2013.06.06

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шалгуулна гэлээ

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг хуулийн байгууллагад шалгуулах болсоноо мэдээллээ.

Тус эвслийн бүлгийн хуралдаанд энэ асуудал яригдсан бөгөөд УИХ-ын гишүүн Л.Цог, З.Баянсэлэнгэ нар “Манай бүлгийн хурал дээр яригдсан нэг асуудал бол Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн гарын үсэг зурсан нэгэн гэрээний асуудал хууль зөрчсөн байх магадлалтай хэмээн хуулийн байгууллагад шилжүүлж, шалгуулах болсон” гэсэн юм.

З.Баянсэлэнгэ гишүүн “Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржтой холбоотой материал манайд ирсэн. Уг материал нь хяналтын системийг суурилуулах зарим төсөлтэй холбоотой буюу Хууль зүйн сайд тухайн үед гэрээнд гарын үсэг зурж тодорхой үйл ажиллагаа явуулсан тухай байгаа юм. Тодруулбал, 2009 оны гуравдугаар сард уг гэрээнд гарын үсэг зурж, 34 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ хийсэн.

Төслийн зөвхөн 13 нэр төрлийн техник хэрэгслийн үнийн дүнгийн зөрүү нь 654.876 ам.доллар

Ингэхдээ тендэрээр зарласан дүн, гүйцэтгэсэн дүн зөрөөтэй байна. Энэ төслийн зөвхөн 13 нэр төрлийн техник хэрэгслийн үнийн дүнгийн зөрүү нь 654.876 ам.доллар буюу Монголбанкны тухайн үеийн ханшаар тооцоход 851 сая 338 мянган төгрөгийн хохирол гарсаныг гэмт хэргийн шинжтэй гэсэн Аудитын дүгнэлт гарсан. Энэ асуудлыг бид хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулна” гэв.

Иймээс энэ мэдээллийг үндэслэн “Шударга ёс” эвслийн бүлэг УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болжээ.