Баянзүрх дүүрэг бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ
Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит X хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаар 11 асуудал хэлэлцэв.
Эдгээр асуудлаас онцолбол, насанд хүрээгүй хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр баталлаа.
Баянзүрх дүүрэг нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг.
Тэр ч утгаараа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг. Сүүлийн 4 жилд улсын хэмжээнд насанд хүрээгүй хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг огцом өссөн үзүүлэлт бий.
2022 онд Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албаны Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах тухай мөрдөгчийн мэдэгдэл 5 удаа ирсэн бөгөөд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдэгдсэн бэлгийн хүчирхийлэл үйлдэгдсэн талаар агуулгатай байсан нь үүний эсрэг арга хэмжээ авч, анхаарах цаг ирсэн гэдгийг харуулж байгаа юм.
Баянзүрх дүүргийг 2030 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн зураглал 2030” бодлогын баримт бичгийн тавь дахь зорилго бол “Тогтвортой засаглалтай, амьдрахад аюулгүй дүүрэг болох” зорилтыг тусгасан.
Мөн 2023 оныг Баянзүрх дүүргийн хэмжээнд “Хүний хөгжлийн жил” болгон зарласан билээ.
Эдгээр зорилттой уялдуулан Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хариуцан дүүргийн хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлж, үр дүнг тооцон тайлагнаж, шаардлагатай үйл ажиллагааг хөтөлбөрийн хүрээнд санаачлан ажиллахаар боллоо.
Хөтөлбөрийн эхний үе шатыг 2023-2025 онд, хоёрдугаар үе шатыг 2026-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд дүүргийн төсөв хөрөнгөөс гадуур төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаадын төсөл хөтөлбөрүүдээс санхүүжүүлэх юм.
Х ээлжит хуралдааны үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга болон ДИТХ-ын даргын 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцаж, Төлөөлөгч нарын олонхын саналаар “хангалттай” гэсэн үнэлгээ өглөө.
Хурлын төгсгөлд ДИТХ-ын Төлөөлөгч хүнд өвчний улмаас таалал төгссөнтэй холбоотойгоор “Нөхөн сонгууль зарлах тухай” асуудлыг хэлэлцэж, Төлөөлөгч нарын олонх дэмжээгүй тул нөхөн сонгууль явуулахгүй байх тогтоолыг баталлаа.