Б.Гарамгайбаатар: Засгийн газар муу ажилласнаас Оюутолгой гацлаа
УИХ-ын гишүүн, Эдийн загийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2013.08.19

Б.Гарамгайбаатар: Засгийн газар муу ажилласнаас Оюутолгой гацлаа

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Гарамгайбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болоод үе үеийн Төрийн тэргүүнүүд, сайд нартай уулзаж эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцсэн. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр үе үеийн Монгол Улсын Засгийн газрын удирдлагууд, УИХ-ын удирдлагуудтай уулзаж Ерөнхийлөгч санал бодлоо солилцлоо. Дараа нь Засгийн газрын гишүүдтэй уулзлаа. Одоогийн байдлаар УИХ- ын ээлжит бус чуулган хуралдах эсэх нь албан ,ёсоор шийдэгдээгүй байна. Магадгүй ойрын үед УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж энэ тухай ярих байх. Тэр үеэр хэлэлцэх асуудлууд тодорхой болох байх.

-Оюутолгойд үүссэн нөхцөл байдал ямар байна вэ. Далд уурхайн бүтээн байгуулалт нь хойшиллоо. Цаашдаа асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал Монгол Улсын Их хурал дээр хоёр асуудал байна. Нэг нь Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай УИХ- аар хэлэлцэж баталж, гадаадын хөрөнгө оруулагчдад хуулиа сурталчилж тайлбарлах ёстой.

Тэр хууль эрх зүйн орчин нь тогтвортой удаан хугацаагаар мөрдөгдөх ёстой. Хоёрдугаарт, шаардлагатай гэвэл төсвийн тодотгол хийх хэрэгтэй. Бусад асуудал, тухайлбал Оюутолгойтой холбоотой, Оюутолгойн далд уурхай зогсч буй зэрэг нь Засгийн газрын асуудал. Засгийн газарт эрх нь бий.

Судалгаанд хамрагдсанаас хойшхи хугацаанд ДӨЧИ-д эзэлсэн Монгол Улсын зэрэглэл

Засгийн газар, Оюутолгойн ТУЗ, холбогдох яамд энэ ажлыг хариуцаж хийх ёстой. Тийм ч учраас дөрвийн дөрвөн сайдаар ажлын хэсэг байгуулсан. Тэр ажлын хэсэг Оюутолгойтой харилцан зөвшилцөж, ажлыг хэвийн хэмжээнд явуулах ажлыг хийх ёстой байсан. Гэвч тэр ажлаа шаардлагын төвшинд хийж чадаагүй болоод л энэ асуудал үүсээд байна.

Байнгын хорооны даргын хувьд би ингэж дүгнэж байгаа. Нэг ёсондоо Засгийн газар ажлаа сайн хийх ёстой. Тэд ажлаа хийж чадаагүйгээс болоод улс орны байдал, хүмүүсийн сэтгэхүйд таагүй байдлыг үүсгэсэн.

-Тэгвэл энэ бүхнээс гарах гарц нь юу байх юм бэ. Хэрхэн шийдэх вэ?

-Дахиад хэлэлцээрийн ширээнд суух ёстой. Гэрээн дээр дахиад ажиллах ёстой. Тэр далд уурхайг ажиллуулах ёстой. Дээр нь барилгын материал, бензин шатахуунтай холбоотой асуудлуудыг шийдэх ёстой. Энэ тухайд УИХ шийдвэрээ гаргаад Засгийн газарт үүрэг өгчихсөн. Засгийн газар үүргээ биелүүлж чадахгүй бол асуудлаа өөр өнцгөөс нь тавих ёстой.

-Валютын ханшийн өсөлт байсаар байна. Монголбанкнаас өдөр бүр валют нийлүүлж байгаа ч хангалттай нөлөөлж чадахгүй байна. Цаашдаа ханш хэрхэн өөрчлөгдөх бол?

- Гадаадаас валют орж ирээгүй нөхцөлд Монголбанк нөөцөө барагдуулж болохгүй шүү дээ. Тиймээс валютын нийлүүлэлт тийм сайн зүйл биш. Хамгийн гол нь ханшийн хэлбэлзэл байх ёстой. Гэхдээ Монголбанк тэр бүгдийг зохицуулах үүрэг байхгүй. Харин бид гаднаас мөнгө оруулах ажлаа сайн хийх ёстой. Тэгж байж ханш өөрчлөгдөнө.