2013.06.07

Эрэлт нийлүүлэлт зөрүүтэйгээс барилгын үнэ хөөрөгдөж байна

Eagle телевиз “Тоон тойм” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар "Найман хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр"-ын талаар албаны хүмүүс ямар байр суурьтай байгааг толилуулж байна. 

“Тоон тойм” нэвтрүүлгийн Эдийн засгийн тоймч Ц.Ганзориг:

2008-2009 онд дэлхийн санхүүгийн хямралын шуурганаар манай барилгын салбарт мөнгөний хомсдол үүсч, хувийн хэвшлээс орон сууцны төсөлд оруулсан нэг их наяд төгрөг эргэлтгүй болж, ихэнх барилгын төсөл зогссон.

Энэ нь мэргэжилтнүүдийн хэлдгээр царцанги хөрөнгө болж хувирсан үүнийг дагаад барилгын материалын үйлдвэрлэл гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл гэх мэт салбарууд зогсов.

Банкуудын олгосон орон сууцны зээлийн хэмжээ

Тухайн үеийн хамтарсан засгийн газар тооцоо судалгааны үндсэн дээр шийдвэр гаргаж барилгын салбарыг дэмжиж, орон сууцны барилгын эрэлтэд зориулж 180 тэрбум төгрөг шийдэн, төрийн албан хаагчдад 4000 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэн жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгосон юм.

Мөн ахмад дайчдад зориулж 1500 айлын нэг өрөө байр олгох шийдвэрүүд нь тухайн үед орон сууцны төсөл хэрэгжүүлэгч бага талбайтай хямд өртөгтэй, орон сууц барьж байгаа хувийн  хэвшлийнхэнд багагүй хувь нэмэр болсон учир барилгын салбар бага багаар сэргэж эхэлсэн.

Үүний дараагаар 2010 оноос эхлэн барилгын салбар хурдацтай сэргэж банк урт хугацаат орон сууцны зээл чухал нөлөө үзүүлжээ. Өнөөдрийн байдлаар банкны систем дэх ипотекийн зээлийн үлдэгдэл 800 тэрбум төгрөг байгаа нь ДНБ-ын 6 хувийг эзэлж байна. Харин хөгжингүй болоод хөгжиж байгаа орнуудын хувьд ДНБ-ын 20 орчим хувийг эзэлдэг гэхээр манайд харьцангуй сул байна гэсэн дүгнэлт гарч байгаа.

2012- 2016 онуудад хэрэгжүүлэхээр баталсан 100 мянган айлын орон сууц төсөл түүнтэй уялдуулсан зургаан хувийн зээл олгох шийдвэр нь эрэлт нийлүүлэлтийн харилцааг алдагдуулж эдийн засгаа хэмлээд замхарч одлоо. 2013 он гарсаар засгийн газар монгол банктай санамж бичиг байгуулан орон сууцны үнийг тогтворжуулахаар нийлүүлэлт дэмжсэн санхүүжилт шийдэхэд хавсарч эхэллээ.

Зах зээлийн нийгэмдээ шилжээд анх удаа орон сууцны эрэлт нийлүүлэлтийг төрөөс томоохон эх үүсвэрээр дэмжих тогтоолтой учирсанд орон сууцны төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниуд, иргэдэд хүлээлт үүсгэсэн.

Стандарт энгийн бага метр квадраттай орон сууцанд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж нийлүүлэлтээ дэмжсэнээр үнэ барьж чадна хэмээн шинэчлэлийн засгийн газар монгол банктай хамтарч байна.

Ипотекийн нэгдэх болоод хоёрдох зах зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэж орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам боловсруулснаар арилжааны 10 гаран банкаар дамжуулан хэрэгжүүлэх жилийн найман хувийн хүүтэй зээлийн журам ч чухам сонгуулийн сардаа багтаад гарах байх. Ингэж хайхрамжгүй хэлсэн учир нь орон сууцны үнийг хөөсрүүлэхгүй болоход аль аль талаасаа анхаарах хэрэгтэй болж байгаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:  

МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг

Найман хувийн хүү зээлийг монгол банктай ярьж орон сууцны зээлийн хүү 16 хүүтэй байгаа жилийн үүнийг хоёр дахин багасгах гэж байгаа. Гэхдээ нэг болгоомжлол байгаа нь байшин бариагүй байхад маш урт дараалал үүсдэг нь үнийн хөөрөгдөл болдог.

Үүнээс болгоомжилж эхлээд барилгын компаниудад зээл өгч байшин барьж аль болохоор олон байшин баригдвал үнэ өсөхгүй харин дараа нь иргэнд зээл өгөх замаар явж байгаа. Одоо баригдаж байгаа байшингийн зээлийг иргэд сарын дараагаас авах боломжтой.

Тоймч Ц.Ганзориг:

Нийлүүлэлт ямар шат дараатайгаар дэмжих гэж байгааг эдийн засгийн тоймч М.Мөнхжаргалтай холбогдож авав. Монгол банк засгийн газрын үнийг тогтворжуулах хүрээнд нийтдээ 1.1 их наяд төгрөг үүнээс 800 тэрбум төгрөгийг орон сууцны моргажын зээлд, 370 тэрбум төгрөгийг барилга барилгын компаниудыг дэмжихээр төлөвлөсөн ямар схемээр нийлүүлэлтийг дэмжиж байгаа бэ?

Тоймч М.Мөнхжаргал:

Эдийн засгийн тоймч М.Мөнхжаргал

Өнөөдрийн байдлаар орон сууцны үнэд нөлөөлдөг гол зүйл нь яахын аргагүй барилгын материалын үнэ байдаг. Харин энэхүү хөтөлбөрийн хүрээнд барилгын материалын үйлдвэрлэлд 379 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болсон.

Гол нэрийн барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжихэд 64 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар арилжааны банкаар дамжуулан 30 тэрбум төгрөгийн зэлийг аж ахуй нэгжүүдэд олгоод байна.

Харин дараа нь импортын гол нэрийн барааны нийлүүлэлтийг дэмжихэд 265 тэрбум төгрөг зарцуулна. 1200 нэр төрлийн материалыг өмнөд хөршөөс оруулж ирэх юм. Үүний 60 гаруй хувь нь эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр, 40 гаруй хувь нь  дахин боловсруулахаар орж ирдэг.

Үнийг тогтвортой байлгахын тулд цемент, арматурын чиглэлээр барилгын материал оруулж ирдэг аж ахуй нэгжүүдэд 70.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг банкаар дамжуулан олгосон мэдээлэл Монгол банк өглөө. Мөн дэвшилтэд технологи ашигласан аж ахуй нэгжүүдэд 50 тэрбум төгрөгийн зээлийг олгоно гэсэн юм.

Зөвхөн импортын болон дотоодын барилгын материал гэхгүйгээр экспортын 80 гаруй хувийг эзэлж байгаа уул уурхайн ашигт малтмалыг барилгын материалтай солилцох зохицуулалт байгааг Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан хэлж байна.  

Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан:

Өнөөдөр манай төмрийн хүдэр гадагш нь гаргаж экспортолдог компаниуд бий. Төмрийн хүдрээ гол төлөв манай урд хөршид байгаа бугатын үйлдвэрт нийлүүлдэг. 

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан

Тэгэхээр бид төмрийн хүдэр гаргаж байгаа компаниуддаа санал тавьсан. “Та нар нэгэнтээ төмрийн хүдэр гаргалаа. Оронд нь чанарын стандарт хангасан арматур оруулаад ир. Тэр арматураа Улаанбаатарт барилгын компаниудад нийлүүл гэсэн санал тавьсан.

Тэгэхээр нь барилгын компани дээр хөнгөлөлттэй зээл болгож бичээд нөгөө арматурын үнийг нь төмрийн хүдэр гаргаж байгаа компаниуддаа өгнө.

Тэгвэл нэг талаасаа бид барилгын материал гэдэг валютаа гадагш гаргахгүйгээр, импортоор арматур оруулж ирэх бололцоотой. Энэ схемийг явуулаач гэдэг зүйлийг төмрийн хүдэр гаргаж байгаа консерциумд хэлж байгаа.