгаа харагдах юм. Урин дулааны улиралд хийх л ёстой ажлын нэг. Харин ингэж шоудмааргүй байгаа юм.

Гэтэл замын ажлууд явц муутай байгаа талаар дээр дооргүй ярьж байна. Энэ асуудалд Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй. Ам.долларын ханш огцом өсч байна. Үүнийг эдийн засагчид хоёр янзаар тайлбарладаг. Ам.долларын ханш өсвөл урт хугацаанд дотоодын үйлдвэрлэгчдэд ашигтай гэдэг ч, нөгөөтэйгүүр иргэдийн нуруун дээр ачаа болж очдог.

Одоо бид яагаад ийм нөхцөл байдалд хүрсэнд дүгнэлт хийх хэрэгтэй. Эдийн засгийн өсөлт 11.7 хувьд хүрсэн гэж буй нь сайн хэрэг ч үүнээс илүү өсгөх боломжоо алдчихаад байна. Оюу толгойн хөрөнгө оруулалт зогслоо. Нүүрсний экспортоос орж ирэх ашиг буурч, зэсийн баяжмалын экспортын орлого ч мөн буурах болж. Тэгэхээр бид нэн түрүүнд экспорт болон дотооддоо валютын урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой ан­хаармаар байна.

-Тухайлбал, нүүрсний экс­портыг нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримт­лах ёстой юм бол?

-Манай экспортын үндсэн эх үүсвэр нүүрс. Гэтэл бид нүүрсээ машинаар зөөж байгаа. Нүүрсээс олох ашгийнхаа ихэнхийг нь тээврийн зардалд өгчихөөд байна. Бид нүүрсээ морин тэргээр зөөж байгаагаас өөрцгүй байна шүү дээ. Тиймээс асуудалд бодитой хандъя. Өргөн, нарийн цариг гэж маргаад яах вэ. Аль болох богино хугацаанд их хэмжээгээр нүүрсээ экспортлох асуудлаа нэн түрүүнд бодох хэрэгтэй байна.

Гадныхан монголчуудын нүүрсний экс­портод алгуурхнаар  нө­лөөлж байгаа юм биш биз гэж хардахад хүргэж байна. Бид төмөр зам тавих гээд хэрүүл хийж байх хооронд ОХУ-ын “Менчалл” компани төмөр замаа тавьж, хойд хөрш Хятад руу их хэмжээний нүүрс экспортлох гэрээ хийчихэж. Манай улс өмнөд хөршид нүүрс нийлүүлэлтээрээ магнайд нь явж байсан бол нэлээд олон байраар хойш ухарсан байна.

-Дэлхийн зах зээлд алтны үнэ унасан ч эргээд сэргэх хандлага байна. Та Алтны тухай хуультай болох ёстой гэж байсан.

-Алт валютын гол эх үүсвэр. Оюу толгойгоос олборлож байгаа алтыг Монголбанкаар дамжуулж тушаадаг болвол улс хөрөнгөжинө. Валютын нөөц ч нэмэгдэнэ. Тиймээс Алтны тухай хууль гаргах ёстой. Энэ хуульд нинжа ирээд ч алтаа тушааж болно гэж заах хэрэгтэй. Ингэхдээ эдийн засгийн сонирхлыг нь бий болгож байж тэднийг өөр рүүгээ татна.

Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлийн үнээс алтыг нь 10 хувийн нэмэгдэлтэйгээр худалдаж авах хэрэгтэй. Ингэж байж хилээр гараад байгаа алтыг зогсоож чадна. Зөвхөн Монголбанк алт худалдаж авдаг болъё. Перу улс ийм хууль гаргаад алттай холбоотой бүх зохисгүй үйлдлүүд зогссон байна. Пе­руд нэмэгдэл урамшууллын 10 хувийг алт олборлогч то­моо­хон компаниуд сан бай­гуу­­лаад тэндээсээ өгдөг юм билээ.

Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих тодорхой бодлого хэрэгтэй байгаа. Мон­голд гадаадын хөрөнгө оруулалт 43 хувиар буурсан гэж буй ч 90 гаруй хувьтай болчихоод байна. Оффисын байр түрээсэлдэг гадаадын ком­паниуд бүгд гараад явчихсан гэсэн. Оюу толгойн гэрээг би шүүмжилсээр ирсэн.

Гадаадын хөрөнгө оруулагч нар Монголд ашиг олох гэж орж ирдэг. Муу гэрээ хийсэн хүмүүстэй хариуцлага ярих ёстой. Бид эргэж буцаж байна. Хэлсэн үгэндээ хүрдэггүй хүнтэй монголчууд нөхөрлөдөггүй. Манайхан гэрээгээ өөрсдөө хийчихээд байн байн буцаад байвал дэлхий нийт ч бидэнтэй харилцаж болохгүй гэсэн ойлголтод хүрнэ шүү дээ.

Нөгөөтэйгүүр “Чингис” бондын үнэлэмж буурсан байна. Бид Оюу толгойн асуудлыг олон жил ярилаа. Энэ үйлдвэрийг бариулаад авах хэрэгтэй байна. Үүний дараа өөрсдөө до­тооддоо ярилцаж байгаад шийдэх хэрэгтэй. Гэрээгээ өөр­чилж чадахгүй байсаар байтал хөрөнгө оруулагч нь үргээд гарчихлаа. Нэг үгээр хэлбэл, Монгол гэсэн айлд худалдан авалт хийхгүй байна гэсэн үг.