С.Ганбаатар: Дахин санхүүжилт хийвэл “Оюутолгой”-гоос 2048 он хүртэл ногдол ашиг хүртэхгүй
Оюутолгой”-н далд уурхай түр зогссонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнээс дараах асуултад хариулт авснаа хүргэе.
-“Оюутолгой”-н далд уурхай түр зогссонтой холбоотойгоор 2000 ажилчиндаа түр зогсолтын нөхөн олговрыг өгч, ажлаас нь түр чөлөөллөө гэсэн мэдээлэл өнөөдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол мэдээ болж байна. Албан ёсоор Оюутолгойгоос энэ тухай мэдэгдээгүй байгаа. Таны мэдэгдснээр бол 1700 ажилчин юм байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Миний авсан мэдээллээр бол “Рио тинто” компани өнгөрсөн гурван өдрийн хугацаанд гүний уурхайд ажиллаж байсан 1700-гаад ажилтныг цомхотгосон гэсэн. Хэдийгээр энэ мэдээлэл нь албажаагүй ч тус компаниас өөрсдийн гар хөл болдог нийтлэлчдээрээ дамжуулан мэдээллийг цацаж байгаа.
Өөрөөр хэлбэл монголчуудаар өөрсдөөр нь дамжуулах тэдэнд ашигтай гэдэг нь харагдаж байна. Улмаар “Оюутолгой” төслийг удирдаж байгаа “Рио Тинто” компанийн зүгээс үндэслэлгүй мэдээлэл цацаж байгаа нь Монгол Улсын нэр хүндэд бүдүүлгээр халдсан хэрэг төдийгүй Монголын Засгийн газрыг иргэдэд нь муухайгаар харуулах гэсэн увайгүй үйлдэл гэж дүгнэж байна.
Тэдний энэ үйлдэл нь Монголын талыг айлган сүрдүүлэх арга хэмжээ болох нь харагдлаа. Үүнийг ч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүгнэн бичиж байна. Бүхэл бүтэн улсыг сүрдүүлж байгаа нь дэлхийн хэмжээнд нэр хүндээ алдсан “Рио Тинто”-гийн хувьд нөлөөлөл багатай гэж би бодож байна.
-Хөрөнгө оруулалтаас болоод “Оюутолгой” ХХК заавал ажилчдаа цомхотгох шаардлага байсан уу. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
- Уурхайг хаана, ажилчдыг хална гэдэг бол олон улсад байдаг зүйл. Гэхдээ “Рио Тинто”-гийн хувьд ажилчдыг цомхотгох ямар ч шаардлага байхгүй. Гол нь тэд өөртөө ашигтай бизнесийг бидэнд санал болгож байгаад л гол учир байгаа юм.
Монголын ард түмнийг өрөнд унагах нь тэдэнд хамаагүй асуудал. Тиймээс өрийн бичгийг Монголын тал маш болгоомжтойгоор авч үзэх ёстой. Үүнийг зөвшөөрөх юм бол доод тал нь 15 жилээр өр сунгагдана гэсэн үг.
-Өртэй айл өөдөлдөггүй гэдэг. Өр нэмэгдэхээр айлын төсөв хүндэрнэ. “Рио Тинто” компаниас санал болгож буй санхүүжилт хэр үндэслэлтэй вэ?
Оюу толгойн үйлдвэр
- Энэ нэмэлт санхүүжилтийн зарим нөхцлүүд нь Монгол Улсын хууль, Гэрээний агуулга, зүйл заалттай илэрхий зөрчилдөж байгаа. Гэрээгээр тохирсон хөрөнгө оруулалт нь анхны төслөөр 2.7 тэрбум ам.доллар, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахад 4.1 тэрбум +1 тэрбум ам.доллар байсан.
Гэтэл 2012 онд 6.2 тэрбум ам.доллар одоогоор нийт 14.6 тэрбум ам.доллар, цаашид 24.4 тэрбум ам.доллар шаардлагатай гэж байгаа. 24.4 тэрбум ам. долларын санхүүжилтийг авах юм бол жилд 180 сая ам. долларын өр төлнө гэсэн үг.
Ингэж зуучилснаараа “Рио Тинто” 5.7 тэрбум ам.долларыг авч байгаа бөгөөд менежментийн төлбөрт 1.4 тэрбум ам.долларыг нэмж авч, барьцаанд нь биет ба биет бус бүх хөрөнгийг бүхлээр нь тавьж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж улмаар олон улсын тунхаг, шийдвэр, гэрээ, конвенцийг шууд зөрчиж байна.
Эндээс үзэхэд “Рио-Тинто” компани Монгол Улсад хөрөнгөө оруулаад бизнес хийж байгаа юм уу, эсвэл зээл зуучилж өгөөд дундаас нь ашиг олоод хүү авах гэж байгаагаа тодорхой болгох ёстой. Хөрөнгө оруулалтын ТЭЗҮ-д 5.1 тэрбум 124 сая ам.доллар гэсэн нь далд уурхайн хөрөнгө оруулалт бүхэлдээ багтсан байгааг “Рио Тинто” эргэн санах учиртай. Энэ нь УИХ-аас баталсан хөрөнгө оруулалтын буюу хууль ёсны баримт бичиг юм. Үүнийг өөрчлөе гэж байгаа бол УИХ авч үзэх ёстой.
-Хөрөнгө оруулалтын гэрээнд санхүүжилт нэмэх асуудлыг хэрхэн тусгасан юм бол. Үүнийг та судалж үзсэн үү?
- Гэрээний 14.1 дээр маргаан гарвал эхний ээлжинд сайн санааны үүднээс хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх бөгөөд аль нэг талдаа бичгээр 60 хоногийн дотор өгч шийднэ гэж заасан. Түүнчлэн Хувь нийлүүлэгчдийн гэрээний 13. 1.Е-д хэрвээ талууд зээл авах гэж байгаа бол зээлийг зохицуулсан тусгай журам гаргах ёстой гэж заасан.
-Өмнөх Засгийн газрын балаг арилахгүй нь ээ. Оюутолгой” ХХК-иас 250 сая ам. доллар зээлж иргэдэд мөнгө тараасан нь эдийн засаг саарахад нөлөөлж буйг Ерөнхий сайд онцолсон. Энэ мөнгөний хүү хэд болсныг эдийн засагчийн хувьд тооцоолж үзсэн үү?
- 250 сая ам. долларын зээлийн хүү одоогийн байдлаар 27 сая ам. долларт хүрээд байна. Дахин санхүүжилт хийвэл өр нэмэгдэж жил уртасч “Оюутолгой”-гоос 2048 он хүртэл ногдол ашиг хүртэх боломжгүй гэсэн судалгааг зарим эрдэмтэд гаргасан.
-Та “Оюутолгой”-н гэрээнээс эхлээд тус компанитай холбоотой асуудлаар тэмцэж ирсэн. “Рио Тинто”-гийн удирдлагуудтай ширээний ард сууж ярилцаж үзсэн удаа бий юу?
-Байхгүй. Маш олон удаа уулзах санал тавьж үзсэн. Зургадугаар сараас хойш дөрвөн удаа уулзах хүсэлтээ бичгээр илгээсэн ч хариу ирээгүй. Тэдний хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа зүйл нь дандаа ерөнхий байдаг. Хэзээ ч задаргаа, нарийвчилсан зүйл хэлдэггүй.
Яг асуудлаа, гэрээнийхээ зүйл заалтыг хэзээ ч ярьдаггүй. Монголын эдийн засаг өснө, хөрөнгө оруулагчдыг хөөж байна гэх зэргээр ерөнхий ойлголтыг ярихаас биш ийм учиртай юм гэж хэзээ ч нарийвчилдаггүй. Миний уулзах хүсэлт бол ерөнхий бус задаргаатай тайлбар авах юм.
Оюу толгойн төсөл
Ард түмнийг ерөнхий ойлголтоор бөмбөгдчихөөд мэргэжлийн ассоциаци гэх мэт байгууллагад нь мөнгө өгөөд амыг нь барих тал байгаа нь ажиглагддаг. Тухайлбал “Рио Тинто” компани Монголын урлагийн зөвлөл гэдэг байгууллагад нэг удаагийн шилжүүлгээр 17 сая ам.доллар шилжүүлсэн байх жишээтэй. Үүнийг юу гэж ойлгох гээд асуудал хөвөрнө. “Рио-Тинто” яагаад бөглүү байгаа юм бэ гэдэг нь өөрөө асуудал шүү дээ.
-Эдийн засаг савлагаатай үед “Оюутолгой” зогсоно гэхээс хүмүүс эмээж байна. 2000 хүний 90 хувь нь монгол ажилтнууд гэсэн мэдээлэл байгаа. Эдгээр хүмүүсийн ард олон хүний амьдрал яригдахаар болоод байна?
-МҮЭХ-ноос “Оюутолгой” компанид шаардлага хүргүүлээд байна. 1700 ажилтанд түр чөлөө олгосон шалтгаан, ажилтнуудыг эргүүлэн авах хугацаа, ажлын байрны баталгааны талаарх мэдээллийг ойрын хугацаанд ирүүлэхийг шаардсан. Мөн тус компанийн ажилтнуудын төлөөлөл дуугарах ёстой. Монгол хүн монголынхоо төлөө нэгдэж байж асуудлыг шийдэх гарц хайна. Тиймээс энд дуугүй суух нь зохимжгүй юм.
-Ерөнхий сайд өнгөрсөн долоон хоногт далд уурхайг хэвийн ажиллуулна. Ямар ч ажилтан халахгүй гэж мэдэгдэж байсан. Асуудал яагаад Ерөнхий сайдын мэдэгдлээс зөрөв гэж та бодож байна вэ?
- “Рио-Тинто”-д Ерөнхий сайд гараа ардаа гартал мушгиуллаа. Тэд Монголын Засгийн газрыг үл ойшоож ард түмэнд нь ховлох ажиллагааг хийлээ. Өөрөөр хэлбэл тэд Ерөнхий сайдаас нь эхлээд Монгол Улсыг хүндэтгэхгүй байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр Монголын төр засгийг өрийн бичигт гарын үсэг зуруулан сөгдүүлэх гэсэн үйл ажиллагааг “Рио Тинто” компани хийж байна.
-Уул уурхайн салбар байнгын хэл амтай байх болж. Сүүлийн хэдэн өдрүүдэд салбарын сайдын суудлыг хөндөх яриа ч гарах болов. Энэ тухайд?
-Хэн нэгний хатгаасаар асуудалд хандаж болохгүй. Энэ бол холоос шидэж буй өдөөн хатгалга. Хэн нэгэнд таалагдах гэж ажил хийх ёсгүй.
-Та “Оюутолгой”-н гэрээний асуудлаар Гаагийн шүүхэд өгнө гэж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Мозамбикийн нэг эмэгтэй нуур хамгаалах гэж Гаагийн шүүхэд хандсан юм билээ. Тэр эмэгтэйтэй би холбогдож хэрэг нь хэрхэн шийдэгдсэнийг асуусан. Тэр хүн заргаа авахын тулд 8.5 жил тэмцсэн байдаг.
Тэгэхээр миний тэмцэл бол өнөө маргаашгүй шийдэгдэх асуудал биш. Ямар ч байсан гомдлоо гаргаад байгаа. Одоогоор хариу ирээгүй байна. Ирэх есдүгээр сар гаргаад хариу ирэхгүй бол дахин хандана.