2021.05.11
С.Чинзориг: Цар тахлын үед 750 орчим тэрбум төгрөгийн НДШ-ийн хөнгөлөлт үзүүлсэн байна
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
"НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэр 2017 онд ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой шийдвэрлэгдэж байсан. Гэхдээ НД-ын сан алдагдалтай байсан учраас нэмэгдүүлсэн гэж ойлгодоггүй. 2008 онд АН 4/10-ын бодлого хэрэгжүүлж НДШ-ийг 5 хувиар огцом бууруулсан. Үүнээс шалтгаалан НДС-ийн алдагдал нэмэгдэж, орлого буурсан тул ОУВС-аас 1995 оноос хойш байсан хэмжээнд хүргэх шийд гарсан гэж ойлгодог.
Цар тахлын үед ажлын байр хадгалах, ажилтны орлогыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар тодорхой арга хэмжээ авч байгаа. 2020 онд НДШ-ийг 6 сарын хугацаатай 100% чөлөөлсөн. 10 дугаар сарын 1-ээс 3,5%-иар чөлөөлсөн. 2021.01.01-ээс тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2% чөлөөлөөд явж байна. 2020 онд 6 сарын хугацаатай НДШ төлж байгаа хувийн хэвшлийн ажилтанд 200.000 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн гээд нийт 750 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт НДС-аас үзүүлсэн. Цар тахлын үед их чухал шийдвэр болсон.
Гишүүдийн энэ хуулийн зарчмыг дэмжиж байна. Бид өнгөрсөн онд Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад төсвийн орлого зарлагын бүтцийг өөрчлөхгүй байх, залага болон алдагдлыг нэмэхгүй гэж заасан. Төсвийн тухай хуульд төсвийн жилийн дундуур орлого, зарлага нэмсэн шийдвэр гарсан бол төсвийн дараа жилээс хэрэгжүүлнэ гэж байгаа. Тиймээс хууль зөрчилдөнө. Нэгэнт ингэж шийднэ гэж байгаа бол хуулиа дагалдуулан тогтоол гаргах хэрэгтэй.
Нэгэнт чөлөөлөлт эдлүүлэх юм бол 7 сарын нэгэн бус энэ оны 1 сарын 1-ээс гэж заах хэрэгтэй. Төсвийн байгууллагууд, Төрийн өмчит компаниуд НДШ-ээ нэмэгдэлтэй төлөөд явж байгаа. Ялангуяа ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмнэлгийн байгуулагын ажилтнуудын шимтгэлийг 1%-иар ч гэсэн чөлөөлчих хэрэгтэй. "
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn