Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
НББХ-ны хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Эдгээр багц хуулийн төслийг Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15, мөн 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдрүүдэд өргөн мэдүүлсэн бөгөөд үүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүдээс санаачилж 2021 оны дөрөвдүгээр сард өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын гишүүдээс 2023 оны тавдугаар сард өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцэж буй юм.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалыг олон давхаргат, бие даасан тогтолцоонд шилжүүлэх, сангийн хөрөнгийг зохистой удирдаж, алдагдалгүй ажиллуулахад чиглэсэн ерөнхий зохицуулалтуудыг тусгасан бөгөөд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, даатгуулах, шимтгэл төлөх, сан бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих бүхий л харилцааг зохицуулах юм.
Нийгмийн даатгалын тогтолцооны зарчим, даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, нийгмийн даатгалын сангийн хэтийн тооцоолол хийх, сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах мэргэжлийн хороо ажиллуулах зэрэг шинэ зохицуулалтууд ч тусжээ.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэвэрт гарах насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлэх, тэтгэврийн хэмжээг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 60 сар буюу таван жил болгох зэрэг асуудлыг тусгасан байна. Хууль батлагдсанаар тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиас бусад хуульд заасан тэтгэвэр тогтоох нөхцөлийг энэ хуульд нэгтгэснээр хууль хоорондын зөрчил арилгах, даатгуулагчийн нийгмийн баталгаа хангагдах зэрэг эерэг үр дагавар бий болох юм.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор, харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр, мөн бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтэний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 66 хоног байгааг 132 хоног болгож нэмэгдүүлэхээр заагаад байгаа юм. Ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдийн тэтгэмжийг 20 хоног нэмэгдүүлэн олгох, ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг бодох хувийг нэмэгдүүлэх, ажил олгогчид таван жилд нэг удаа 10 хувиар шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байсныг гурван жилд нэг удаа 15 хувиар үзүүлэх зэрэг сайжруулалтыг оруулж буй юм.
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үйлдвэрлэлийн ослын улмаас сул зогссон хугацаанд, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтнаа тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд даатгалын шимтгэлээс чөлөөлөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын хоёр хувиас ихгүй байх, тэтгэвэр авагчийн протез, ортопедын үнийг таван жилд нэг удаа 100 хувиар, дараагийн удаа 50 хувиар тооцон даатгалын сангаас хариуцаж байсныг гурван жил тутамд 100 хувиар хариуцах зэрэг зохицуулалтууд тусаж буй юм. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчийн шимтгэлийг гурван жилд 10 хувиар хөнгөлж буйг 15 хувь болгон нэмэгдүүлж, даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй болгох зохицуулалтуудыг тусгасан байна.Харин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд уг үйл ажиллагаа сайн дурын шимтгэлд суурилсан бүрэн хуримтлалын байх үйл ажиллагаа, засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байх, өвлөгддөг байх зарчмыг суулгаад байгаа юм.
Хувийн тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой бүхий л харилцааг зохицуулах бөгөөд энэ хууль батлагдсанаар иргэд өөрийн хуримтлалаас тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотект зориулах, санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэх юм.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлдэх санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ахалж ажилласан юм. Ажлын хэсэг Булган, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай зэрэг 10 гаруй аймаг, Улаанбаатар хотод нийгмийн бүх төлөөллийг хамруулсан долоон хэлэлцүүлгийг хийж, нийт 6000 гаруй иргэдтэй уулзаж, санал авсны зэрэгцээ D-Parliament цахим системээр 21 000 иргэнд хуулийн төслийг танилцуулж, 1300 санал хүлээн авчээ.Байнгын хорооны дарга П.Анужин Ажлын хэсгийн санал дүгнэлтийг танилцуулав.
Ажлын хэсэг, ажил гүйцэтгэх болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан зөвхөн тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд хамрагдах, үндсэн ажлын хажуугаар хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, тэдгээртэй адилтгах гэрээгээр ажиллаж байгаа ажилтан зөвхөн тэтгэврийн даатгалд хамрагдах, мөн, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн ажил олгогч, даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлж, Байнгын хороонд ирүүлэх, Байнгын хороо нэр дэвшигчийн нээлттэй сонсгол явуулж, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах, хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарч буй даатгуулагчийн нөхцөлийг хэвээр үлдээх, хортой, халуун нөхцөл болон газрын доор ажиллаж байгаа даатгуулагчийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхгүй байх, тэтгэврийн хэмжээг инфляцтай уялдуулан жил бүрийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлж байх, тэтгэврээ дараалсан зургаа болон долоон жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаар бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг таван жилийн орлогоор нь тооцон нэг удаа шинэчлэн тогтоох, Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төслүүдийг нэгтгэхийн зэрэгцээ Зөвшөөрлийн тухай хуультай нийцүүлэх зэрэг санал гаргасан байна.
undefined
Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут хувийн даатгалд хамрагдсан ажилтан ажлаа сольж, өөр байгууллагад шилжин ажиллахад даатгал нь тасалдах ч юм уу, очсон байгууллагад нь хувийн даатгалын хөтөлбөр хэрэгждэггүй байх зэрэг асуудал үүсэхээс хэрхэн сэргийлэх, хувийн даатгалд тогтоосон хязгаарлалтууд ямар ач холбогдолтой, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нийгмийн даатгалын хуваарилалтын тогтолцооноос хэзээ хагас хуримтлал болон бүрэн хуримтлалд шилжих, улсын төсөв болон нийгмийн даатгалын сан дээр ирэх ачаалал хэр нэмэгдэх, хуулийн төсөл төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлоготой нийцэж байгаа эсэх, хамтын тэтгэврийн хэмжээ, шалгуурыг хэрхэн тогтоосон, нэрийн дансыг хэрхэн мөнгөжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хагас хуримтлалын 2.0 хувийг төвлөрүүлэх нэрийн дансны сангийн хөрөнгийг хөрөнгийн зах зээлд оруулах эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг малчдын тэтгэвэр, тэтгэмжийг хэрхэн шийдвэрлэх, уурын зуухны галчийн ажлын нөхцлийг хуульд тодорхойлсон эсэх зэрэг асуудлыг хөндсөн юм. Улсын Их Хурлын хурлын гишүүдийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч А.Хишигбаяр, Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Ренчиндорж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг нарын зэрэг Ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв.Хувийн нэмэлт тэтгэврийн хөрөнгийг шилжүүлэх нөхцөл шаардлагыг журам болон гэрээнд нарийвчлан зааж зохицуулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа бөгөөд ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны төлөх шимтгэлийн дээд хэмжээ нь сарын нийт шимтгэлийн хэмжээний 50.0 хувиас, шимтгэлийн сарын нийт дүн нь тухайн ажилтны сарын үндсэн цалингийн 20.0 хувиас тус тус хэтрэхгүй байх хязгаарлалтууд нь ажилтныг хамгаалсан зохицуулалтууд юм.
Монгол Улсын хөгжлийн урт хугацааны “Алсын хараа-2050” хөтөлбөрт, 2040 он гэхэд нийгмийн даатгалын бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжихээр тусгасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг энэхүү урт хугацааны хөгжлийн хөтөлбөртэй нийцүүлэн хэрэгжүүлж ажиллах юм. Хуулийн төсөл батлагдан, мөрдөгдөж эхэлсэн цагаас хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ. Үүнийг нийгмийн даатгалын шимтгэлийн 2.0 хувийг нэрийн дансанд төвлөрүүлэх замаар эхлүүлэх юм. Багц хууль батлагдан, 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжинэ гэж тооцвол 470.0 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэх юм. Үүний 369.3 тэрбум төгрөгийг хагас хуримтлалын тогтолцоонд шилжих буюу шимтгэлийн 2.0 хувийг мөнгөжүүлэхэд зарцуулагдах юм.
Гэр бүлийн хоёр хүний нэг нь өөд болох юм бол тэтгэврийнх нь 20 хувийг үлдэж байгаа хүнд нэмэгдүүлж олгохоор төсөлд тусгасан байна. Хэрэв гэр бүлийн хүн тэтгэвэр тогтоолгоогүй байхдаа өөд болвол түүнд тогтоогдох байсан тэтгэврийн 20 хувийг үлдэж байгаа хүнд нэмж олгох боломж нас барснаас нь хойш таван жил хадгалагдахаар заажээ. Энэхүү хамтын тэтгэврийн зохицуулалтад багадаа 10 жил тогтвортой хамт амьдарсан байх шалгуур тогтоосныг хэт богино хугацаа гэж үзэж буйгаа Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг илэрхийлэв.Түүнчлэн Ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар, хагас хуримтлалын санд төвлөрөх шимтгэлийн 2.0 хувийн хөрөнгийг зохицуулалттай зах зээлд арилжаалагдаж байгаа Засгийн газрын бонд, үнэт цаас зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү оруулах боломжит хувилбаруудыг Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран судалж байгаа аж.
Хагас хуримтлалын сан жил тутам 370 тэрбум төгрөгөөр нэмэгдээд явах юм. Үүнийг хэрхэн захиран зарцуулах талаарх Хуримтлалын сангийн тухай хуулийн төслийг Баялгийн сангийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ярив. Харин малчдыг нийгмийн даатгалд хамрагдахыг дэмжих зорилготой тав хүртэл жилийн шимтгэлийг өөрөө хариуцан төлж байгаа малчны төлөх шимтгэлийн 50 хувийг нь төрөөс хариуцах зохицуулалт хуулийн төсөлд туссан байна. Мөн 2025 оноос хөдөлмөрийн хүнд нөхцлийг байхгүй болгохоор зохицуулсан байна. Харин уурын зуухны галч нар улирлын чанартай ажилладаг тул хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамруулдаггүй гэсэн тайлбарыг Ажлын хэсгийн гишүүд хийсэн юм.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд 26, дагасан хуулийн төслүүдэд ес, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд 15, дагасан хуулийн төслүүдэд хоёр, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд 11, дагасан хуулийн төслүүдэд нэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөлд 21, дагасан хуулийн төслүүдэд хоёр, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн болон Зөвшөөрлийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд 45, нийт 132 зарчмын зөрүүтэй санал боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг зүйл, заалт бүрээр хэлэлцэж, Ажлын хэсгээс боловсруулж оруулж ирсэн зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураав.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөлд сангийн чөлөөт үлдэгдлээр санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах олон нийтийн хяналтын зөвлөл ажиллахаар, мөн уг зөвлөлд урамшуулал олгохоор тусгасныг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг санхүүгийн хэрэгсэлд оруулах үйл ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих ёстой гэсэн байр суурьтай байсан юм. Мөн тэрбээр, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс бүсийн болон хээрийн нэмэгдлийг хассан нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлээд, шимтгэлийн 2.0 хувиар хуримтлал үүсгэх, нэрийн дансыг мөнгөжүүлэх хоёр бол өөр ойлголтууд гэдгийг тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Хөдөлмөрийн тухай хуульд цагийн ажил, дадлагажигч ажилтны хөдөлмөр, тэдгээрийн цалин хөлсний асуудлыг оруулснаас нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дээр хүндрэл үүсээд байгааг хэрхэн шийдвэрлэх тухай асууж, хариулт авлаа.