З.Баянсэлэнгэ: Н.Энхбаяр даргынхаас хоёр компьютер, хэдэн гар утас л авч гарсан гэсэн
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг “Ярилцах танхим” булангийнхаа энэ удаагийн зочноор урилаа. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэрт хуулийн байгууллагынхан нэгжлэг хийх үеэр тэрбээр экс Ерөнхийлөгчийнд очсон билээ. Ингээд түүнтэй тухайн үед чухам юу болсон талаар ярилцсан юм.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэрт хуулийн байгууллагынхан нэгжлэг хийх үеэр та гэрт нь очсон. Тухайн үед чухам юу болсон юм бэ. Та газар дээр нь байсан хүний хувьд уншигчдад маань тодорхой тайлбарлаж өгөхгүй юү?
-Бид намын даргынхаа ар гэртэй байнга холбоотой байдаг. Өнгөрсөн лхагва гаригийн 12:00 цагийн үед даргын ажлын байрыг нэгжиж байна гэсэн мэдээлэл надад ирсэн юм. Төд удалгүй тэрхүү нэгжлэг нь даргын гэр рүү “шилжсэн” юм билээ. Энэ бүхнийг сонсоод би даргын гэр рүү явсан.
Тухайн үед хаанаас, ямар учраас нэгжлэг хийгээд байгааг мэдэх сөхөө байгаагүй ч АТГ-ынхны л хийж байгаа ажил гэж бодоод даргын гэргий О.Цолмон эгчид нэлээд санаа зовсны үндсэн дээр тайтгаруулах гэж очсон юм. АТГ-ынхан ямар хүмүүс билээ дээ. Юм л болбол бүх асуудлыг хүчээр шийдэх гэж зүтгэдэг түрэмгий хүмүүс шүү дээ.
Гэртээ ганцаараа байгаа эмэгтэй хүнийг яаж ч бэмбэгнүүлж мэдэх тийм л хүмүүс. Намайг очиход байрны гадаа цагдаа нараас гадна манай намын гишүүд ирчихсэн байсан. Цагдаа нар намайг дотогш нь оруулахгүй гэж оролдсон ч би даргын гэрийн хаалганых нь кодыг мэддэг байсан болохоор шууд орчихсон юм. Орцонд ороход хоёр давхарт нь бас хамгаалалт гарчихсан байсан.
АТГ-аас нэгжлэг хийсэн.
Тухайн үед би хуулийнхан нэгжлэг хийж байхад ажилд нь саад учруулж болохгүй гэж бодоод хүлээхээр шийдсэн юм. Орцонд нь бараг дөрөв, таван цаг хүлээсний эцэст нэгжлэг дуусаж, 6-7 хүн тэднийхээс гарч явсан. Нэгжлэг хийсэн хүмүүсээс гадна орцны жижүүрийг хөндлөнгийн гэрчээр байлцуулсан юм билээ.
Ямар үндэслэлээр, хэний зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн талаарх мэдээлэл надад байхгүй. Хэдийгээр манай намынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч, шүүхийн шийдвэр гардгаа гараад хэрэг нэг тийшээ шийдэгдчихсэн байхад АТГ-аас намын даргын ар гэрийнхнийг тайван байлгахгүй нэгжлэг хийж байгаад харамсаж байна.
Хэлмэгдүүлэлт дахин давтагдах вий. Энэ байдлаар бол Н.Энхбаяр гэдэг хүнтэй холбоотой бүх хүний гэрийг нэгжиж ч магадгүй байдал үүсчихсэн бололтой. Нэг л өдөр манайхыг нэгжих гэж ирэх ч юм бил үү. Ер нь айдастай л байна шүү.
-Нэгжлэг хийсэн хүмүүс Н.Энхбаяр даргын гэрээс "хайрцагтай бичиг баримт" авч гарч ирсэн гэдэг мэдээлэл гарсан байна билээ. Танд энэ бүхний талаар ямар мэдээлэл байна вэ?
-Миний хажуугаар хайрцагтай ямар нэгэн зүйл авч гарсан тохиолдол байхгүй. Нэгжлэг хийсэн хүмүүс ажлынхаа цүнхтэй л гарсан. Харин тэр хайрцагтай зүйлийг гаражаар нь дамжуулж авч гарсан байж магадгүй юм. Сураг сонсох нь ээ, хоёр компьютер, хэдэн гар утас л тэр хайрцагт байсан гэх юм билээ.
-Нэгжлэг хийсэн хүмүүсийг гарсны дараа та мэдээж гэр рүү орсон байх. Н.Энхбаяр даргын эхнэр О.Цолмон тухайн үед танд юу гэж ярьж байсан бэ?
-Нөхөр нь хоригдоод сэтгэл санаа, биеийн байдал нь тааруухан байхад нь гэрийг нь эзгүйчилж, гэнэт нэгжлэг хийсэнд нэлээд цочирсон, айсан эмээсэн байдалтай байна билээ.
Тэрбээр хуулийн байгууллагынхны гаргаж буй ааш авирт үнэхээр харамсаж байсан. Хүү нь саяхан анхны үрийн зулайгаа үнэрлэж, шинэ хүн нь гэрт нь ирэх гэж байхад ийм зүйл болсонд хэн л таатай хүлээж авах вэ дээ. Сэтгэл санаа нь үнэхээр хүнд байгаа.
-АТГ-ынхан танай намын даргын гэрт нэгжлэг хийсэн шалтгаанаа “О.Цолмонг мэдүүлэг өг гэж удаа дараа дуудахад ирээгүй. Тиймээс мэдүүлэг авах гэж гэрт нь очсон” гэж тайлбарласан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар Н.Энхбаяр даргын гэргий О.Цолмон юу гэж ярьж байх юм?
-АТГ-аас түүнээс байцаалт авах гэж дуудсан тохиолдол байхгүй гэсэн. Ямар нэгэн байдлаар байцаалт авах гэж дуудаагүй атлаа өөрсдийн хүчээр хийсэн үйлдлээ ийнхүү өмгөөлж байгаа нь байж болохгүй асуудал. Гэрт нь шууд орж ирээд л нэгжлэг хийж эхэлсэн гэсэн.
-Тэгэхээр АТГ-ынхан ямар үндэслэлээр нэгжлэг хийж байгаа гэдгээ хэлээгүй гэсэн үг үү. “НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн мэдүүлгээс болоод нэгжлэг хийсэн” гэсэн таамаглал нийгэмд бий болчихлоо?
Т.Билэгт
-Ямар учраас ингээд байгааг нь асуухад О.Цолмон эгч “Манайхыг, Шугарынхыг, нөхрийн ажлын байрыг хүртэл нэгжсэн байна. Худ ураг, хамаатан садангийнхныг маань ч нэгжсэн гэлээ. Юу болоод байгааг би ч сайн мэдэхгүй байна” гээд л сууж байсан. Миний сонссоноор гэрийг нь нэгжинэ гэж урьдчилж мэдэгдэн, тайлбар хийгээгүй юм билээ.
Гэхдээ мэдээж прокурорын зөвшөөрлөөр л нэгжлэг хийсэн биз. Т.Билэгт даргын хувьд хүмүүс хардах эрхтэй. Тиймээс юу ч гэж хардаж болно. Миний хувьд харин ч Т.Билэгт даргыг ирснээр Н.Энхбаяр даргыг буруутгаад байгаа өмч хувьчлалын асуудлын гогцоо үнэн зөвөөр тайлагдана гэж бодож байна.
НИТХ-ын шийдвэрээр өмч хувьчлал явуулсан. Тухайн үед энэ бүхнийг гардан удирдаж ажилласан дарга нь ирсэн учраас энэ бүхэнд дам яриа бүхий нотолгоогоор буруутгагдаад байсан Н.Энхбаяр гэдэг хүн буруугүй гэдэг нь нотлогдох болов уу гэж бодож байгаа шүү.
-Н.Энхбаяр даргын төрийн хамгаалалтыг саяхан буулгаснаас болоод танай намынхныг нэлээд сандралд ороод байгаа гэх юм?
- Даргын хамгаалалт буусантай холбоотойгоор сандраад байсан зүйл байхгүй. Мэдээж биеийнх нь байдал муу хүн төрийн хамгаалалтаас гарчихаар санаа зовох нь зүй ёсны хэрэг. УИХ, Засгийн газарт байгаа манай намын гишүүдийг Н.Энхбаярын гар хөл гэж янз бүрээр ярьж, бичдэг. Бүр биднийг даргынхаа үхлээр шоу хийлээ гэх нь ч бий.
Сүүлийн үед зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон зарим нэг хүмүүсийн доромжлол хэрээс хэтэрч байна.
Бидэнд хүмүүсийн яриад байгаа шиг зүйл хийх санаа, сэдэл огт байхгүй. Даргыгаа эсэн мэнд авч үлдэх нь л бидний хувьд чухал байна. Тиймээс биднийг юу гэж хэлэх нь нэг их сонин биш л дээ. Гэхдээ сүүлийн үед зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон зарим нэг хүмүүсийн доромжлол хэрээс хэтэрч байна.
Улс төрийн бусад намынхан бидний оронд өөрсдийгөө тавиад үзвэл биднээс ч илүү үйлдэл хийх байх шүү. Бид тууштай байж эцсийн дүнгээ харах гэж л яваа хүмүүс. Түүнээс биш бид даргаасаа нүүр буруулж, хэн нэгэнтэй хуйвалдаад даргыгаа шоронд оруулдаг Ардын намынхан шиг хүмүүс биш. Тууштай байгаа нь бидний буруу юм уу гэж биднийг доромжлох гэж оролдож байгаа хүмүүсээс асуумаар байна.
-Наадмын үеэр танай намын Гүйцэтгэх товчоо хуралдаад, сайдууддаа “Засгийн газраас гар” гэсэн үүрэг өгсөн гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Манай намын Гүйцэтгэх товчоо хуралдаагүй. Асуудал хэлэлцэх нь бүү хэл хуралдах ч завгүй байлаа шүү дээ. Сонгуульд оролцсон байдлаа дүгнэж, гол үүрэг гүйцэтгэх ёстой хүмүүс хаана юу хийсэн бэ гэдгийг тодорхой албан тушаалтнуудтайгаа ярилцсан асуудал бол бий. Түүнийг л дэвэргэсэн байх гэж бодож байна.
МАХН-ыг ЗГ-т орсоноос хойш “МАХН Засгийн газраас гарчихаасай” гэсэн бодолтой улс төрийн хүчнүүд байсан.
Ер нь МАХН-ыг Засгийн газарт орсон цагаас хойш “МАХН Засгийн газраас гарчихаасай” гэсэн бодолтой улс төрийн хүчнүүд байсан. Тэр хүмүүс л дээрх яриаг гаргаад байгаа байх. Засгийн газрын ажиллаж буй хурд хүч, ажлын үр дүнгийн тодорхой хувь нь манай сайд нарын хүчин зүтгэлтэй яах аргагүй холбоотой.
Учир нь бид Засгийн газрыг аль болох тогтвортой байлгаж, ажлыг нь урагшлуулахын тулд чадах ядахаараа ажиллаж байна. Гэтэл “Муу юм л болбол хойд талын хар овоохой” гэдгийн адилаар манай намтай болохгүй бүтэхгүй бүхнийг холбох гээд байдаг нь харамсалтай. Хачир дээрээ Ардчилсан намынхны дотоодод Засгийн газрыг тараах гэж оролдож байгаа хүмүүс харин ч олон байдаг юм билээ.
Ардчилсан намынхны дунд гарсан маргаан, зөрчилдөөн, хуйвалдаан нь асуудал биш атлаа МАХН-ынхны олонхиороо яриад шийдчихсэн жижиг асуудлыг уулын чинээ болгоод байдаг нь дэндүү ялгавартай байна. МАХН бол улс төрийн хүчин тиймээс маргах, үл ойлголцох асуудал гаралгүй л яах вэ. Гэхдээ бид үүнийгээ хэлэлцээд, шийдээд явж байна шүү дээ.
-МАХН-ынхан дэд дарга Д.Тэрбишдагватайгаа хариуцлага тооцох тухай асуудлыг хөндөж эхэлсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Сонгинохайрхан дүүргийн мянгатын дарга удаа дараагийн сонгуулиар намын бодлогыг зөрчиж ажилласантай холбоотойгоор хариуцлага тооцсоныг намын дэд дарга Д.Тэрбишдагватай холбож ойлгох нь өрөөсгөл асуудал.
Нөгөөтэйгүүр, намын бодлогыг удаа дараа зөрчсөн мянгатын даргатайгаа цаг тухайд нь хариуцлага тооцож чадаагүй нь намын дэд дарга болон Гүйцэтгэх товчооныхны хариуцлагагүй байдал гэж хэлж болно. Тэд хэтэрхий зөөлөн сэтгэл гаргаж, тэр нөхрийг алдаагаа ухаарах байх гэж нэлээд харсан юм билээ.
Энэ нь л тэдний алдаа болж хувираад байгаа юм. Гэхдээ үүнээс болоод намын нийт масс Д.Тэрбишдагва даргатай хариуцлага тооцох гээд байгаа асуудал байхгүй. Хариуцлага хүлээлгэх гээд байгаа нь цөөн хэдэн хүний л үзэл бодлын асуудал.
-Сая таны өрөөнөөс Хууль зүйн дэд сайд гарч харагдсан. Нэлээд удаан хуралдах шиг боллоо. Үүсээд байгаа нөхцөл байдлаас болоод та бүхэн цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Үргэлж намынхныхаа төлөө гэдэг даргынхаа төлөө бид хөл хүрэх газраа хүртэл явна. Бид өчигдөр цаашид хэрхэх вэ, хэнтэй уулзах вэ гэдгээ ярилцлаа. Саяхан дарга дээр очиход Даогийн сургаалийг ярьж, “Бид үйл хэргээрээ түүхэнд мөнхрөх ёстой” гэж байсан юм. Дарга маань биднийг гэж ингэж сэтгэлээ чилээж байхад бид даргыгаа бодох ёстой шүү дээ.
Бид өнөөдөр хэдийгээр парламент, Засгийн газарт суудалтай болсон ч хүчин мөхөс хэвээрээ л байна шүү дээ. Даргыг эрүүл мэндийн шалтгаанаар хоригдох боломжгүй гэж ШШГЕГ-ын эмч нар магадлагаа гаргасан ч Шүүх эмнэлгийн дүгнэлт одоо болтол гарахгүй байна. Энэ бүхнээс нь болоод тэднийг ямар нэгэн тушаал хүлээгээд байна.
Заавал 21 хоногийн дараа гаргана гээд байгаа нь цаанаа ямар нэгэн зүйл өгүүлээд байгаа юм шиг санагдаад байгаа юм. Тэр дүгнэлтийг гарах гэсээр байтал даргад ямар нэгэн асуудал үүсэхийг хэн үгүйсгэх юм бэ. Сайн, муугаараа хэлүүлэн байж Монголын төлөө зүтгэж байсан хүний амь насыг юман чинээнд тоохгүй байгаа энэ хүмүүс энгийн иргэдийг яадаг бол гэж бодохоор айх шиг.
-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарах сүүлчийн хугацаа нь хэзээ юм бэ?
-Энэ сарын 22-нд гарах ёстой.
-Хэрэв “Эрүүл мэндийн шалтгаанаар хорих боломжгүй” гэдэг дүгнэлт гаргавал яах вэ?
-Одоогоор дарга нойргүйдэлд орчихсон байна. Мөн жингийн хаягдалд орсноосоо болоод 96 килограмм байснаа одоо 63 килограмм жинтэй болчихлоо. Хүн харахад ярьж, хөдөлж байгаа болохоос биш цаагуураа эд эсийн ямар өөрчлөлтөд орчихоод байгаа нь тодорхойгүй хэвээр байсаар байна. Тиймээс бид даргыг гадагшаа эмчилгээнд явуулахаар төлөвлөөд байгаа.
Эцэст нь хэлэхэд АТГ-ынхныг мэдээллийг ялгаварлахгүйгээр ажлаа хийгээсэй гэж хүсэх байна. УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Баасанхүү бид гурав УИХ-ын хаврын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхдаа хэрэг хэрхэн нуун дарагдуулж байсан талаар нь баримттай материал өгөхөд авч хэлэлцээгүй.
Энэ мэт байдлаас харахад АТГ-ынхан хэргийн гол буруутныг олох гэж зүтгэхийн оронд өнгөлөн далдлалтуудыг нь л сонирхоод байх шиг. Манай намын дарга АТГ-ыг анх санаачлан байгуулж байхдаа үйл ажиллагаа нь ингэж доголдоно гэж бодож байгаагүй байх. АТГ-ыг улс төрөөс хараат болгохгүй л бол чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж чадахгүй л болов уу.