Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дархан-Уул аймагт ажиллалаа.
2013.06.10

Н.Алтанхуяг: Шинэчлэлийн Засгийн газрын алдааг шүүмжлээрэй

Дархан-Уул аймагт долоон жилийн дараа дахин нэг саатав. Шинэ барилга, байшин нэмэгдэж, Монголын хоёр дахь том хот Дархан хаяагаа улам тэлжээ. Тус аймагт Ерөнхий сайд ажиллаж, иргэдтэй уулзахад уур амьсгал ч “халуухан" болов.

Ерөнхий сайд юуны өмнө “Дархан 50” цогцолборт болсон Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд “Аймгийн төвүүдэд утасгүй интернэтийн чөлөөт бүс байгуулах” төслийг хэрэгжүүлэх ажлын нээлтэд оролцсон.

Дархан-Уулаас гадна Булган, Архангай, Сэлэнгэ, Орхон зэрэг найман аймагт энэхүү төслийн нээлт зэрэг болж, Ерөнхий сайд тэдэнтэй онлайнаар холбогдов. Интернэт ертөнцөөр дамжуулан дэлхийтэй холбогдож, шинэ мэдээллийг цаг алдалгүй авч, сурч мэдэхэд нь залуусын хотынхонд уг арга хэмжээ чухал ач холбогдолтойг Н.Алтанхуяг сайд онцолсон.

Дээрх цогцолборын оройд байрлуулсан антеннаар дамжуулан 500 метрийн радиус дотор утасгүй интернэт ашиглах боломжийг дарханчуудад олгосон нь энэ юм. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Жадамба “500 метрийн радиуст 100 хүн зэрэг интернэтэд холбогдох боломжтой.

Ийм үед нэг хүн таван минутын турш үнэгүй интернэт ашиглана. Энэ сарын 21 гэхэд уг төслийг бүх аймагт хэрэгжүүлнэ” гэлээ. ‘Tridum" компани уг төслийн гүйцэтгэгчээр ажиллажээ. Сэлэнгэ аймагт ажиллаад Дархан-Уулд ирсэн Ерөнхий сайд үүний дараа иргэдтэй уулзав.

Сэлэнгэд уулзалт намдуухан болсон бол энд намаар хэрхэн талцдагаа дарханчууд харуулаад авсан. АН олонх болсон ч МАН-ын Засаг даргатай, бас УИХ-д МАХН-аас төлөөлөл сонгосон учраас жинхэнэ “солонгорсон” уулзалт байв. Ерөнхий сайд юуны өмнө шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Засгийн газар үнийн өсөлтийг хязгаарлах, авлига хээл хахуультай тэмцэх, бүтээн байгуулалтыг дэмжих үндсэн гурван зорилго тавин ажиллаж байна. Ерөнхий сайд болоод ажиллаж буй 12 дахь аймаг маань Дархан-Уул.

Есөн сарын хугацаанд Засгийн газар шатахууны болон нүүрсний үнийг буурууллаа.

Өнгөрсөн есөн сарын хугацаанд Засгийн газар шатахууны болон нүүрсний үнийг буурууллаа. Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мэдээж бид шинэчлэх, бүтээх явцдаа алдаа гаргаж болно. Тиймээс та бүхэн харамгүй шүүмжлээрэй. Бодит шүүмжлэлийг бид заавал сонсоно” гэсэн юм.

“Залуучууд” театрын танхим пиг дүүрэг. МАН, АН, МАХН-ын дэмжигчид болон хуваагджээ. Иргэд саналаа хэлэх болоход энэ талцал ил гарав. Хэтэрхий шулуухан, бас гэнэн ярьж, тэндээ ороогдчихоод байдаг Ерөнхий сайдыг нэгэн иргэн “Төрийн хүний зангарагтай бай” хэмээн шүүмжилнэ лээ. Бас “Wi-Fi бол шинэ зүйл биш. Ж.Сүхбаатар УИХ-ын гишүүн байхдаа үүнийг хийсэн.

Тиймээс шинэ юм хийж байна гэж бүү худал ярь” гэх хүн ч байлаа. Төрийн албанд ах, дүү, хамаатан саднаа ажиллуулдаг, цэцэрлэг хүрэхгүй байхад гүүрийг 740 сая төгрөгөөр өргөтгөж байна, хүүхдийн боловсролд санаа тавих ёстой, Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанийг хувьчилсан нь алдаа болсон, үүнийг төрд буцаан ав гэх мэтээр иргэд саналаа хэллээ.

Энэ үеэр Засгийн газрын бодлогыг дэмжиж ярьсан иргэдийг заалны зарим хэсэг алга ташин дэмжиж, зарим нь “Боль, боль” хэмээн орилж байв. Мөн тус аймагтцэвэр усны хангамж хүндэрсэн, дэд  бүтэц нь муудсаныг иргэд хэлж, анхааралдаа авахыг хүсч байлаа.

Түүнчлэн улсын баяр наадмыг 50 тэрбум төгрөгөөр .зохион байгуулж, хэт үрэлгэн хандаж байгаа тухай мэдээллийг тодруулж, иргэдийг сонсох “11-11” төвийн утас руу үнэгүй дуудлага хийдэг болгохыг ч хүсэв.

Засгийн газар үнийн өсөлтийг хязгаарлах, авлигатай тэмцэх, бүтээн байгуулалтыг дэмжих үндсэн гурван зорилго тавин ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга С.Насанбат “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компанийн өмчлөлийн асуудлыг ТӨХ шийднэ. Манай аймагт усан хангамж хүнд байгаа нь үнэн. Уг асуудлаар Засгийн газарт хандсан” гэлээ. Ерөнхий сайд “Наадмыг нэг тэрбум төгрөгөөр зохион байгуулна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ойрын жилүүдэд хийх хөрөнгө оруулалтын ажлын саналаа Сангийн яаманд явуулсныг л наадамтай холбож ташаарсан. Мөн “11-11” төвийн утасны дуудлагыг үнэгүй болгох боломжгүй. Бид чадах юмаа амлана, чадахгүй зүйлийг шулуухан хэлнэ” гэв.

Баасан гаригийн үдээс өмнө Ерөнхий сайд “Эрэл” цемент үйлдвэрийн ажиллагаатай танилцсан юм. Хоёр тээрэм тус үйлдвэрт ажиллаж, цагт 40 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай аж. “Эрэл” цементийн үйлдвэр нойтон технологи хэрэглэдгээрээ онцлог.

Үйлдвэрийнхэн Ерөнхий сайдад үйл ажиллагааны горимоо танилцуулсан. Шөнийн цагаар цахилгааны хөнгөлөлттэй байдаг учраас 22.00-06.00 цагт тэдний ажил ид өрнөдөг юм билээ.