Б.Эрдэнэбат: Залуус сумандаа очиж, орон нутгаа сэргээнэ
Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрийн дагуу “Ажилтай, орлоготой монгол хүн” үндэсний хөтөлбөрийг дэмжих үүднээс Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”, Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Тус хөтөлбөрийн хүрээнд “Цагийн ажил”, “Ажлын гараа”, “ Сумын залуус” гэсэн гурван томоохон төслийг эхлүүлээд байгаа. Тус төслүүдийн талаар Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбаттай ярилцсан юм.
-“Залуучуудын хөдөлмөрийн төв бирж” байгуулагдаад удаагүй ч гэсэн хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлээд эхэлчихлээ. Танай байгууллагын зорилт, зорилгыг сонирхож буй залуус их бий. Тиймээс товчхон танилцуулахгүй юу?
-МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж байгуулагдаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Залуучуудыг ажлын байраар хангах, Монгол Улсын хэмжээнд залуучуудын ажилгүйдлийн хувь хэмжээг бууруулах зорилгоор байгуулагдсан.
Эхний ээлжинд Шинэчлэлийн Засгийн газраас гаргасан “Ажилтай, орлоготой, монгол хүн” хөтөлбөрийг дэмжин “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.
-“Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдэд залуус хэр хамрагдаж байна?
-Хөдөлмөрийн яам, Монголын залуучуудын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ санамж бичгийн хүрээнд гурван томоохон төслийг хэрэгжүүлэхээр болоод эхнээсээ хэрэгжиж эхлээд байна. Уг хөтөлбөрт “Цагийн ажил”, “Сумын залуус”, “Ажлын гараа” төслүүд багтсан.
“Цагийн ажил” төсөл нь оюутан залуусыг зуны амралт болон хичээлийн бус цагаар ажлын байраар хангах зорилгоор бүртгэл нь явагдаж байгаа. Бүртгэл эхэлснээс хойш 10 гаруй хоногийн хугацаанд 400 орчим залуус бүртгүүлснээс бүгд ажлын байраар хангагдсан.
Мөн аж, ахуйн нэгж байгууллагууд ажлын байрны захиалгаа ирүүлж байна. Энэ төслийн хүрээнд тусгай веб сайттай болж, түүгээрээ дамжуулан залуусаа бүртгэхээр ажиллаж байна. “Сумын залуус” төсөл нь 21 аймаг, 331 суманд 1324 залууг сум руу нь илгээж, зуныхаа амралтаар ажилтай, орлоготой байх боломжийг нээж өгч байгаа бол “Ажлын гараа” төсөл нь улс орныхоо бүтээн байгуулалтад оролцуулах зорилгоор 21 аймагт 315 залууг 21 жишиг өвөлжөө бариулахаар болж байгаа юм.
-Ажлын байр сонирхогч залуусаас гадна ажлын байрнаас захиалга ирж байх юм уу. “Цагийн ажил” төсөл хэрэгжээд 100 гаруй залуусыг ажлын байраар хангасан гэж ярилаа. Ихэвчлэн ямар ажилд зуучилсан бэ?
-Зам тээврийн яам, Барилга хот байгуулалтын яам, ҮХААЯ зэрэг яамтай хамтран ажиллаж байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт 45 залуу 500 мянган төгрөгийн цалинтай ажиллахаар болсон. Мөн Хөшөөт, Яармаг зэрэг бүтээн байгуулалтын ажилд залуусыг ажлын байраар хангах сонирхол байгаа.
“Цагийн ажил” төслийн хүрээнд аж ахуйн нэгж албан байгууллагуудаас ирсэн ажлын байрны захиалгаас хамаараад өөр өөр байгаа. Гэхдээ ихэвчлэн ресторан, зоогийн газарт зөөгч, болон бүтээн байгуулалт, улирлын чанартай ажлуудтай холбоотой барилга, зам гэх зэрэг ажлуудад зуучлаад байна. Мөн хүмүүс зусландаа гарсантай холбоотой янз бүрийн ажлын саналууд ихээр ирж байна.
-“Сумын залуус” төсөл нээлтээ хийж “4 бэрх” баг болон мордлоо. Мөн “Гавшгай 15 залуу” гэж яригдаад байсныг тодруулмаар байна. Ер нь эдгээр залуусын цалин хөлсийг хаанаас, хэрхэн шийдвэрлэх бол?
-“Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөр болон “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-ийн нээлтээ долдугаар сарын 1-нд хийсэн. Энэ хүрээнд “Сумын залуус” төсөлд хамрагдсан 21 аймаг, 331 суманд 1324 залуусыг илгээж, зуныхаа амралтаар ажилтай, орлоготой болох боломжийг нээж өгсөн. Хөдөлмөрийн яам ерөнхий санхүүжилт, цалин хөлсний асуудлыг шийдэж байгаа.
МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь 21 аймгийн залуучуудын холбооны дарга нар “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг хамтран зохион байгуулж байгаа. “Сумын залуус” төсөлд оролцож байгаа залуучууд мэргэжлийн хувьд математик, мэдээлэл-зүй, англи хэл, үйлдвэрлэл-бизнесийн удирдлага, эмч гэсэн мэргэжлээр “Дөрвөн бэрх” баг болон багийн зохион байгуулалтад орж илгээгдсэн.
Нэг баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тиймээс эдгээр залуусаа “Гавшгай 15 залуу” гэж нэрлэсэн юм. Илгээглтээр явсан залуус мэргэжлийнхээ дагуу сумандаа очиж, сумынхаа залуусыг сэрээх, эрүүл мэнд, нийгэм, боловсролын үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Залуучуудын холбооны салбар зөвлөлийг байгуулах зэрэг бүтээн байгуулалтын олон талт арга хэмжээг хоёр сарын турш хэрэгжүүлэх юм. Ер нь бол сумын залуус сумандаа очиж, сумаа сэргээх сайхан үйл явц энэ жилээс бүрдэж байгаад баяртай байна.
-“Ажлын гараа” төсөл хэзээнээс эхлэх вэ?
-Улс эх орныхоо бүтээн байгуулалтад залуучуудын хувь нэмрийг оролцуулах зорилгоор уг төслийг санаачилж байгаа. Энэ төслийн томоохон ажил нь нэг аймагт 15 залуу нэг жишиг өвөлжөө барина. Нэг үгээр хэлбэл, 21 аймагт 315 залуу ажиллаж, 21 жишиг өвөлжөө барина гэсэн үг юм.
Энэхүү төсөл долдугаар сарын 15-аас наймдугаар сарын 15 хүртэл сарын хугацаанд хэрэгжинэ. Сарын цалин 500 мянган төгрөг байхаар тооцож, Хөдөлмөрийн яамнаас санхүүжүүлж байгаа. Энэхүү төслийг Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам дэмжиж ажиллаж байна.
Мөн үүрэн холбооны үндэсний оператор “Жи мобайл” корпораци мэдээлэл харилцааг бүрэн шийдэж, 21 аймгийн залуусыг таблетаар хангасан. Энэхүү таблетаар интернетийн үйлчилгээ болон мэдээлэл, харилцаатай байх бүхий л боломжийг олгож байгаа.
“Ажлын гараа” төслийн нээлтийг долдугаар сарын 9-нд Сүхбаатарын талбайд хийнэ. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар болон холбогдох албаны хүмүүс оролцоно.
-Эдгээр төслийн дараа шалгарсан шилдэг залуусыг гадаад руу аялуулна гэж байсан?
-Төсөл, хөтөлбөрүүдэд хамрагдсан шилдэг залуусыг гадаад улс орнуудад аялуулах, амраахаар Хөдөлмөрийн яамтай ярилцаж байгаа.
-“Төсөлтэй холбоотойгоор Залуучуудын хөдөлмөрийн төв биржид хэрхэн хандахаа мэдээгүй явж байгаа залуус ч их байгаа байх. Ер нь бүртгэл хэзээ дуусах вэ?
-“Цагийн ажил”, “Ажлын гараа” төслүүдийн бүртгэл МЗХ-ны байранд явагдаж байгаа. Манай байгууллага дээр ирээд 201 тоотод ирж бүртгүүлж болно. Өдөр бүр 07:30-18:00 цаг хүртэл бүртгэнэ. Оюутан залуус өргөнөөр ирж бүртгүүлэхээс гадна аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байрны захиалгаа өгөх боломжтой.