2025.06.10
О.Батнайрамдал: "Онтрэ" ХХК-тай шинэ Хөрөнгө оруулалтын гэрээ яаралтай байгуулах ёстой!
Оюу толгойн нийт орд таван лицензтэй, үүний хоёрыг нь буюу нөөцийн бараг 30 орчим хувийг “Онтрэ” ХХК 2004 оноос хойш эзэмшиж ирсэн. Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтрэ” ХХК нь 2025 оны хоёрдугаар сард “Оюу толгой” ХХК-тай 76 хуудас бүхий гэрээ байгуулсан ч Монголын оролцоо огт тусаагүй. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Монгол Улсын Засгийн газрын болон УИХ-ын түвшинд ярьж байгаа. Мөн олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч, тод дуугарч байгаа.
Үүний үр дүн эхнээсээ гарч байна. Тухайлбал, Оюу толгой стратегийн бүлэг ордод хамаарах "Онтрэ" ХХК-ийн талбай руу орох Панел 1-ийн бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орсныг Оюутолгой ХХК мэдэгдлээ. Энэ нь нэг талаас эгзэгтэй боловч нөгөө талаас шийдлийн үүц нээгдсэн цаг үе мөн. Монгол Улсын эрх ашгийг хангасан, харилцан ашигтай шинэ хөрөнгө оруулалтын гэрээг яаралтай байгуулах нь зөв.
Тиймээс Үндсэн хуулийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-д заасны дагуу Монголын тал 34 хувийн энгийн хувьцаа эзэмших эсвэл өсөн нэмэгдэх АМНАТ-аар орлуулах хэлэлцээрийг шинэ Засгийн газар нэн даруй эцэслэн УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай. Шинэ хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар Монгол Улсын хүртэх өгөөж мэдэгдэхүйц нэмэгдэж, ноогдол ашиг авах хугацаа 8-10 жилээр наашлах бодит боломж нээгдэнэ. Мөн түүнчлэн Оюутолгойн олборлолтыг бүрэн хэмжээнд, саадгүй, тогтвортой урт хугацаанд явуулах боломжыг цаг алдалгүй нээж өгөх нь зөв юм.
Оюутолгой ХХК мэдэгдэл

Сэтгүүлч