2013.05.30

Н.Алтанхуяг: Тендерийн будлиан надад хамаагүй

Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг долоо хоног бүрийн пүрэв гаригт сэтгүүлчдэд мэдээлэл өгдөг ээлжит уулзалт өнөөдөр боллоо.

Уллзалтын үеэр дэлхийн залуучуудын чуулга уулзалтад монгол залуучууд оролцож байгаа тухай, Улсын баяр наадмыг угтан хийгдэх ажлуудыг танилцуулсан. Тухайлбал, Хүй долоон худаг хүрэх замыг нэг чигийн урсгалтай болгож, Дарханы замтай нийлээд буцаж хот руу ирдэг болгоход найман км зам нэмж тавих, 3000 хүн морь үзэх үзэгчийн суудал, 7000 машины зогсоол зэргийг хийх аж. Энэ мэт өнгөрөгч долоо хоногт хийсэн ажлуудаа танилцуулсаны дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн.

Дорноговь аймагт олноор мал үхсэн шалтгааны талаарх асуултад “Норовсүрэн гуайн 22 үхэр, 22 тугал үхсэн шалтгааныг урантай холбон тайлбарлаж байгаа. Энэ асуудлыг нэг мөр болгохоор Ерөнхий сайдын захирамж гарган Сайншанд орчимд шинжилгээ дээж хийх ажлын хэсэг гаргаж ажиллуулсан. Селен, зэсийн хордлого болсон байх магадлалтай гэх дүгнэлтийг судлаачид гаргасан. Ямартаа ч уранаас болж хордоогүй гэдгийг нь тогтоосон. Засгийн газар энэ ажлыг шалгахад 100 орчим сая төгрөг зарцуулж, тагнуул, цагдаагийнхан ч оролцсон. Учир нь шалгалт хийж буй дээж холигдож, солигдохгүй байхад анхаарч ажилласан. Манай талаас шинжилгээний дүн гарсан одоо олон улсын лабораторуудад зарим шинжилгээг өгөөд байгаа” гэв.

Ерөнхий сайдын 30 минут уулзалт

Мөн хүргэн дүүдээ Тавантолгойн тендрийг авч өгсөн гэх асуудалд “Би УИХ-ын чуулган дээр хариуцлагатайгаар хэлсэн. Н.Алтанхуягийг огцруулах зургаан шалтгаан гаргаж ирсэн. Гэтэл одоо тэдгээр асуудлын талаар яригдахаа больсны дараа өөр зарим шалтгааныг гаргаж гүтгэлэг явуулаад байх шиг байна. “Эрдэнэс Тавантолгой” компаниас бүр албан ёсны бичиг гаргуулж авлаа. Тэр бичигт “Тендерийн шалгаруулалтыг хууль ёсны дагуу хийсэн. Тендерийн үнэлгээ хороо нь Монгол Улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу хэнээс ч хараат бусаар шалгаруулсан” гэв. Энэ мэт мэдээллийн шалтгааныг тэрээр улс төржүүлж буй байдал гэж дүгнэсэн бөгөөд “энэ мэт явдал хэрээс хэтэрвэл би зарим зүйлийг дэлгэж ярина гэж бодож байгаа” гэдгийг онцолсон юм.

17 тэрбумын тендерийн хэрэгт нэр холбогдоод байгаа талаар тодруулахыг хүсэхэд “Өнгөрсөн онд УИХ дээр Н.Алтанхуягийг унагаах зургаан шалтгаан гэж яригдаж байсан, харин одоо гурван асуудлаар унагаахыг оролдож байна. Үүний нэг нь “Эрдэнэс Таван толгой” тендерт намайг оролцсон гэж яриад байгаа. “Эрдэнэс Таван толгой”-гоос намайг энэ хэрэгт оролцоогүй гэсэн албан ёсны баримтаа өгсөн. Ер нь хээл хахууль, авилгатай тэмцэх нь амар хялбар биш гэдэг нь өдөр тутамд харагдаж байна. Тендерийн будлиан байгаа бол цаагуураа л шийдэг. Надад хамаагүй” гэв.

“Үндсэн хуулийг бид бүгдээрээ л байнга уншиж, үргэлж дээдлэн явах хэрэгтэй.

Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар хууль бусаар томилогдоод буцаж чөлөөлөгдсөн Б.Ариунсанг яагаад ТЕГ-ын даргаар томилов. Үндсэн хуулийн зөрчил гэвэл дахиад л энэ хүнээ цээжээрээ хамгаалах уу” гэсэн асуултад “Үндсэн хуулийг бид бүгдээрээ л байнга уншиж, үргэлж дээдлэн явах хэрэгтэй. Үндсэн хуулийг өөр нэгэн өнцгөөс нь тайлбарлаж намайг зөрчсөн гээд байх шиг байна. Тагнуулын Ерөнхий газрын даргыг томилох нь хувь хүний асуудал биш. Тодорхой итгэл хүлээж үүрэг үүрч байгаа хүнийхээ хувиар хийсэн томилгоо. Бүх асуудлыг олон нийтээр хэлэлцэж, долоон булчирхайг нь тоочоод байдаггүй мэдээ мэдээлэл байдаг” гэлээ.

 Харин хүүхдийн эрхийг хамгаалах талаарх асуултад “0-2 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн талаар төрөөс бодлого гаргаж байгаа. Тухайлбал, жирэмсний сүүлийн таван сар, төрсний дараах таван сарын тэтгэмжийг  хоёр нас хүртэл тэтгэмж өгдөг болгох хуулийн төсөл боловсруулж байгаа. Энэ бол хуулийн төслийн судалгааны шатанд яваа. Мөн эхчүүдийн жирэмсэний сүүлийн таван сард нь амин дэмийн нэмэгдэл өгөх асуудлыг шийдсэн. Ураг эхийн хэвлийд эрүүл өсөж торниход анхаарах цаг ирсэн” гэв.