МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.07.16

Г.Шийлэгдамба: Гишүүд намуудын хооронд байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэхийг шаарддаг

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа. Сүүлийн үед “МАХН-ынхан сайд нараа татах гэж байна” гэх яриа гарах болсон. Түүнтэй энэ талаар ярилцсан юм.

-МАХН-ынхан намын дарга Н.Энхбаярыг наадмын өмнө гаргах тохироондоо хүрээгүй учир сайд нараа татах гээд байгаа нь үнэн үү, аль эсвэл энэ талаар ярилцаж байгаа юм уу?

-МАХН-ын Гүйцэтгэх товчоо Засгийн газраас сайд нараа татах гэж байна гэх мэдээлэл цацагдсан байна. Манай намын Гүйцэтгэх товчоо хуралдаж ийм шийдвэр гаргаагүй. Баяр наадмын өмнө Гүйцэтгэх товчоо албан бус байдлаар уулзалдаж цаг үеийн асуудлаар санал солилцсон.

Ингэхдээ Н.Энхбаяр даргын биеийн байдалтай холбоотой асуудлаар ярилцсан юм. Н.Энхбаяр даргын хувьд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтийг холбогдох хууль журмын дагуу тавьсан эмч нарын дүгнэлт гараад явж байгаа.

Бид энэ тухай л ярилцсан. Мөн намын дотоод асуудал, цаашлаад Бага чуулганаа хуралдуулах, сонгуулийнхаа алдаа, оноог дүгнэх зэрэг ажлаа төлөвлөсөн юм. Түүнээс биш Засгийн газраас гарахаар шийдвэрлэчихээд байгаа юм байхгүй.

-Засгаас гарах ёстой гэсэн бодолтой явдаг гишүүд танай намд бий юу?

-Ер нь намын гишүүд, Гүйцэтгэх товчооны гишүүдийн дунд шинэчлэлийн Засгийн газар байгуулахдаа намуудын хооронд байгуулсан гэрээний хэрэгжилтийг авч дүгнэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлдэг хүмүүс бий. Тэгэхдээ ингэж боддог гишүүд байлаа гээд шууд Засгийн газраас гараад сайд нараа татчихна гэсэн үг биш.

Улстөрчдийн дунд, ам дамжсан, улс төрийн таамаг гэх юм уу янз бүрийн яриа гардаг. Тухайлбал Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өөрчлөх, мөн Ардын намынхан шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллах боломж бий эсэх талаар гэх мэт. Түүнчлэн иймэрхүү яриа зарим нэг улстөрчийн эрх ашгаас болж хөндөгддөг гэдгийг үгүйсгэхгүй.

Гэхдээ бодит байдал дээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Харин өнөөдөр МАХН төр засаг тогтвортой ажиллах ёстой гэж боддог. Энэ Засгийн газарт ард иргэд эерэг үнэлэмжийг өгч байгаа. Тиймээс энэ үед Засгийн газрыг тогтворгүй байлгах тухай ярих цаг нь болоогүй.

-Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад намууд гэрээ байгуулсан. Тэр гэрээнд МАХН-ын дарга Н.Энхбаярыг гаргах талаар тохироо байсан уу?

-Улс төрийн намуудын хувьд шударга ёсыг тогтоох, шударга бусыг шинэчлэлийн Засгийн газар дэмжихгүй байх талаархи ерөнхий заалт бий. Тийм ч учраас МАХН-д учирдаг хүндрэл тодруулбал, эрх баригч, бүх шатны Засаг дарга, төр захиргааны байгууллагуудаас учирдаг улс төрийн шинж чанартай бэрхшээлүүд байдаг.

Үүнийг зөвхөн Ардчилсан намынхантай холбодог юм биш. Ардын намтай ч мөн холбоотой. Аль ч улс төрийн хүчин нам ямар ч цаг үед харилцан хүндэтгэлтэй, улс төрийн соёлтой ажиллах ёстой. Улстөржсөн, шударга бус үйл ажиллагаа явуулахгүй байх шаардлагатай гэсэн заалтыг нэг талаасаа Н.Энхбаяр даргатай хамаатуулж тавьдаг тал байгаа юм.

Яагаад гэвэл энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлт. Манай нам ч улс төрийн хэлмэгдүүлэлт болж байна гэдгийг албан ёсоор зарлаж, асуудлыг гадны байгууллагад тавьсан юм. Энэ ч үүднээсээ намуудын хооронд байгуулсан гэрээг үндэслэдэг.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг эрүүл мэндийн шалтгаанаар гаргах боломж байна уу, та бүхэнд?

Н.Энхбаяр даргын бие ямар байгааг эмч нар дүгнэлтээрээ тогтоочихсон.

-Хуулийн хүрээнд буюу өвчний улмаас ялаас чөлөөлөгддөг өвчний жагсаалтад Н.Энхбаяр даргын онош багтсан байгаа юм. Үүнийг зөвхөн өөрийг нь эмчилж буй эмч нар бус хөндлөнгийн эмч нар ч ийм дүгнэлт гаргасан. Тэр дүгнэлт дээр нэмж шүүхийн эмч нар дүгнэлтээ гаргасан юм.

Тийм болохоор өвчнийх нь нөхцөл байдалд эргэлзэх хэрэггүй. Нэгэнт эрүүл мэндтэй нь холбоотой асуудал үүссэн учраас шүүх, прокурорын байгууллага хянаж үзээд, шийдвэр гаргах ёстой. Энэ процесс өнөөдөр үргэлжилж байна. Энэ долоо хоногт тодорхой чиглэл гарах болов уу гэж бодож байна.

-Таны хувьд намын даргатайгаа хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Биеийн байдал нь ямархуу байх шиг байна вэ?

-Наадмын өмнөх өдөр очиж уулзсан. Биеийн байдал ийм тийм байна гэж тайлбарлах нь сүүлдээ бид оношийг нь тавиад байгаа юм шиг байдалд хүргээд байна. Н.Энхбаяр даргын бие ямар байгааг эмч нар дүгнэлтээрээ тогтоочихсон.

Энэ хүн яаралтай эмчлүүлэх шаардлагатай гэдгийг хэлсэн. Тэгэхээр хүний эрүүл байх, амьд явах эрхийг нь хангасан эрх зүйт нийгэмд амьдарч байгаагийнхаа хувьд бид энэ асуудалд хуулийн дагуу л хандах ёстой. Тэгэх ч болов уу гэсэн итгэлтэй байна.

-МАХН-ынхан түүхэндээ эмэгтэй хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ. Сонгуулийн дүнг МАХН-ын дарга Н.Энхбаяр хэрхэн хүлээж авав. Таны хувьд сонгуулийн дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Аливаа улс төрийн хүчний сонгуульд оролцсон үр дүнг хоёр талаас нь үзэх хэрэгтэй гэж боддог. Нэг нь шууд үр дүн буюу сонгуульд ялалт байгуулсан эсэх тухай. Нөгөө талд нь шууд бус үр дүн буюу сонгуульд оролцсоноороо улс төр, нийгмийн хүрээнд ямар үр дагаврыг бий болгож байна гэдгийг нь авч үзэх ёстой.

Тэгвэл МАХН-ын хувьд нэр дэвшигчийг дэвшүүлж, бие даан оролцсоноороо нийгэмд эерэг үр дагавар бий болгосон. Ийм үр дүнг гаргаж чадсан гэж үзэж байгаа. Түүнчлэн манай нам гуравдагч хүчнийхээ орон зайг бататгаж чадсан.

Зөвхөн хоёр том нам хоорондоо өрсөлдөх байдлыг үлдээгээгүй. Энэ бол бидний үр дүн. Мөн эмэгтэйчүүдийн оролцоог дэмжсэн нь улс төрийн орчин нөхцөлийг өөрчилж өглөө гэж бодож байна. Ингэж үзэж байгаатай адил манай намын бусад удирдлага энэ үүднээс нь хүлээж авч байгаа.

-Энэ сонгуулийн үр дүнгээс харахад манай улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох сэтгэхүй хараахан суугаагүй юм шиг. Өөрөөр хэлбэл хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрээгүй гэдэгтэй санал нийлэх үү?

-Шууд ингэж ойлгоно гэдэгтэй санал нийлэхгүй байна. Мэдээж улс төрийн намуудын явуулж буй үйл ажиллагаа, сонгуулийг зохион байгуулж байгаа асуудал тэр тусмаа цөөхөн сонгогчидтой улс орны хувьд хөндлөнгийн улстөрчид, Засаг захиргааны зүгээс нөлөөлөх нөлөөлөл бий.

МАХН-ын хувьд нэр дэвшигчийг дэвшүүлж, бие даан оролцсоноороо нийгэмд эерэг үр дагавар бий болгосон.

Сонгогчид маань сонголтоо хараат байдлаар өгдөг нөхцөл байдал өнөөдөр бүрэн арилаагүй байна гэдэгтэй бол санал нийлдэг. Хүмүүсийн сонголтод нөлөөлөх байдал ажиглагддаг. Эдийн засгийн ч дарамт, нөлөөлөл ч байгаа. Харин нөгөө талд нь тэнцвэргүй, тэгш бус байдалд сонгууль явагдсан.

Манай нэр дэвшигчийн хувьд гэхэд эдийн засгийн нөхцөлийн хувьд нөгөө хоёр нэр дэвшигчидтэйгээ харьцуулахад өөр байсан. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөхөд сурталчилгааны хугацааг хуулиараа тогтоож өгсөн байгаа юм. Энэ бол эрхээ хэрэгжүүлж буй Ерөнхийлөгчид давуу талыг бий болгодог.

Нөгөөтэйгүүр манай нэр дэвшигчид хязгаарлагдмал байдлыг үүсгэсэн юм. Энэ мэтчилэн олон байдал нөлөөлсөн л дөө. Гэхдээ Н.Удвал гэдэг нэр дэвшигчээсээ илүүтэй эмэгтэй хүн Төрийн тэргүүнд нэр дэвшиж байгаа нь эмэгтэйчүүдийн бодит оролцоог хүлээн зөвшөөрдөг хүмүүст өөр ойлголтыг өгсөн байх.

-Эрүүл мэндийн яаманд сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёрын хооронд нэлээд маргаан өрнөөд байгаа. Энэ хоёр хүн хоёулаа МАХН-ын гишүүд. Төрийн албанд МАХН-ын гишүүд ажиллаж чадахгүй, толхилцоод байгаа нь танай намын нэр хүндийг унагаж байгаа юм биш үү?

-Аль нэг яамны дотор болж буй асуудалд улс төрийн намын зүгээс ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй. Нэр дурьдагдсан Ж.Хатанбаатар, Н.Удвал нарын хувьд УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-ын нэрийн өмнөөс нэр дэвшин өрсөлдөж байсан.

Тэгэхдээ өнөөдрийн тухайд нэг нь сайд, нөгөө нь Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Энэ үүднээс нь асуудалд хандаж, тодорхой хуулийн дагуу шийдвэрлэх учиртай. Төрийн албанд очсон хүмүүс намаасаа түдгэлзсэн байх ёстой.

Түүнчлэн тухайн хүмүүсийн ёс зүй болон төрийн албаны хуулиар зохицуулагдах шаардлагатай. Намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд үүссэн нөхцөл байдалд харамсаж байгаа. Гэхдээ хуулийн хүрээнд шийдвэрлэгдэх болов уу.

-Намын даргаа гаргахын тулд танай намын зүгээс цаашид хийхээр төлөвлөж байгаа ажил бий юу?

-Манай намын зүгээс өнөөдрийг хүртэл байр сууриа илэрхийлж, зарим тохиолдолд олон улс хүний эрхийн байгууллагууд руу хандсан зөвлөмжийг авч ажилласан. Бүх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх ёстой.

Биднийг байр сууриа илэрхийлэхээр хуулиас илүү давсан зүйл ярьдаг гэж ойлгодог юм шиг байна билээ. Гэтэл бид бол эсрэгээрээ хуулийн дагуу шийдээч гэж л хэлдэг. Харин хууль хэрэгжүүлж буй нөхдүүд маань тэр хүрээнд асуудалд хандвал бидний тавьж байгаа хүсэлт илэрхийлэгдэнэ.