Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгоно
2010.11.17

Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгоно

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарсан. Энэ дагуу “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа.

Үүнтэй холбогдуулан гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхацсан алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн хэсэгт уул уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторингоос бусад үйл ажиллагаа явуулахыг зогсоолоо.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газартай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайн давхацсан хэсгийг цуцлах, нөхөх олговор олгохтой давхцаагүй хэсгийг хүчин төгөлдөр үлдээхтэй холбогдсон харилцааг журмаар зохицуулах юм.

Нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгах бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нэг удаа нөхөх олговор авах юм.

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нөхөх олговор авах хүсэлтийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авснаас хойш 2 жилийн дотор нөхөх олговрыг олгоно. Гэхдээ  тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусадтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийг билүүлээгүйн улмаас үүсэх зээл, төлбөрийг олгохгүй байхаар боллоо.

Нөхөх олговор олгосны дараа холбогдох баримтыг үндэслэн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цуцлах юм байна. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журмын хэрэгжилтэд хяналт тавьж, нөхөх олговор олгох ажлын явц, дүнг Засгийн газарт танилцуулж байхыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт даалгалаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.