Эрчим хүчний шөнийн тарифыг 20 төгрөг болгох санал боловсруулжээ
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн дэргэдэх "Иргэний танхим"-д өчигдөр нээлттэй хэлэлцүүллээ. Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрээд буй энэ үед Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй ажлын үргэлжлэл нь энэ. Гэр хорооллоор явж агаарын бохирдолттой танилцсан төрийн тэргүүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр агаарын бохирдлын асуудлыг хэлэлцүүлсэн билээ. Харин өчигдөр болсон нээлттэй хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, холбогдох яам, нийслэлийн удирдлага, төрийн бус байгууллагын төлөөлөл, Мянганы сорилтын сангийн төслийнхөн оролцлоо.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулгын танилцуулснаар "ҮАБЗ-ийн өнгөрсөн пүрэв гаригийн өргөтгөсөн хуралдаанаар нийслэлийн утаа, агаарын бохирдлын асуудлыг хэлэлцээд хууль гаргахаар тогтсон. Энэ хуулиар агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тэнд мөрдөх дэглэм, эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөлд хязгаарлалтын бүсэд Дэнжийн-1000 Зуун айл, III хорооллын арын гэр хорооллыг оруулаад байна. Шөнийн хөнгөлөлттэй цагт оройн 18.00 цагаас өглөөний 10.00 цаг гэж тусгаж байгаа. Одоогийн мөрдөж буй шөнийн үнэ тарифыг нь 50 хувь хөнгөлж, нэг киловаттыг 20 төгрөг болгох, дэд станц, тоолуурын найдвартай ажиллагааг хангах, төсвийн тодотголоор хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, УИХ-ын дэргэд агаарын бохирдлын эсрэг Үндэсний хороо байгуулах, утаагүй түлш хэрэглэж буй айл өрхөд хөнгөлөлт үзүүлэх, хууль зөрчсөн иргэн, албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлуудыг тусгалаа. Ирэх баасан гаригт УИХ-д өргөн барьж, чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлье гэсэн бодолтой байна" гэж байлаа. Түүнчлэн V цахилгаан станцыг барьж дуусгахаас өмнө үүссэн нөхцөл байдлыг давахын тулд "ОХУ-ын Галуут нуурын станцаас 40, дотоодоосоо 25-30 мегаваттын боломж бий болгох тооцоо бий. Ингэснээр 30 мянган өрхийг хамруулах нөхцөл бүрдэнэ. Мянганы сорилтын сангийн төслөөр гэрийн дулаалга, зуух, халаагуур хөнгөлөлттэй үнээр олгоно. V цахилгаан станцыг III цахил-гаан станцын буурин дээр байгуулах, ингэхдээ шуурхай хийвэл энэ ондоо эхний зуухыг ашиглалтад оруулах боломж бий" гэж тэрээр нэмж хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан агаарын бохирдолд хүүхэд хамгийн их хорддог тул нийслэлийн эргэн тойрны олон амралт, зусланд тэднийг амрааж байвал ямар вэ, эрүүл мэндэд бага асуудал гэж байдаггүй учраас ийм санал тавьж байна гэв. Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр шингэрүүлсэн хийн түлшний үйлдвэр мэт хувийн хэвшлийн хийж болох зүйлийн тоног төхөөрөмжүүдийг НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг оруулмаар байна гэсэн саналыг дэвшүүлж байлаа.