2021.05.13
С.Одонтуяа: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудлыг дэмжихгүй
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.05.13/ хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
"Өнөөдөр иргэд болон аж ахуйн нэгж хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж, зарим нь зогсож хаалгаа барьсан энэ хүнд нөхцөлд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь утгагүй асуудал юм.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын тооцоолсноор сая нэг зуу орчим цалинтай хүний 34,7% нь бүх төрлийн татвар шимтгэлд зарцуулагдаж байна гэсэн тооцоо байна.Энэ нь тухайн иргэний гар дээр мөнгө үлдэхгүй болж байгаа гэсэн үг юм. Нөгөө талаар НДШ-ийг нэмэгдүүлснээр үр ашиггүй зарцуулагдаж буйг бид ойлгосон шүү дээ. Татвар нэмээд үр ашиг гарч байвал өөр хэрэг, гэвч үр ашиггүй, хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна. Тийм учир татвар нэмэх нь буруу гэж үзэж байгаа юм.
Түүнчлэн шимтгэл нэмэхийн оронд тогтолцооны гажгийг засах хэрэгтэй бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн шинэчлэлийг хийж, иргэдэд бодитойгоор хүрэх шинэчлэлийг бий болгох нь зүйтэй.
Сүүлийн 4 жилийн дотор Нийгмийн даатгалын шимтгэл 5% -аар нэмэгдсэн нь иргэдийн орлогыг 10% -аар бууруулсан байна. Тиймээс энэ асуудлыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна.
Мөн манай улс асар их байгалийн баялагтай ба зэсийн үнэ дэлхийд байгаагүй хэмжээгээр өссөн. Үүнтэй холбоотойгоор боломж их байгаа цагт иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлж хүндрүүлэхээ болих хэрэгтэй.
Нийгмийн даатгалын шимтгэлийг 2% бууруулахаар төсөвт дарамт үүсэх үү? Хэрхэн шийдэх талаар хууль санаачлагчидаас асуумаар байна.
Дэлхийд өндөр татвар төлдөг улс орнууд үр ашигтай зарцуулагдаж байгаа бол татгалзахгүй төлдөг юм. Харин манай улсад татвар бага биш харин ашиггүй зарцуулагдаж байгаад иргэд бухимдаж байна. Иймд асуултын хариугаа авая."
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Хууль санаачлагч Т.Энхтүвшин хариуллаа.