Монголын ажиллах хүчний судалгааг гаргана
“Ажиллах хүчний дунд урт хугацааны таамаглалын загвар бий болгох харилцан ойлголцлолын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
2013.07.08

Монголын ажиллах хүчний судалгааг гаргана

БНСУ-ын Хөдөлмөрийн дэд сайд Jung, Hyun Ok, Хөдөлмөрийн яамны захирал Chang, Keun Sop, дэд захирал Song, You Na  болон Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар, Hanyang их сургууль, Kyonggi их сургуулийн төлөөлөгчид 2013 онд Монгол улсад бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хамтын ажиллагааны гэрээ байгуулах, Хөдөлмөр эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлж буй МУ-ын илгээгч байгууллагын үйл ажиллагаатай танилцах, Монгол дахь Солонгос компаниудтай уулзах зорилгоор 7-р сарын 7-10 –ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Санамж бичигт гарын үсэг зурав

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр хоёр улсын Хөдөлмөрийн яамны дэд сайд нарын түвшинд “Ажиллах хүчний дунд урт хугацааны таамаглалын загвар бий болгох харилцан ойлголцлолын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурсаны дагуу Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн судалгааны институт болон БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар санамж бичгийг хамтран хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулж, хамтран ажиллах юм.

Санамж бичгийн хүрээнд Ажиллах хүчний дунд урт хугацааны таамаглалын загвар бий болгох, Хөдөлмөрийн салбарын чадавхийг сайжруулах ажлууд хийгдэх бөгөөд үүний хүрээнд 5-10 жилийн хугацаанд Монгол улсын хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжилтэн илүү шаардлагатай болохыг урьдчилан тогтоох, үүнийг дагаад эдийн засгийн өсөлтийг тооцоолох  гэх мэт боломжууд нээгдэх юм.  

БНСУ-ын хөдөлмөрийн дэд сайд болон албаны хүмүүс манай улсад айлчлах үеэр Хөдөлмөрийн яамны харьяа газрууд болох Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөдөлмөрийн судалгааны институтын үйл ажиллагаатай танилцаж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй солонгос компаниудын төлөөлөлтэй уулзалт хийх юм.