Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандсан захидал
2011.08.19

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандсан захидал

Уур амьсгалын асуудал нь зөвхөн Засгийн газрын асуудал бус түүний бүх шатны  Засаг захиргааны нэгжүүдийн, ялангуяа хүн амын тал хувь нь оршин сууж буй нийслэлийн удирдлагуудын анхаарах асуудал юм.
Их хотын иргэдийн аж амьдрал, амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангахад таны оролцоо, шийдвэр нэн чухал тул таныг Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний нөлөөллийг бууруулах чиглэлд шинжлэх ухааны онон, мэдээлэлд тулгуурлан дэлхий дахины шилдэг арга туршлагаас санаа аван олон сайн үйлс  бүтээхийг уриалан дуудаж энэхүү захидлыг илгээж байна.

Засгийн газрын 2008-2012 онуудад хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Засгийн газрын зорилт нь эрдэс түүхий эдийн нөөцөд тулгуурлан улс орныхоо эдийн засаг, нийгмийн хурдацтай хөгжлийн боломжийг цаг алдалгүй бүрэн ашиглахыг  чармайж, Монгол Улс, монгол хүний хөгжлийг хангахуйц чадавх бүрдүүлэн иргэдийнхээ аж амьдралыг эрс сайжруулж, төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй байдлыг хангаж, бүх шатны төр, засгийн байгууллагын нэр хүндийг дээшлүүлж, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэн, улс үндэстний аюулгүй байдлыг баталгаажуулахад оршино” хэмээгээд үндсэн зорилтын 3 дахь бүлэгт Байгаль орчны тэнцвэрт харьцааг хангах” зорилт дэвшүүлсэн билээ.

Байгаль орчны тэнцвэрт байдал алдагдаж байна

Эх дэлхийн экосистемд гажуудал үүсч байгааг бид хөгжингүй орнуудын судалгааны үр дүн, өөрийн орны байгаль орчны сүүлийн 30-аад жилүүдийн ажиглагдхуйц өөрчлөлт, тандалт судалгааны үр дүнгээс харж болно. Дэлхийн хүн амын өсөлт, үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжил, эрчим хүчний хэрэглээ өссөнөөс үүдэн дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хий асар ихээр нэмэгдсэнээр дулааралт эрчтэй явагдах болжээ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэн ерөнхийдөө сөрөг үр дагавар бий болж, цаашид үргэлжилсээр байх төдийгүй эрчимжих хандлагатайн дээр тэр нь бүс нутаг, улс орны экологи, нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, ард иргэдийн аж амьдрал, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байгааг судлаачид тогтоогоод байна.

Уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд

Монгол орон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар, хор уршгаас ангид байгаагүй, харин ч газар зүйн байрлал, эх газарлаг шинж, агаар мандлын орчин урсгалын онцлог зэргээс хамааран уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дундаж хэмжээнээс 3 дахин илүү эрчимтэй явагдаж байна. Монгол улсын нийгэм, эдийн засгийн бүтэц, монголчуудын амьжиргааны хэв жаягаас шалтгаалан уур амьсгалын дулааралтад дэлхийн аль ч улс орноос илүү эмзэг, өртөмтгий болох нь нэгэнт нүднээ ил болж, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд батлагдаад байгаа билээ. Сүүлийн 30 гаруйхан жилийн дотор 700 шахам гол горхи, 1500 шахам булаг шанд, 1200 шахам нуур цөөрөм, 60-аад рашаан ширгэж үгүй болсны дээр мөнх цэвдэгтэй нутагт мөстлөгийн хайлалт эрчимжиж, 2020 онд 50 хувиар буурах эрдэмтдийн тооцоо гарсан байна.

Улсын маань нийслэл Улаанбаатарт байдал ямар байна вэ?

Өвлийн цагт утаа угаар хэрээс хэтэрч, хавар, зуны улиралд элэгдэж, зулгарсан газрын тоос хамар, амаар чихэж, хатан Туулын ус өдрөөс өдөрт багасаж, ширгэхийн даваан дээр тулж, хотын гудамж хогоор дүүрч, зүлэг ургах газар шарилжаар дүүрсээр байна. Хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, хороолол гудамж эмх замбараагүй болж, зам ачааллаа даахгүй түгжирч, эвдэрч элэгдэж, гэр хороолол нь шарилын газартайгаа хаяа нийлсэн баргар, бүүдгэр дүр зураг нүднээ харагдаж байна. Энэ бол бидний алдаа, бидний нүгэл.  Гэвч энэ бүхнийг засч залруулах боломж, бололцоо байгаа бөгөөд ачааны хүндийг үүрэх хариуцлагатай бөгөөд чухал үүрэг нийслэл хотын үе үеийн удирдлагад ноогдож ирсэн билээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар баримталж буй Монгол Улсын бодлогын баримт бичиг

Монгол улс НҮБ-ын гишүүн, дээрх конвенци, протоколд нэгдэн орсны хувьд ч, өөрийн орны тогтвортой хөгжлийг хангах, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө уур амьсгалын өөрчлөлтийг тогтворжуулах, бууруулах, дасан зохицох талаар Дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулах ёстой.

  1. Монгол Улсын Засгийн газраас Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Үндэсний хөтөлбөрийг 2000 онд батлан гаргасан. Энэ хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний нөлөөллийг бууруулах Монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, судлах чиглэлээр 2000-2005 онд богино хугацааны, 2005-2015 онд дунд хугацааны, 2015 цааших урт хугацааны стратегийг тодорхойлсон.
  2. Монгол Улсын Их Хурлаас 2008 оны нэгдүгээр сард Мянганы хөгжлийн зорилтот /MDGs/ тулгуурласан Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Уг баримт бичигт Монгол улсын хөгжлийг 6 тэргүүлэх чиглэлд тодорхойлсны 5 дахь чиглэлд нь байгаль орчинг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний нөлөөллийг бууруулах чиглэлээр стратегийн зорилтуудыг тодорхойлсон.
Бид юунаас эхлэх ёстой вэ?
  1. Дасан зохицох

Уур амьсгалын өөрчлөлт нь нэгэнт таамаг төдий зүйл байхаа болиод бодитоор нүүрлэх болсон энэ үед хот төлөвлөлтийн бодлогыг үе шаттайгаар цэгцэлж, гал түймэр, үеэр усны аюул, байгалийн гамшиг сүйрлээс ангид нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ нь зөв, тууштай бодлого, үйл ажиллагааны олон жилийн үр дүнд сая биеллээ олох билээ. Тэгвэл энэ бүхнийг өнөөдөр эхлэхгүй бол нэгэнт хүчээ авч буй үйл явц биднийг хүлээхгүй нь лавтай.

  1. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах

Хотын гудмаар зорчих авто машин болон цахилгаан, дулааны станцууд, гэр хорооллоос ялгарч байгаа утаа, тортгийг багасган агаарын бохирдлыг бууруулахад нэн тэргүүнд анхаарч, эргэлтийн шинжтэй, эрс зоримог, шийдэмгий арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг амьдрал Та бүхнээс шаардаж, хүлээж байна.

  1. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

Хотын ногоон бүсийг хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэний сайн дурын санаачилга, хөдөлгөөнийг дэмжиж, нийслэлийн ногоон бүсийн дэвсгэр нутгийг байгаль хамгаалах нөхөрлөлүүдэд гэрээгээр эзэмшүүлэх арга хэмжээ авах нь нийслэлийг хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах үндсэн арга болно.

  1. Мод тарьж тарьсан модоо заавал арчлан ургуулдаг болох нь нийслэлд шийдвэрлэх асуудлын нэг мөн.

Мод огтлох бус хамгаалах хэрэгтэй. Хотын гэр хорооллууд дээр дахин төлөвлөлт хийж, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барьж байгуулах замаар ногоон хотыг бий болгож, иргэдийн мод тарих, үйл ажиллагааг дэмжин ажиллах хэрэгтэй байна.

  1. Ундны цэвэр усны нөөц бүрдүүлэх. Усны эх булгийг хамгаалах асуудал нь өнөөдрийн Улаанбаатарчуудын эрх ашиг төдийгүй ирээдүйд энэ хотод хүн амьдрах эсэхийг шийдэх шалгуур мөн
  2. Хатан Туулаа хамгаалъя. Туул голын ай савд элс хайрга, бусад ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бүрэн зогсоож, нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг баталгаатай болгох, Туул голд аливаа бохирдол үүсэхгүй байх нөхцөлийг хангахын тулд хотын цэвэрлэх байгууламжуудыг яаралтай шинэчилж, цэвэрлэсэн усаа үйлдвэрлэлд эргүүлж ашигладаг тогтолцоо, механизмыг бүрдүүлэх шиг өнөөдрийн нөхцөл байдал Та биднээс нэхэл хатуутай шаардаж байна.

Ухаарагтун, ургуулан бодогтун, ул үндэстэй шийдэгтүн!

Монгол Улсын Их Хурлын гишүүн,
Засгийн Газрын гишүүн
Байгаль орчин, аялал жуулчлалын
Сайд Л.Гансүх

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.