Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 6 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ.
2013.06.07

Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 6 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаад ирлээ. Тус аймгуудын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, Шинэчлэлийн Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар иргэдэд мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултанд хариулт өгсөн юм.

Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн салбарынханд иргэд нь шүүмжлэлтэй хандав

Сэлэнгэ аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалт Сэлэнгийн долгио чуулгын танхимд боллоо. Уулзалтад УИХ-ын гишүүн С.Баярцогт, ҮХААЯ-ы Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат болон албаны хүмүүс оролцсон юм. Иргэдийн зүгээс орон нутагт эрүүл мэндийн оношилгооны тоног төхөөрөмж байхгүй, эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн хоёр жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах ёстой байдаг ч 20 жилд нэг удаа хамрагдаж чадахгүй байгааг хэлж байлаа. Мөн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж муу учраас оношилгоонд хамрагдахаар нийслэлийг зорихоос өөр аргагүйд хүрдэг гэлээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус аймгийн эрүүл мэндийн салбарт 1.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлнэ, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүргэх автомат машинуудыг нэвтрүүлнэ гэдгийг Сэлэнгэчүүдэд дуулгасан.

Дархан-Уул аймгийн ахмадууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тусгай хөтөлбөртэй болохыг хүслээ

Дархан-Уул аймгийн иргэд төрийн албан хаагчид, төрийн үйлчилгээний талаар хэд хэдэн асуудлыг хөндсөн.

Ерөнхий сайдын албан томилолтоор ажиллаж байгаа 12 дахь аймаг нь Дархан-Уул аймаг байлаа. Хүн амын төвлөрөл ихтэй, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ хөгжсөн тус аймгийн орон нутгийн хөгжлийн санд 8.1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Төсөв мөнгийг дарга нар мэдэж зарцуулдаг байсныг өөрчилсөн, гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлж, шатахууны үнийг бууруулсан, зарим барааны үнийн хэт өсөлтийг хазаарлаж чадсан гэдгээ Ерөнхий сайд хэлсэн юм.

Тус аймгийн Залуучууд театрт болсон уулзалтад Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Л.Гансүх, аймгийн Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн болон албаны хүмүүс оролцсон юм.

Дархан-Уул аймгийн иргэд төрийн албан хаагчид, төрийн үйлчилгээний талаар хэд хэдэн асуудлыг хөндсөн.

Албан тушаал үе дамждаг. Хэлтэс агентлагийн дарга нар солигдсон гэсэн ч өмнөх дарга нар өөр хэлтэс, агентлагийн дарга болчихдог. Төрийн албанд ажиллаж хөлжсөн албан тушаалтан олон байгаа талаар иргэд хэлж байлаа.

Тус аймгийн хувьд нэн тулгамдсан асуудал нь хотын төвлөрсөн усан хангамж болоод байгааг хэд хэдэн иргэн уламжилсан. Энэ асуудлыг хамтран шийдвэрлэх гарц хайхаар аймаг, орон нутгийн удирдлагуудад хандсан ч дорвитой хариу өгөөгүй. Тиймээс анхаарал хандуулж, арга хэмжээ авч өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Дархан-Уул аймгийн ахмадууд ахмад настнууд тэтгэвэртээ гарсан ч ажил хөдөлмөр эрхлэх эрмэлзлэл байдаг. Тиймээс ахмадуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн Тусгай хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдад санал болголоо