Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс хойш хуралдаж Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж чуулганы хуралдаанд оруулахыг зуун хувь дэмжлээ.
УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнд үндэслэн шинээр байгуулагдсан УИХ-аар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан Засгийн газрын бүтцэд ажиллах яамд, Засгийн газрын гишүүдийн эрхлэх асуудлын хүрээг шинэчилэн тодорхойлсон. Энэ хуулийн өөрчлөлтийн дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам гэсэн хуучин нэр Хөдөлмөрийн болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болж эрхлэх асуудлыг шинээр тогтоогоод байгаа билээ.
Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д “хөдөлмөрийн” гэснийг “нийгмийн хамгааллын” гэж өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн хамгааллын бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрийн төлөөллийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд тоимлуулах хууль эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд нийгмийн даатгалын үйл ажиллагааг улсын түвшинд хэвийн, тогтвортой хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.