2023.01.12

Ж.Батжаргал: Нийгмийн даатгалын шимтгэлийг олон жил төлөх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Хүмүүсийн амьжиргаа, ирээдүйн баталгааг хангахад чиглэсэн багц гол хууль. Миний хувьд ийм хэд хэдэн санааг бодоод байгаа юм. Хүн аль болохоор тогтвортой олон жил нийгмийн даатгалын шимтгэл төлөх сонирхол, механизмыг бүрдүүлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Ингэж ирээдүйн баталгаагаа найдвартай хангаж явах боломж нь бүрдэх ёстой юм. Хуулийн үзэл санаа нэгдүгээрт ийм байх хэрэгтэй.

Хоёрдугаарт нийгмийн даатгалын сан, нэрийн данс өөрөө мөнгөжих ёстой. Эв санааны нэгдлийн тэтгэвэрийн тогтолцоотой явсан улсууд гэж яриад байна. Үнэн. Энийг тооцвол 12-13 жилийн асуудал байгаа юм. Нийгмийн даатгалын орлого 3 зүйлээс бүрдээд байгаа шүү дээ. Үүнд ажил олгогч, даатгал төлөгч, төрөөс санхүүжиж байгаа. Энэ хууль батлагдаад гарсанаас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөгчдийн мөнгийг нэрийн дансанд нь мөнгөжүүлж оруулах, эв санааны нэгдлээр өмнөх тэтгэвэрээ авч байгаа улсуудыг авахдаа инфляцын түвшингээс багагүй хүүгээр тэр сангаас нь төр авч, тэтгэвэр, тэтгэмжийг нь тавьдаг тогтолцоо руу шилжих ёстой.

Тооцоход 3.7 их наяд төгрөгний тэтгэвэр тавьж буй. Тэгэхээр төр өөрийнхөө гаргаж байгаа хэсэг дээр тооцоололтынхоо дүнг үзэхэд 1.7 орчим их наядын мөнгө тухайн жилд зээлээд явах юм байна. Энэ нь үндсэндээ 10 жилийн цикл яваад үүнээс хойш нэрийн дансныхаа хэвийн үйл ажиллагаа руу шилжиж болно гэж хараад байгаа. Үүнийг та нар хуулийнхаа төсөлд яаж тооцсон бэ?

Цалин тэтгэвэр, тэтгэмж инфляцын түвшинтэйгээ уялдаж автоматаар тухайн жил бүртээ хөдөлж явдаг хууль зүйн зохицуулалтыг бид хийх ёстой. Тэрнээс тэтгэвэр нэмэх тухай асуудлыг байн байн яриад байдаг биш. Хүний мөнгийг байгаа түвшинд нь худалдан авах чадварт байлгах зохицуулалтыг хийх ёстой.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.