Г.Шийлэгдамба: МАХН нохойд барьдаг мод биш
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2013.07.17

Г.Шийлэгдамба: МАХН нохойд барьдаг мод биш

Улстөрийн хүрээнд хөдөлгөөн оруулахаар МАХН хөдөлж эхлэх мэт сүүлийн өдрүүдэд Засгийн газраас гарна, намын даргын биеийн байдал эрс муудлаа гэх зэргээр олон нийтийн анхаарлыг татах болсон. Тиймээс тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-МАХН-ын гүйцэтгэх товчооны гишүүд хуралдаж, дахиад л Засгийн газраас гарах тухай ярьжээ?

-МАХН-ын гишүүд, тэр дундаа Гүйцэтгэх товчооны зарим гишүүн Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах, санал бодлоо илэрхийлэх байдал байнга байдаг. Үүнийг намын гишүүд анхааралдаа авч Засгийн газраас явуулж буй бүхий л үйл ажиллагаа, тэр дундаа МАХН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан асуудлууд ямар байгааг хянаж санал хэлж, шүүмжлэлтэй ханддаг.

Гэхдээ Засгийн газраас гарна, сайд нараа эргүүлэн татна гэсэн нөхцөл байдалд хүрсэн гэж ойлгож болохгүй. Өнгөрсөн бямба гарагт намын ГҮЙЦЭТГЭХ товчоо хуралдаагүй. Нэгэнт хуралдаагүй учраас ямар нэгэн шийдвэр гарахгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ мэдээлэл ор үндэсгүй.

-Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж үг бий. Тэгвэл яагаад ийм яриа гарсан юм бол?

-Анх Засгийн газар байгуулагдахад нам хоорондын гэрээ хийсэн. Манай гишүүд энэ гэрээг дүгнэж, харах ёстой гэдэг. Тэр тусмаа Засгийн газрын үйл ажиллагааны улстөрийн шинжтэй гарч буй асуудалд щүумжлэлтэй ханддаг. Өнөөдөр төр тогтвортой, шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй үйл ажиллагаа ард иргэдэд эерэг байгаа энэ үед Засгийн газрыг тогтвортой байлгаж, улстөрийн хүчнүүд нэгдмэл байр суурьтай байх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Засгийн газрыг тогтворгүй байлгах гэсэн улстөрийн аливаа нэг хүчний санал, санаачлага гардаг. Ийм тохиолдол бүрт МАХН-ыг «Нохойд барьдаг мод» гэдэг шиг Засгийн газраас гарна эсвэл намын дарга Н.Энхбаяр нь энэхүү асуудлыг удирдан зохион байгуулж байгаа гэх зэргээр олон нийтэд эргэлзээ төрүүлэхүйц ташаа мэдээллийг гаргадаг. Энэ удаа ч мөн ялгаагүй, тэр л зарчмаар ажиллаж байгаа байх.

-Тэгвэл АН-ын хагарал үсэрхийлж, танай нам руу хальсан хэрэг үү. АН-ынхан дотооддоо хөлөө жийлцэж эхэлсэн гэсэн?

-МАХН-ыг төр засгийн тогтворгүй байдлын үндэс шалтгаан болгох гэж АН, МАН болон бусад улстөрийн намууд ч зүтгэдэг. Энэ удаагийн Засгийн газрыг тогтворгүй байлгах чимээ, шуугианы цаана чухам хэн байгаа гэдэг нь удахгүй тайлагдах байх.

АН дотроо Ерөнхий сайдаа өөрчлөх, намын даргаа унагах гэсэн яриа улстөрийн хүрээгээр дамжиж, хэвлэл мэдээллээр олон нийтэд хүрдэг. МАН ч ялгаагүй.

МАН-ын удахгүй болох Бага хурлын дараа буцаад AH-тай хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын асуудлыг авч хэлэлцэх тухай яриа ч гарсан. Энэ бол зөвхөн яриа, таамаг төдий асуудал. Гарцаагүй үнэн бол МАХН-ын хувьд Засгаас гарах асуудлыг бидний өмнөөс хөндөж, шийдвэр гаргасан мэт шуугиантай мэдээллийг гаргаж байгаа нь цаанаа улстөрийн зорилго агуулж байгаа нь тодорхой болсон.

-Тэрхүү улстөрийн зорилгоос гадна АН, МАХН хоёрын хооронд хийсэн тохиролцоо үр дүнгүй болсноос үүдэлтэй юм болов уу. Тухайлбал намын даргыг тань ялаас чөлөөлөх тухай?

-Засгийн газрын тогтвортой байх үндэс ямар нэгэн улстөрийн хүчний сүрдүүлгээс хамаардаг, хөнгөн гоомой ханддаг асуудал биш. Н.Энхбаяр даргын хувьд эрүүл мэндэд нь ноцтой хүндрэл учирсан, онош нь ялаас чөлөөлдөг өвчний жагсаалтад байгаа учир хуулийн хүрээнд чөлөөлүүлэх хүсэлт тавьсан. Тэр ч утгаараа хуулийн хүрээнд судлагдаж байна. Асуудал ийм байхад давхар улстөрийн асуудал гаргаж тавих нь зохисгүй. Би дээр хэлсэн намуудын хоорондын гэрээ хэн нэгэн хүнтэй холбоотой улстөрийн тохиролцоо биш.

-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Н.Удвал нэр дэвшсэн нь МАН-ын саналыг хуваалцах оролдлого байсан уу. Санал хуваасны хариуд даргыгаа суллуулна гэх яриа хүчтэй яригдаж байсан?

-МАН, МАХН хоёр нэг угшилтай улстөрийн намууд гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ өнөөгийн улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалан хүссэн, хоёр хуваагдсан. Тиймээс заавал нэг суудалд давхцуулан ойлгох шаардлагагүй. Парламентад суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхтэй. Түүнийгээ л эдлэсэн. МАХН-ын гишүүдийн олонхийн саналаар шийдэж өрсөлдсөн. Түүнээс бидэнд баг зүүж, наана цаана орох шаардлагагүй.

-Таны хэлж буйгаар өнөөдөр нийгэмд үүсээд байгаа МАХН-тай холбоотой асуудлыг өөр газраас шидсэн чулуу гээд байна. Тэгвэл яагаад үйл явдлын өрнөл нь цаг хугацааны хувьд тохирч, таараад байгаа юм бэ. МАХН засгаас гарах нь гэсэн мэдээлэлтэй зэрэгцээд намын даргын бие муудлаа гээд байгаа?

-МАХН-ын үйл ажиллагаа улстөрийн хүрээнийхний анхаарлыг байнга татаж байдаг. АН, МАН хоёрын зүгээс нийгэмд сонин, содон санагдаж, харагдахуйц үйл явц өрнүүлдэггүй юм шиг байгаа юм. Тэгэхээр л манай нам анхаарлын төвд байгаа учраас
аливаа шийдвэр, шийдлийг засаг, төр болон тохиролцоо наймаа мэтээр ойлгодог. Тэр ч утгаараа Засгаас гарна гэсэн дуулиан гарсан байх.

Даргын эрүүл мэндийн тухайд бид бус тухайн эмчилж буй эмнэлгийн байгууллагаас нь мэдэгдэл хүргүүлсэн. Тэгээд ч бид хэн нэгэн хүний биеийн байдлаар улстөр хийдэг ёс суртахуунтай хүмүүс биш. Өнөөдрийн нөхцөл байдал гарцаагүй үүссэн.

-Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийсэн. Харин та намын даргатайгаа уулзсан уу?

-Уулздаг. Намын дарга Н.Энхбаярын биеийн байдал нэлээд хүнд байгаа. Намынх нь гишүүд байнга очиж биеийнх нь байдлын талаарх мэдээллийг авдаг. Уржигдар оройны байдлаар яаралтай эмчилгээ хийж, холбогдох эмнэлгийн байгууллагаас нь шаардлагатай эмчилгээ хийлгэж эхэлсэн. Н.Энхбаяр даргын биеийн эрүүл мэндэд үүссэн эрсдэлтэй холбогдуулан нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт багагүй хугацаа өнгөрсөн.

Эмч нарын гаргасан дүгнэлтэд шүүх эмнэлгийн байгууллагын шинжээч нар давхар хяналт тавьж ажилласан. Улмаар дүгнэлт үнэн гэдгийг баталсан. Тэгээд ч Н.Энхбаяр даргын өөрийнх нь гаргасан хүсэлт, үүссэн нөхцөл байдал нь ялаас чөлөөлж яаралтай эмчлүүлэх асуудлыг шийдэх шатанд явж байгаа. Өөрөөр хэлбэл прокурорын байгууллага хяналт тавиад зохих журмын дагуу шүүхийн байгууллагад хяналт тавих ёстой. Үйл явц өрнөж байна. Гэвч энэ хугацаанд биеийн байдалтай нь холбоотой асуудал үүссэн.

-Экс Ерөнхийлөгчийн тусгай хамгаалалтыг буулгаснаас болж гэр бүлийнхэн болон намынхан нь санаа зовниж байна гэсэн асуудал яригдсан. Одоо хувийн хамгаалалт авчихсан уу?

-Хамгаалалт аваагүй. Одоогоор гэр бүлийнхэн нь байнга хамт байгаа болохоор харьцангуй гайгүй ээ. Мөн намын гишүүд сайн дураараа ээлжилж, сахиж, жижүүрлэж байгаа.