Барилгын Зөвлөгөө, Мэдээллийн Төвийн захирал Г.Батсүх
2013.06.07

Барилгын салбарт судалгаа дутагдаж байна

Eagle телевизийн "Тоон тойм" нэвтрүүлэгт Барилгын Зөвлөгөө, Мэдээллийн Төвийн захирал Г.Батсүх оролцож Орон сууцны үнийн талаар ярилцлаа.

Барилгын Зөвлөгөө, Мэдээллийн Төвийн захирал Г.Батсүх:

Барилгын салбарт судалгаа дутагдаж байна. Бидний хэрэгжүүлж байгаа гэр хорооллыг барилгажуулах, орон сууцжуулах хөтөлбөр судалгаа их муутай, эдийн засгийн үндэслэл, иргэдийн эрэлт хэрэгцээ, худалдан авах чадвар, цаашдаа эдийн засгийн байдал яаж өөрчлөгдөх гэх мэт олон хүчин зүйлүүдээс шалтгаалаад зах зээл өөрчлөгдөж хувьсаж байгаа учир маш сайн судлах хэрэгтэй.

Төрөөс барилгын салбарт хөнгөлөлттэй зээл өгч байгаа нь маш зөв. Урд нь иргэдэд хөнгөлөлттэй зээл өгөх байдлаар эрэлтийг дэмжиж байсан нь үнийн хөөрөгдөлтийг бий болгосон. 

Өнгөрсөн сарын дүн мэдээнээс харахад орон сууцны үнэ 1.3 хувиар өсөлтийн хурд буурсан

Одоогийн зарчим нийлүүлэлтийг эхлээд нэмэгдүүлж дараа нь иргэддээ зээл өгөх нь их зөв юм. Тиймээс засгийн газраас барилгын материалын, орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд зээл өгч байгаа бодлого үнийг тогтворжуулахад их сайнаар нөлөөлнө.

Эдийн засгийн тоймч Ц.Ганзориг:

Иргэдийн хамгийн их сонирхож байдаг асуулт бол орон сууцны үнэ. Энэ он гарсаар эхний дөрвөн сарын статистикаар орон сууцны үнэ ямар өөрчлөлттэй байгаа бэ? 14 хувиар өссөн гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байна.

Тоймч М.Мөнхжаргал:

Энэ оны 4 сарын байдлаар нийслэл Улаанбаатар хотын долоон дүүрэгт барилгын 215 төсөл  хэрэгжиж байгаа эдгээр төслийн үр дүнд 30-иад мянган айлын орон сууц ашиглалтад орох хүлээлтийг үүсгэж байна.

Орон сууцны үнэ Баянгол дүүрэгт

Нийт барилгын төслийн 22 хувийг 1500 ам долларын үнэ ханштай орон сууц эзэлж байгаа бол, 59 хувь буюу дийлэнх нь 1500-2500 ам долларын метр квадраттай орон сууцнууд, харин 19 хувийг 2501 –ээс дээш ам долларын метр квадрат нь үнэлэгдэх хорооллууд нийслэлд баригдаж байгаа.

Эдгээр баригдаж байгаа үнэ ханшийг нийт дүнгээр авч үзвэл өнгөрсөн оны орон сууцны үнэ ханштай харьцуулахад метр квадратын үнэ дөрвөн сарын байдлаар 1890 ам долларт хүрсэн.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18.1 хувийн өсөлтийг үзүүлж байгаа ч сайн мэдээ нь өнгөрсөн сарын дүн мэдээнээс харахад 1.3 хувиар өсөлтийн хурд буурсан дүн гарсан. Магадгүй үнэ ханшийн энэ бууралт нь цаашид орон сууцны үнэ ханш хямдрах хүлээлтийг үүсгэж байна.