“Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр
2013.06.06

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт Сэлэнгэ аймагт боллоо

Долоо хоног бүрийн пүрэв гаригт тогтмтол болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр Сэлэнгэ аймагт боллоо. Уулзалтад үндэсний хэмжээнд нийтлэл, нэвтрүүлгээ хүргэдэг телевиз, сонин, сайт болон Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцсон юм.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх зардалд 50 тэрбум төгрөг зарцуулна гэсэн ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ оны хувьд 50 биш, өмнөх жилүүдийн адил нэг тэрбум төгрөгт багтааж баяр наадмыг тэмдэглэнэ. Нийслэлийн төсөв болон Засгийн газрын нөөц хөрөнгө, тасалбар борлуулсны орлогоос санхүүжилтийг шийднэ гэдгийг хэлсэн юм.

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт Сэлэнгэ аймагт

Сэлэнгэ аймгийн "Миний Монгол" телевизийн сэтгүүлч Ерөнхий сайдаас орон нутгийн сэтгүүлчидтэй цахим хэлбэрээр уулзалт хийж, тэдний асуултад хариулж байхыг хүслээ. Мөн Алтанбулагийг чөлөөт бүс болгох ажил хэзээ жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлэх, нөхөн сэргээлт явуулах нэрийдлээр хууль зөрчсөн үйлдэл тус аймагт гарсныг хэрхэн шийдвэрлэх талаар  сонирхсон юм.

Орон нутагт орон сууцжуулах хөтөлбөр, 8 хувийн хүүтэй орон сууцны зээл хэрхэн хэрэгжихийг ч мөн тодруулсан. Сэлэнгэ аймгийн хувьд сүүлийн жилүүдэд шинэ орон сууц баригдаагүй ч, энэ оноос эхлэн орон сууцны барилга эрчимтэй баригдаж байгаа, дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгөө шийдвэрлэвэл 4 жилийн дараа 800 орчим айлын орон сууц ашиглалтад орох боломжтой юм байна.

Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хувьд зээлийн нарийвчилсан журам энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар тодорхой болж шийдвэрлэгдэнэ гэдгийг Ерөнхий сайд сэтгүүлчдэд дуулгасан юм.