Ерөнхийлөгч Авлигын эсрэг түншлэлийн тусгай хуралдаанд оролцов
Монгол Улсын Ерөнхийлөгч Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна
2013.01.25

Ерөнхийлөгч Авлигын эсрэг түншлэлийн тусгай хуралдаанд оролцов

Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Авлигын эсрэг түншлэл”-ийн санаачилгаас зохион байгуулсан тусгай хуралдаанд оролцож үг хэлэв.

Хуралдаанд Филиппиний Ерөнхийлөгч Бенигно Акуино, Перугийн Ерөнхий сайд Хуан Жимэнез Мэйор, Олон улсын Транспаренси Интернэшнл байгууллагын тэргүүн Хьюгуэтт Лабэлл нарын зочид оролцож дэлхий нийтээр авлигыг бууруулах асуудлаар ярилцав. Уулзалтын үеэр олон улсын төлөөлөгчид Монгол Улс 2012 онд авлигын индексээр огцом буурсан орноор тодорсныг олон улсын хэмжээнд үнэлэгдэх томоохон амжилт гэж дүгнэж байв.

 “Авлигын эсрэг түншлэл” гэдэг нь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт болон байгууллага, компаниуд өөр бусад компаниудын тусын тулд үйлчлэх дэлхий нийтийг хамарсан санаачилга юм. “Авлигын эсрэг түншлэл” санаачилга нь дор дурдсан арга замаар байгууллага, компаниудын эрсдлийг бууруулах учиртай юм байна.

 Үүнд:

Авлигаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэх үр дүнтэй бодлого, тогтолцоог санаачилж хэрэгжүүлэх

Авлигатай тэмцэх гадаад, дотоодын арга барилыг харьцуулж, гадаадын шилдэг туршлагыг судалж, нэвтрүүлэх

Компани аж ахуйн нэгжүүд, төр засаг, иргэний нийгэмтэй хамтран ажиллах зэрэг арга замаар компаниудын эрсдлийг бууруулах чиглэлээр “Авлигын эсрэг түншлэл” санаачилга байгууллагыг байгуулжээ.